Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж

нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч Б.Жавхаа, түүний өмгөөлөгч Ц.Нарантуяа,   

шүүгдэгч Ү.С, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Ү.С-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 3077 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ү.С, 1973 оны 11 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 46 настай эмэгтэй, тусгай дунд боловсролтой, лаборторич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 51-59 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар / СИ73110302/, 

 

Шүүгдэгч Ү.С нь шунахай сэдэлтээр 2015 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын 09-ний хооронд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах газар дээр Б.Жавхаатай 3 удаа 178.000.000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй, 148.495.545 төгрөгийн хохирол учруулсан буюу уг барилгын ажлыг дахин өөр этгээдээр бариулан ашиглалтад оруулж, Б.Жавхаагийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь төлөлгүй залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ү.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Би Жавхаагийн сайтыг мэдэхгүй. Зар сонинд барилга барина гэсэн дугаар байхаар нь би залгаад эгчид нь зоорийн давхар нь баригдсан барилга байгаа гэж хэлсэн. Ингээд маргааш нь Жавхаа очиж үзье гэсэн. Бид хамтдаа очиж миний суурь хундам цутгасан барилгыг харсан. Жавхаа надад би ийм барилга барьдаг гээд өөрийнхөө цайз хавиар барьсан барилга, Нарантуулын тэр хавьд барьсан хоёр ч барилгаа харуулсан. Би эгчид нь барилга барих мөнгө байхгүй ээ, болдог бол би зарчихмаар байна гэж хэлж байсан. Тэгэхэд Жавхаа би шийдээд тань руу хэлье гэсэн. Дараа нь надтай уулзаад эгч би ямартай ч таны барилгыг үргэлжлүүлж байя гэж хэлсэн. Жавхаагийн ярьж байгаа шиг надад Японоос хөрөнгө оруулж ирнэ гэсэн юм байхгүй. Эгч нь банкны зээл хөөцөлдье, банкнаас л хөрөнгө оруулалт олъё гэж хэлсэн. Гэрээ хийсэн гэж хэлж байна. Гэрээг би хийгээгүй, би банкныхаа зээлийг хөөцөлдөөд явж байсан. Ингээд л нэг өдөр ирээд миний ард 2,3 хүн байдаг. Намайг чи ийм гэрээгүй ажил хийлээ гээд загнаад болохгүй байна. Эхний гэрээ буюу 50.000.000 төгрөгийн гэрээн дээр би татгалзаагүй шууд зурсан. Хоёр дахь гэрээг хийхэд би ийм ойрхон гэрээ хийж болох юм уу гэхэд Жавхаа нь эгчээ би таньд дуусгаж өгөх нь ойлгомжтой юм чинь зурчих гэсэн. Ингээд би гэрээн дээр татгалзаагүй гарын үсэг зурсан. 3 дахь гэрээн дээр манай нөхөр надад чи юун дээр гарын үсэг зураад байнаа, наад залуугийн чинь явж байгаа материал чамд танилцуулсан юм байна уу гэсэн. Надтай 3 гэрээ хийхэд нэг ч падаан танилцуулаагүй, мөртлөө эрүүгийн хэрэг үүсгэхэд баахан падаан цуглуулаад ирчихсэн байсан. Жавхаагийн хийсэн ажил бол 10Х12-ийн харьцаатай байшингийн нэг давхар, хоёр давхрын дам нуруу, карказ л босгосон. Гурав дахь давхраас нь би ингээд болохоо байчихлаа би хөрөнгөгүй болчихлоо гэсэн. Жавхаагийн өмгөөлөгчийнх нь ярьж байгаагаар би өдөж гэрээг хийсэн болоод байгаа. Би Жавхаагийн хувьд муу хүн байж болно. Гэхдээ би өөр хүний хувьд өөр хүн шүү. Би үнэнээрээ явж байгаад энийг дуусгана. Би Жавхаа шиг эмэгтэй хүнээс хэдэн төгрөг авахын тулд ичихгүй, ийм аймар зүйл анги сонсгоод зогсож байдаг хүн байдаг юм уу? Тухайн үед би 2, 3 банкинд хандсан. Гэтэл банк надад 4 дүгээр сарын 15- наас 10 дугаар сарын 15 хүртэл барилгын зээл өгдөг одоо хугацаа нь дууссан тул би зээл авч чадаагүй. Жавхаа 2015 оны 11 дүгээр сарын 12-нд ажлаа хаяж явчихаад 12 дугаар сарын 12-нд надад эрүүгийн хэрэг үүсгүүлчихсэн байсан. Газрын эзэмших гэрчилгээг би газрын албанд үзүүлье гэж ерөөсөө аваагүй. Жавхаа надаас газрын гэрчилгээг авахдаа таныг хүмүүс элэг бариад зээл өгөхгүй байна. Та надад газрынхаа гэрчилгээг өгчихөө, намайг таньдаг Канадууд байдаг гэж хэлсэн. Би сендвичэн барилгууд хийдэг гэж хэлэхээр нь би за тэгвэл болж л байвал хамаа алга гээд бид хоёр нотариат дээр очсон чинь ийм эзэмшил газар хийдэггүй гээд хийгээгүй. Тэгээд хоёр дахь нотариатаар гэрчлүүлсэн. Сар гаруй газрын гэрчилгээг өөр дээрээ байлгахаар нь би Жавхаад газрын гэрчилгээ хамгийн хэрэгтэй юм байдаг юм байна. Газрын гэрчилгээ байж надад зээл олгох юм байна. Чи эгчдээ газрын гэрчилгээгээ өгчихөө. Чи хөрөнгө оруулалтаа олж чадсангүй гэхэд надад дуртай дургүй газрын гэрчилгээг эргүүлж өгсөн. Би газрын гэрчилгээгээ Жавхаад барьцаанд өгсөн байсан бол надад өгөх байсан уу? тэгэж худлаа ярьж болохгүй. Өөр хүнээр намайг бариулсан гэж байна. Үгүй ээ. 2016 онд миний зээл бүтэхэд би хамгийн түрүүнд Жавхаа руу ярьсан. Гэтэл Жавхаа утсаа аваагүй. Дараа нь барилгын ажил эхлээд байж байхад барилга дээр ирээд зодоон цохион болгож бөөн юм болсон. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Жавхаад чиний үнэлгээнд 60.000.000 төгрөг өгье барилгыг адилхан л хувийн компаниуд үнэлдэг гэж хэлсэн. Барилгын хөгжлийн төвийн хийсэн үнэлгээ болохоор барилга дууссаны дараа хийгдсэн үнэлгээ. Би хавтаст хэргээ сайн үзэлгүй явсан нь миний буруу байсан байна. Бодит зураг энд байна. Энэ зурагнаас харахад дүүргэлтийн блокыг би өөрөө авсан, энэ цонхнуудыг би өөрөө авсан. Дотор талын карказны дам нурууг энэ хүн босгосон нь үнэн. Өнөөдөр арматур төмөр 1.800.000 төгрөгийн ханштай байна. Гэтэл тухайн үед арматур төмөр 700.000-800.000 төгрөгийн ханштай байсан. Өнөөдөр нэг давхарт 5 тонн арматур орсон. 2, 3 давхар ижил байсан. Би яагаад энэ хэмжээг өөрөө бодсон бэ гэвэл 3 давхарт очиход Жавхаа миний мөнгө дууссан гэхээр 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний өгсөн мөнгөөр 3 давхрыг босгосон. Тэрнээс хойш ямар ч зүйл хийгээгүй, гэрээ хийлгэж аваад л ажлаа хаяад явсан. Би Жавхаатай Монгол хүний ёсоор зөв дуусгая, чи эгчдээ байнга эрүүгийн хэрэг үүсгэхээр эгчид нь хэцүү байнаа. Тэгээд миний юмыг битүүмжлэчихээр би бүүр хөдөлж чадахгүй байна. Чи үнэхээр ийм байвал хоёулаа иргэний шүүхээр тохиръё, үнэ ханшаа хамтдаа тохирчихъё гэхэд Иргэний хэргийг шүүх гэдэг юмуу чамд Эрүүгийн хэрэг үүсгэж байж л чамаас мөнгөө авна гэж хэлсэн. Сан, цахилгаан, тог, дотор талын засал гээд хамгийн гол юман дээр сүүлийн компани дуусгахад надад 150.000.000 төгрөгөөр л дуусгаж өгсөн. Гэтэл Жавхаагийн босгосон нэг, хоёр давхрын дан карказ, дам нуруунд 178.000.000 төгрөг нэхэх нь арай л хэцүү байна. Жавхаа нь Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгонгуут чиний талын прокурорууд, та нар Сгийн талд ороод байна уу гэдэг. Үнэндээ надад бол энэ хүнээс авсан мөнгө алга. Зуурмагийн цутгалт 128-тай байхад 158-аар бодсон байсан. Арматурын төмөр нь 800-тай байсан байхад маш өндөр үнээр бодсон байсан. Жавхаа надаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, цалингийн өртөг нэхэмжилж байгаа бол татвараа төлсөн баримтыг нь би нэхмээр байна. Хохирогч барилга дээр  1 сар, хэдхэн хоног ажилласан. Би дансных нь хуулгыг үзмээр байна. Би Монгол хүний ухаанаар Жавхааг даврааж өдийг хүргэсэн. Үнэлгээн дээр ус гэхэд 1 литрыг нь 1000 төгрөгөөр бодсон үнэлгээ байгаа. Гэтэл манай худагнаас л ус авч байсан. Уулын элс гэж ямар элс юм бэ? төмөр шат гэж юу юм бэ?  ямар ч төмөр шат хийгээгүй шүү дээ. Жавхаа нь нэг ширхэг ч цемент аваагүй, мод, тоосго, тэнд модоор тоосгоор юу хийсэн юм бэ? паркет гэнээ Жавхаа ажлаа дуусгаагүй намайг хаяад явсан. Захиалгын банз гэж яриад байна гэтэл нэг ширхэг банз авчирч байгааг нь хараагүй. Бадамчулуун гэж барилгын гавъяат эдийн засагч хүн надад барилгачид оруулсан барилгаа заавал нэг нугалдаг гэж барилгачдын өөрсдийнх нь бичигдээгүй хууль байдаг гэсэн. Тэгээд үнэлгээг 83.100.000 мянган төгрөгөөр гаргасан байгаа. Барилга хөгжлийн төв адилхан л төсвийн компаниар үнэлгээ гаргуулдаг. Сүүлийн шүүх хуралдаан дээр Барилга Хөгжлийн Төвөөр үнэлүүлмээргүй байна гээд буцаасан. Хоёр үнэлгээ нь хоёр өөр гарчихаад явж байна гэхэд байцаагч нь намайг мөнгө тушаа гэж сандаргаж байхад Барилгын Хөгжлийн Төвийн хүн ирсэн байсан. Ахиад л Барилгын Хөгжлийн Төв нь урьд нь үнэлж байснаас ахиад 7.000.000 төгрөгөөр илүү үнэлчихээд яваад өгсөн. Би энэ хүнд эгч нь их мөнгөтэй шүү, чи энийг дуусгаад өгчих гэж хэлээгүй. Худлаа гүжирдэлт явуулаад, итгэл эвдсэн гэдэг. Би Жавхаагийн итгэлийг нэг ч өдөр эвдээгүй. Монгол хүний ухаанаар сайхан зан гаргаад дуусгасан бол дуусгаж болох байсан. Барилгын Хөгжлийн төвийн гаргаснаар барилгын материалын зардал 74.327.000 төгрөг гэсэн байгаа, машины зардал 5.390.000 төгрөг гэж байна гэтэл портерийн зардал хэзээ ч ийм зардал гарахгүй, дээрээс нь нэмэгдэл зардал гэж юу юм бэ?  ашгийн 15 хувь битгий хэл 5 хувилаад хийчихсэн байгаа. Батлагдаагүй зурган дээр үнэлгээ гаргасан.  Би ажлын зураг хийгдэж байгаа гэхэд Жавхаа надад ийм муу жижигхэн байшинд ажлын зургаар яадаг юм бэ? гэж байгаад л эхлүүлсэн. Дараа нь ажлын зураггүй бол болохгүй юм байна гээд сандаргахаар нь би хувь хүнээр зураг зуруулсан. Тэгээд аваачиж өгсөн зургаар үнэлгээ гаргачихсан. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

     Шүүгдэгч Ү.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх намайг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Би хохирол төлбөрийг төлөх 5 хоногийн завсарлага авах хугацаанд хохирлыг бүрэн төлж чадахгүй байна. Хохирогч Жавхаагийн хохирлыг 2 сарын хугацаанд нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байна. Одоо 3 сая төгрөгийг бэлнээр авчирсан байна. Энийг хохиролд төлөх хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Б.Жавхаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлхдээ: “Би Стай анх 2015 оны 09 дүгээр сард уулзсан нь үнэн. Барилга бариулмаар байна гэсний дагуу бид хоёр  газарт нь очиж үзсэн. С нь тухайн үед Японоос хөрөнгө оруулалт хийнэ гэж надад хэлсэн. Энийг гэрчлэх баримт нь Сгийн талын Саруултуяа, Аюурзана нарын мэдүүлэгт байгаа.  Барилга эхлэхэд гэрээ хийгдсэн он сар өдөртэйгөө байж байгаа. Эхлээд хийсэн гэрээг зөвшөөрсний үндсэн дээр дараа дараагийн гэрээ хийгдсэн. Залилах юмаа анхнаасаа бодсон байсан учраас, өөрөө уншиж, бичээгүй, бичиг үсэг тайлагдаагүй гэдгээр нэг мэдүүлэг өгөөд л худлаа үнэн хэлж явсан. Би гарын үсэг зураагүй гээд гарын үсгэн дээр хүртэл шинжээчийн дүгнэлт гаргуулж байсан. Хамгийн сүүлийн гэрээ нь дээр ийм ийм ажил хийгдсэн одоо тэдэн төгрөг өгнө гэсэн гарын үсэг байгаа. Хаяж явсан гэж яриад байх юм хаяж явсан зүйл байхгүй, цаашаа гэрээ хийгдсэн зүйл байхгүй учраас ажил зогссон. Би цаашаагаа үргэлжлүүлэн ажиллаж, өч төчнөөн сая төгрөгөөрөө дахин хохирох ёстой байсан юм уу? Гэрээ хийгдээд баригдаад явж байх үед миний Эрдэнэтолгойд баригдсан барилгын зургийг ашиглаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байсан. Энийгээ С надад хэлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад ч хэлэхгүй байсан. Үнэлгээний асуудал яригдаж байна. Үнэлгээг гаргаж ирэхдээ Мэргэжлийн Хяналт төсвийг 83.000.000 төгрөг гэхэд би энийг зөвшөөрөхгүй гэсэн. Жилийн дараа С нь Бадамчулуун гэдэг хүний үнэлгээг гаргаж ирсэн. Хавтаст хэрэгт авагдсан Бадамчулууны мэдүүлэгт С нь 2014 оны энэ үнэлгээг үндэслээд хийж өгөөчээ гэсний дагуу хийсэн гэдэг.  Бадамчулуун гуай 2014 он гэдгийг андуурч биччихлээ гэж байна. Хоёр жилээр андуурч бичдэг хүмүүс байдаггүй юмаа. Цээлээ гэх хүний 2014 онд гаргасан төсвийг үндэслэж хийсэн юмаа гэдэг. Учир нь барилгын зураг байгаагүй, барилгын зураг байхгүйгээр үнэлгээ гардаггүй юмаа гээд Бадамчулуун гуай өөрийгөө хамгаалаад хэлчихсэн байна. Би 2014 оны төсвийг хараад хийчихсэн, 2015, 2016 оны үнэлгээ нь өөр үнэлгээ гарах байсан байх л даа. Барилгын материал нь өөрчлөгдсөн учраас гээд Сгийн хэлснээр хийсэн учраас өөрийнхөө гаргасан үнэлгээнд итгэлтэй биш байна. Мөн энэ хүн газар дээр нь очиж үзээгүй гэдэг нь хоёр давхар хүртэл карказ цутгасан байсан гэж байна гэтэл хавтаст хэрэгт авагдсан зурагт 3 давхар хүртэл байгаа. Барилгын хөгжлийн төвийг миний хүсэлтээр үнэлгээ гаргуулсан гээд байх юм. Гэтэл Нархажид прокурор Барилгын хөгжлийн яамны харъя Барилгын хөгжлийн төвөөр үнэлгээ гаргуулахад таны өгсөн зураг, таны ийм ийм барилгын зүйлүүдийг Жавхаад өгсөн гэдэг падаан, миний болон таны баримтыг авсны үндсэн дээрээс 148.000.000 төгрөг гаргасан байгаа. Барилгын хөгжлийн төвийн гаргасан үнэлгээ нь  миний 178.000.000 төгрөг биш шүү дээ. Энийг гаргахдаа стимор гэдэг программаар төсөв гаргасан. Хэдийгээр минийхээс бага гаргасан хэдий ч би маргаагүй. Шүүх хурал болоход энэ үнэлгээг зөвшөөрөхгүй гээд хойшлуулж хойшлуулчихаад л энийг дахиж үнэлүүлнэ үү гэсэн хүсэлт гаргасан. Дахиад гаргахад үнэлгээний холбооны шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Ингэхдээ бүгдийг нь байлцуулж байгаад газар дээр нь очиж, энийг Жавхаа хийсэн биз гээд, таны гарын үсгийг зуруулаад бүх юмыг чинь үндэслээд гаргасан. Анхнаасаа л та надтай холбогдож эхлэхдээ энэ тооцоогоо хийсэн байсан. Өмнө нь та пудволыг хийхдээ Мөнгөнсэлэм гэдэг хүнээр бариулаад саяных шиг барьцаанд тавьсан юм байна лээ. Мөнгөнсэлэмд яг л надтай адилхан мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Явцын дунд энийг зарна, үрнэ гэж бүхэл бүтэн 1 тэрбум 500 сая төгрөгөөр үнэлээд фейсбүүк дээр зургийг нь тавьсан байсан. Капитрон банкинд нэг давхар болгоныг нь 160 хэдэн саяар банк үнэлж авсан юмаа. Яаж үнэлэхээр  80 хэдэн саяар үнэлээд байгаа юм бэ? Сгийн Бадамчулуун гэдэг хүний гаргасан 83.000.000 төгрөгөөр дам нуруу ч гэх шиг энэ барилгад ороогүй материал байгаа. Үнэлгээг хоёр удаа гаргалаа. С та энэн дээр маргах ёсгүй шүү дээ. Шүүх хэргийг үнэн зөвшөөр шийдвэрлэж  өгнө үү. Миний бие хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн гомдолтой байна” гэв.

Хохирогч Б.Жавхаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ү.С гэж хүн өнөөдөр намайг олон сая төгрөгөөр олон жил хохироосон атлаа 3 сая төгрөг өгч байна. Шүүх хуульд заасны дагуу ял шийтгэл оноож өгнө үү. Үлдэх хохирлоо гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч Б.Жавхаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би барилга усралтын чиглэлээр үйл ажиплагаа явуулах Бишрэлт өргөө констакшн ХХК-ний захирал бөгөөд хориод ажилтантай. 2015 оны 9 сард Үдэрбатын С гэх эмэгтэй танай компаний сайтаас мэдээлэл авч уулзахаар ирлээ гэсний дагуу түүнтэй танилцсан. С нь Япон улсаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа учир барилгын ажпыг гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу түүнд итгэн Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 21-нийөдөр байгуулан түүний эзэмшлийн газарт цэцэрлэгийн зориулалттай зоорийн давхар баригдсан барилгыг гүйцээж барих ажпыг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийг хүртэлх хугацаанд хийж хөрөнгөө гаргаад тэр хөрөнгөөр нь манай компани барилгыг барьж гүйцэтгэхээр тохиролцсон. Харин гэрээгээ дүү Б.Урнааг зөвлөсний дагуу “Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ” гэсэн нэртэйгээр хийсэн. Түүнээс биш бидний тохиролцоо би хөрөнгө оруулж барилгын ажлыг гүйцэтгэх биш, харин С өөрөө хөрөнгөө гаргаад би олж ирсэн хөрөнгийнх дагуу барилгын барих ёстой юм. Үүн дээр бид тохиролцсон бөгөөд ажлаа эхлүүлэхээр болсон. Гэтэл С би мөнгө хөөцөлдөж байгаа тул чи эхлээд өөрийнхөө мөнгөөр хүйтэрч, барилгын ажил зогсохоос өмнө ажлаа эрэлж байгаач гэж гуйгаад байсан тул тэр хүнд итгэн өөрөөсөө 50 сая төгрөг гарган барилгын ажлыг эхэлсэн, 14 хоногийн дараа мөнгөө авъя гэхэд нь одоохон мөнгө орж ирнэ, яг өнөө маргаашгүй бүтлээ, дахиад хэд хоног хүлээж бай чи өөрөөсөө мөнгө гаргаад барилгыг маань барьж л бай гэж гуйсан. Ингээд би Сд мөнгө орж ирэх нь ирэх юм байна гэж бодоод өөрөө нэмж 78 сая төгрөгийн зардал гаргаад барилга барьж байсан. Энэ байдлаар явсаар 11 cap гарсан. Энэ хооронд С нь нэг элс цемент авахад зориулж 8.2 сая төгрөг гаргасан. Би Сд мөнгөө өгөхгүй бол ажлаа зогсоолоо гэж мэдэгдэхэд яг өнөө маргаашгүй бүтлээ, банкны хүмүүст хахууль өгсөн чинь тэд зээлийг маань найдвартай бүтээчихлээ, тиймээс чи хүйтрэхээс өмнө барилгын гол ажлуудаа хийж дуусгаж өгөөч гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би итгээд дахин 50 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийж бөарилгыг 3 давхрыг нь дуустал барьж өгсөн. Энэ хугацаанд нийт 178 сая төгрөгийг өөрөөсөө гарган тэр хүний барилгыг 3 давхар болтол барьж өгсөн бөгөөд Ү.Сд барилгын оруулж байгаа мөнгө болгоно оо мэдэгдэж тухай бүр нь гэрээ байгуулж, С өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Сд танаас нэг ч төгрөг авалгүй цэвэр итгэлцлийн үндсэн дээр барилгыг чинь 3 давхар болтол нь барьж өглөө одоо мөнгөө авъя ядахдаа барьцаа авъя гэхэд газрын эзэмших эрхийг маань барьцаандаа ав гээд нотериатад очиж гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, би газар эзэмших эрхийн гэрчилгээг нь эхээр нь авсан. Хэд хоногийн дараа Ү.С газрын гэрчилгээг маань өгч байгаач хүн газрын албанд барьцаанд байгаа үгүйг нь харъя гээд байна, маргааш буцаагаад өгье гээд авсан. Би итгээд өгсөн. Гэтэл мөнгөө оруулаад бай' оруулаад бай одоохон өгнө гээд байсан хүн чинь газрын гэрчилгээг буцааж авсаяы маргаашнаас нь зан ааш нь хувирч, утсса авахгүй, уулзахаараа харааж зүхэж, хохь чинь чамд мөнгийг чинь өгөхгүй, чаддаггүй юм бол мөнгөө олж аваарай, би аймар зальтай сэргэлэн зангийнхаа хүчээр юмнаас гарчихдаг хүн шүү пээ хэмээх болсон. Анхнаасаа залилан хийх зорилготой байсныг нь тэгэхэд ойгосон. Тэрнээс хойш цагдаад өгч шалгуулна гэхэд одоо мөнгийг чинь өгнө байж бай гээд гуйгаад байсан. 2015 оны 11 дүгээр сард өргөдлөө цагдаад өгөхийн өмнө би өмгөөлөгчийн хамт, С нөхрийн хамт уулзалдсан. Тэгэхэд С миний дансанд маргааш мөнгө орж ирнэ. Тэгэнгүүт нь би мөнгөө аваад өгий гээд маргааш нь нь 1 цагт мөнгөө өгөхөөр болоод салцгаасан. Тэгээд маргаашнаас нь утсаа авахаа больсон, тэгэхээр нь цагдаад гомдлоо гаргаад өгсөн....Мэдээж би хөрөнгөө оруулсан тэгээд мөнгөө авч чадахүй байсан болохоор барьцаа өг гэсэн. Тэгээд газрын гэрчилгээгээ барьцаалах болод гэрээ хийж нотериатаар орж гэрчлүүлсэн. Тэгээд бүртгэлийн газар очих гэтэл С би хүнээс мөнгө авахаар боллоо, чиний мөнгийг чинь өгөхөөр болчихлоо, нөгөө хүн маань газрын гэрчилгээг барьцаанд байна уу үгүй юу гэдгийг үзмээр байна гэнээ, цаашаа шилжүүлэхгүй байж байгаачээ гэсэн, тэгэхээр нь би итгээд өгсөн. Ингэж дахиж худал хэлж гэрчилгээгээ авч явсан. Тэрнээс биш би газрын гэрчилгээг хөрөнгө оруулалт олно гэж авсан асуудал байхгүй, тэгээд ч надад Сд хөрөнгө оруулалт олж өгөх гээд газрын гэрчилгээ хүнд үзүүлээд явах шаардлага ч байхгүй. Ү.С нь 72 дугаар хотхоны АОС 60 тоот барилгыг бүхэлд нь өөрийн нэр дээр өмчлөх эрхийн 2204022172 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авч, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 175 дугаартай нотериатын гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээгээр” Уг давхарыг би барьсан болно” гэсэн эмдэглэгээтэйгээр дээрх АОС 60 тоот байрны 3 давхарыг Г.Саруултуяа гэгчийн нэр дээр Ү2204075756 тоот, 2 давхрыг мөн Г.Саруултуяа гэгчийн нэр дээр Ү2204075756 тоот, 1 давхарыг Г.Саруултуяагийн нэр дээр Ү2204075762 тоот, зоорийн давхрыг Г.Саруултуяа гэгчийн нэр дээр Ү2204062454 гэрчилгээг гаргуулж шилжүүлсэн байна. Эндээс харахад нэг хөрөнгөд 2 хүний нэр дээр өмчлөх эрхийн хүчинтэй хэд хэдэн гэрчилгээ гаргуулж дахин бусдыг залилан мэхэлж хохироох нөхцөлөө бүрдүүлж байна....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13-22/,

Гэрч Б.Баасандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг барилгын талаар Жавхаа манай эхнэр Ү.Стай хэл ам хийгээд байхаар нь би өөрийнхаөө нэр дээр шилжүүлж авсан юм. Надтай хэл ам хийг, эмэгтэй хүнийг дээрэлхээд байгаа юм болов уу гэж бодоод. Тэгээд ч би өрхийн тэргүүн учраас ийм шийдэлд хүрсэн....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25, 3/,

Гэрч Д.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Холбогдох хууль дүрэм, журмыг үндэслэн гэрчилгээг гаргаж өгсөн байгаа. Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ иргэний өмчийн газар дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тухайн газар өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно гэж заасан байдаг. Мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журманд хүртэл тодорхой заасан байдаг. Уг журманд өргөдөл мэдүүлэг, фото зураг иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн дутуу баригдсан барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож, болно гэж заасан байдаг....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27/,

Гэрч Д.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С надаас 2015 оны 11 дүгээр сарын 15- ны хавьд байхаа 25 сая төгрөг зээлсэн. Хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна бас бараа нэмж татах хэрэгтэй байна гэж гуйхаар нь нь барьцаа байгаа юу гэж асуусан чинь байгаа миний өөрийн дутуу баригдсан барилга газрынхаа хамт байгаа чи очоод үз гэсэн. Би урьд нь уг газрыг очиж үзэж байсан учраас 25 сая төгрөг зээлэхдээ бол очиж үзээгүй. С хэлэхдээ би уг газар дээрээ барилга бариад эхэлсэн барилгаа бариулж байгаа гэж хэлсэн. Би 2015 оны 3 сард байна уу 4 сард байна уу С нараас 3 сая төгрөг зээлэхдээ өөрийнхөө уг газрыг надад үзүүлж байсан. Тухайн үед намайг үзэхэд зоорийнхоо давхрыг барьчихсан дээшээ барилга баригдаагүй байсан. Би энэ газар дээрээ үргэлжлүүлж барилга бариулна гэж хэлж байсан. 25 500 000 төгрөгийг надаас 11 сарын 15-ны өдөр зээлж барьцаанд нь газрын гэрчилгээгээ өгсөн байгаа....Надад өртэй байгаа, газар дээрээ зээлээр барилга бариулж байгаа гэдэг талаар бол яриагүй. Харин газар дээрээ барилгаа бариулж байгаа л гэж хэлсэн болохоос биш ямар нэгэн өр зээлийн талаар бол хэлээгүй....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28/,

Яллагдагч Ү.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Жавхаа нь “би таниас илүү хүн танина, газрын гэрчилгээгээ хүмүүст үзүүлж хөрөнгө оруулалт олно” гэж хэлээд газрын гэрчилгээг авса бөгөөд ямар ч ажил амжуулаагүй болохоор нь “тэгвэл би ажил хөөцөлдье” гэж хэлээд гэрчилгээг авсан. Одоо гэрчилгээг ямар нэг өр зээлэнд тавиагүй надад байгаа. Би уг гэрээтэй танилцаагүй гарын үсгээ зурсан. Хөрөнгө оруулалт удахгүй орж ирнэ гэдэг байсан. Би уг гэрээг сайн уншиж үзээгүй учир мэдэхгүй байна. газрын гэрчилгээ бол надад байгаа. Жавхаа тэр үед гэрчилгээг 2-3 сар авч явсан боловч ямар хөрөнгө оруулалт хийгээгүй. Барилгай байшин ямар нэг төлбөр тооцоонд байхгүй байгаа. Барилгын ажлыг дулаарахаар эхлүүлж дуусгах бодолтой байна. Энэ ажилд Жавхаатай хамтарч дуусгах бодолтой байна. Мөн газрын гэрчилгээг Жавхаад шилжүүлмээргүй байна...” гэх мэдүүлэг /1хх 10/,

Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-ийн 135139/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-140/, Фото зураг /хх149-152/, Шүүгдэгчээс хохирогчид мөнгө шилжүүлсэн баримтууд /хх-161-164/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.10.14-ний өдрийн 6037 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-143-151/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.10.04-ны өдрийн 980 дугаартай дүгнэлт /2-р хх 153-154/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016.11.21-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-169/, Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /3-р хх-191-192/, Шинжээчийн дүгнэлт /3-р хх-194-205/, Хохирогч Б.Жавхаад 50 сая төгрөгийг шилжүүлсэн баримт /3-р хх-232/, Хохирогч Б.Жавхаагийн дансны хуулга /4-р хх-31/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 93/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 92/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ү.С нь шунахай сэдэлтээр 2015 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын 09-ний хооронд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах газар дээр Б.Жавхаатай 3 удаа 178.000.000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй, 148.495.545 төгрөгийн хохирол учруулсан буюу уг барилгын ажлыг дахин өөр этгээдээр бариулан ашиглалтад оруулж, Б.Жавхаагийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь төлөлгүй залилсан болох нь

Хохирогч Б.Жавхаагийн: “...Би барилга усралтын чиглэлээр үйл ажиплагаа явуулах Бишрэлт өргөө констакшн ХХК-ний захирал бөгөөд хориод ажилтантай. 2015 оны 9 сард Үдэрбатын С гэх эмэгтэй танай компаний сайтаас мэдээлэл авч уулзахаар ирлээ гэсний дагуу түүнтэй танилцсан. С нь Япон улсаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа учир барилгын ажпыг гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу түүнд итгэн Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулан түүний эзэмшлийн газарт цэцэрлэгийн зориулалттай зоорийн давхар баригдсан барилгыг гүйцээж барих ажпыг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийг хүртэлх хугацаанд хийж хөрөнгөө гаргаад тэр хөрөнгөөр нь манай компани барилгыг барьж гүйцэтгэхээр тохиролцсон. Харин гэрээгээ дүү Б.Урнааг зөвлөсний дагуу “Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ” гэсэн нэртэйгээр хийсэн. Түүнээс биш бидний тохиролцоо би хөрөнгө оруулж барилгын ажлыг гүйцэтгэх биш, харин С өөрөө хөрөнгөө гаргаад би олж ирсэн хөрөнгийнх дагуу барилгын барих ёстой юм. Үүн дээр бид тохиролцсон бөгөөд ажлаа эхлүүлэхээр болсон. Гэтэл С би мөнгө хөөцөлдөж байгаа тул чи эхлээд өөрийнхөө мөнгөөр хүйтэрч, барилгын ажил зогсохоос өмнө ажлаа эрэлж байгаач гэж гуйгаад байсан тул тэр хүнд итгэн өөрөөсөө 50 сая төгрөг гарган барилгын ажлыг эхэлсэн, 14 хоногийн дараа мөнгөө авъя гэхэд нь одоохон мөнгө орж ирнэ, яг өнөө маргаашгүй бүтлээ, дахиад хэд хоног хүлээж бай чи өөрөөсөө мөнгө гаргаад барилгыг маань барьж л бай гэж гуйсан. Ингээд би Сд мөнгө орж ирэх нь ирэх юм байна гэж бодоод өөрөө нэмж 78 сая төгрөгийн зардал гаргаад барилга барьж байсан. Энэ байдлаар явсаар 11 cap гарсан. Энэ хооронд С нь нэг элс цемент авахад зориулж 8.2 сая төгрөг гаргасан. Би Сд мөнгөө өгөхгүй бол ажлаа зогсоолоо гэж мэдэгдэхэд яг өнөө маргаашгүй бүтлээ, банкны хүмүүст хахууль өгсөн чинь тэд зээлийг маань найдвартай бүтээчихлээ, тиймээс чи хүйтрэхээс өмнө барилгын гол ажлуудаа хийж дуусгаж өгөөч гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би итгээд дахин 50 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийж бөарилгыг 3 давхрыг нь дуустал барьж өгсөн. Энэ хугацаанд нийт 178 сая төгрөгийг өөрөөсөө гарган тэр хүний барилгыг 3 давхар болтол барьж өгсөн бөгөөд Ү.Сд барилгын оруулж байгаа мөнгө болгоно оо мэдэгдэж тухай бүр нь гэрээ байгуулж, С өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан болно. ...Гэтэл мөнгөө оруулаад бай оруулаад бай одоохон өгнө гээд байсан хүн чинь газрын гэрчилгээг буцааж авсаяы маргаашнаас нь зан ааш нь хувирч, утсаа авахгүй, уулзахаараа харааж зүхэж, хохь чинь чамд мөнгийг чинь өгөхгүй, чаддаггүй юм бол мөнгөө олж аваарай, би аймар зальтай сэргэлэн зангийнхаа хүчээр юмнаас гарчихдаг хүн шүү дээ хэмээх болсон. Анхнаасаа залилан хийх зорилготой байсныг нь тэгэхэд ойгосон” гэсэн мэдүүлэг,

Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-ийн 135139/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-140/, Фото зураг /хх149-152/, Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /3-р хх-191-192/, Шинжээчийн дүгнэлт /3-р хх-194-205/, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, үнэлгээний тайлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ү.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ү.Сг бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.Жавхаад нийт 148.995.545 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ү.С учруулсан байна гэж дүгнэсэн ба шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт 61.500.000 төгрөгийг хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байна гэж үзлээ.        Уг гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос шүүгдэгч Ү.С нь 86.995.545 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч Б.Жавхаад олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ү.С нь хохирол нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан ба уг хугацаанд хохирогч Б.Жавхаад 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэх 83.995.545 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жавхаад олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ү.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өмгөөлөгч Р.Оюунцэцэг нь шүүгдэгчид хуульд заасан торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан ба шүүх бусад учруулсан их хэмжээний хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй этгээдэд торгох ял оногдуулах зохимжгүй гэж дүгнэлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 11 21-ний өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /2-р хх-169/-оор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 72 дугаар хотхон дахь АОС-ны 60 дугаар байрны 3 давхар барилгыг бүхэлд нь битүүмжилсэн тогтоол хэрэгт  авагдсан байгааг дурьдах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Ү.Сд шүүхээс хуульд заасан ял шийтгэл оногдуулсан тул түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай /3-р хх-167-168/ захирамжийг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ү.С бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ү.Сд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ү.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Ү.С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016.11.21-ний өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 72 дугаар хотхон дахь АОС-ны 60 дугаар байрны 3 давхар барилгыг бүхэлд нь битүүмжилсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ү.Сгаас нийт 83.995.545 /наян гурван сая есөн зуун ерэн таван мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жавхаад олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ү.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР