| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/00757/И |
| Дугаар | 210/МА2025/01136 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/01136
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/04872 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
10,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан худалдан авсан автомашин доголдолтой үндэслэлээр гэрээнээс татгалзаж 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч автомашиныг худалдан авахдаа нэхэмжлэгч шалгаж авсан, авч явснаас хойших хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөхдөө нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******гаас 2006 онд үйлдвэрлэгдэж, Монгол улсад 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр импортоор орж ирж байсан тоёото приус маркийн ******* улсын дугаартай автомашиныг 10,200,000 төгрөгөөр худалдан авсан байна.
Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байх ба гэрээ хүчин төгөлдөр.
3.1. Автомашиныг худалдан авсны дараа будганд орсон, яндан нь гагнагдсан, хянах самбарын гэрлийг унтраасан, батарей муудсан, мотор ээрдэг болохыг мэдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан шаардсан.
Хариуцагчийн зүгээс нэгэнт шалгаж авч яваад, түүнээс хойш замын хөдөлгөөнд орж тодорхой хугацаа өнгөрсний дараа чанарын шаардлага хангахгүй гэж нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 107 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргийг хүлээнэ.
3.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь Тоёота Приус маркийн ******* улсын дугаартай автомашиныг хүлээн авах үедээ тус автомашин нь будганд орсон, яндан нь гагнагдсан, хянах самбарын гэрэл унтраалттай, батарей муудсан, мотор ээрдэг байсан гэх зэргээр биет байдлын доголдолтой байсан гэж үзэж байгаа хэдий ч уг нөхцөл байдлыг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаж өгөөгүй.
Тиймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид биет байдлын доголдолтой автомашин хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хэрэгт авагдсан автомашины гэрэл зургууд нь тухайн эд хөрөнгийн гэмтэл, доголдлыг эргэлзээгүй, үнэн зөв байдлаар нотлохгүй.
Хэдийгээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, зардал гаргуулах, эсхүл гэрээг цуцлуулах зэрэг эрхтэй боловч дээрх нөхцөл байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.
3.3. Иймд нэхэмжлэгчид худалдан авсан автомашины биет байдлын доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоно.
4. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсэн алдааг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/04872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* холбогдуулан гаргасан 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ