| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2022/02831/И |
| Дугаар | 210/МА2025/01137 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/01137
******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03987 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ********.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, автомашин болон чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох, хохиролд 411,800,895 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, **, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, түүний өмгөөлөгч ****, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2011 онд *******-аас 4 авто чирэгч, 4 чиргүүлийг зээлээр худалдан авсан бөгөөд гэрээний дагуу төлбөрөө барагдуулж байх үед 103,091,080 төгрөгийн үлдэгдэл үүссэнийг 2014 онд шүүхийн шийдвэрээр гаргуулахаар болсон. Тус шийдвэр нь давж заалдах шатны шүүхээр хянагдаж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа тээврийн хэрэгслүүдийг манай өмчлөлд шилжүүлэхээр заасан байдаг.
Уг төлбөрийг барагдуулах зорилгоор бид 2014 онд 2 авто чирэгч, 2 чиргүүлийг ажилтан ********д түрээслүүлсэн. Түрээсийн гэрээний дагуу тэрбээр манай компанид сар бүр 10,000,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой байсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******** *******-тай өөрийн нэр дээр шууд гэрээ байгуулж, манай зөвшөөрөлгүйгээр төлбөр төлөөд, уг тээврийн хэрэгслүүдийг өөр дээрээ шилжүүлэн авсан байна.
Ингээд шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Бид энэ тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсанаар 2021 онд шүүх уг тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийг сэргээсэн. Гэсэн ч өнөөг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ ажиллагааг хэрэгжүүлээгүй.
Манай зүгээс нийт 4 тээврийн хэрэгслийн төлбөрт 365,656,895 төгрөгийг төлсөн бөгөөд ******* манай 213,856,000 төгрөгийн үнэтэй хоёр тээврийн хэрэгслийг 103,091,080 төгрөгийн төлбөртэй дүйцүүлэн ********д шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, манайд 151,800,895 төгрөгийн хохирол учруулсан.
******** манай тээврийн хэрэгслүүдийг эзэмших хугацаандаа ямар ч түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд бид 26 сарын хугацаанд 260,000,000 төгрөгийн орлого олох боломжоо алдсан. Иймд ******* болон шийдвэр гүйцэтгэх газрыг уг хохиролд хамтран буруутай гэж үзэж, нийт 411,800,895 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Мөн дээрх авто машинуудын төлбөрийг бүрэн төлж, эзэмшиж байсан тул ****** ******, ******, ****** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр манай компанийг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь зээлээр худалдан авсан 4 ширхэг чирэгч толгой, 4 ширхэг чиргүүлийн үнийг төлж дуусгах үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрээр 103,091,080 төгрөгийг төлсөн тохиолдолд автомашин, чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг ******-д даалгаж шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ** болон *******гийн гарын үсэгтэй баримтаар *******-ийн захирал ******* нь ******-д төлөх 103,091,080 төгрөгөө 2 ширхэг машин чиргүүлээ өгсөн жолооч ********оор төлүүлж дуусгахаар тохирсон байсан.
Үүний дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ********той төлбөр барагдуулах тухай гэрээ хийж, 95,000,000 төгрөгөөр төлбөр тооцоог төлж дуусган, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1036 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгосон ба ********оос *******-д төлсөн 95,000,000 төгрөгийг буцааж өгөх, ******-аас 103,091,080 төгрөг, тэмдэгтийн хураамж 637,405 төгрөг, нийт 103,728,485 төгрөгийг төлсөн тохиолдолд чирэгч толгой болон чиргүүлийн өмчлөх эрхийг ******-д шилжүүлж өгөх тухай албан тоотыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******т хүргүүлсэн.
Иймд тус компаниас үндэслэлгүй нэхэмжилсэн 411,800,895 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын татгалзал, тайлбарын агуулга:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон нэхэмжлэгч ******-иас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17/008 албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл хариуцагч *******-иас гомдол гаргасны дагуу Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ021/01036 дугаар тогтоолоор 640 дүгээр шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Гэтэл эргээд тухайн үйл баримтаа үгүйсгэн нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэх үндэслэлд хамаарч байна.
Шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчийн хүсэлтээр дуусгавар болгосон. Байгууллагыг буруутай гэж үзэн хохирол нэхэмжлэх үндэслэл тодорхойлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
******-ийн захирал *******гийн саналын дагуу сард 5 сая төгрөгөөр түрээслэх, нийт 100 сая төгрөгөөр хоёр автомашин, чиргүүлийн хамт худалдан авах тохироо хийж, гэрээ байгуулан түүний нөхөр, хүүхдүүдийн данс руу нийт 10 сая төгрөг шилжүүлсэн.
Дараа нь ******* *******-д төлөх 103 сая төгрөгтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдаж байгаагаа хэлж, уг өрийг төлөөд автомашинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг санал болгосон.
Ингээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******, түүний хүү ****** нартай хамт *******-ийн төлөөлөлтэй уулзаж, 85 сая төгрөгөөр төлбөр барагдуулах тохироо хийж, гурвуул гарын үсэг зурсан. Улмаар 10 дугаар сарын 26-ны өдөр *******-тай Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулан, нийт 95 сая төгрөгийг төлж, автомашин, чиргүүлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.
Ингэснээр би нийтдээ 105 сая төгрөг зарцуулсан бөгөөд үүнээс 10 гаруй саяыг *******д бэлнээр өгч, үлдсэнийг *******-д төлсөн. Иймд маргааны эд хөрөнгө болох автомашин, чиргүүл нь миний өмч тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас 151,800,895 төгрөг гаргуулах, хариуцагч ******* болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохиролд 260,000,000 төгрөг гаргуулах, ****** улсын дугаартай автомашин/******/ болон ****** чиргүүл, ****** улсын дугаартай авто машин /******/ болон ****** чиргүүл тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,497,755 /70,200+2,427,555/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
"****** нь анх 4 ширхэг чирэгч толгой, 4 ширхэг чиргүүл нийт 8 ширхэг хүнд даацын автомашиныг *******-иас худалдан авсан. Үндсэндээ 3 ширхэг чирэгч толгой, 3 ширхэг чиргүүлийн төлбөрийг бүтэн төлсөн.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр манай компаниас 103,091,080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс тус шийдвэрт өөрчлөлт оруулж уг мөнгийг төлсөн тохиолдолд авто машинуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгасан.
Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ****** нь нийт 8 ширхэг тээврийн хэрэгслийн 7 ширхэг тээврийн хэрэгслийн мөнгийг бүрэн төлсөн 1 ширхэг тээврийн хэрэгслийн мөнгө дутуу болох нь тогтоогдож байна гэж үзнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******-ийн зүгээс жолооч ********той ******-ийг оролцуулахгүй хэлцэл хийсэн болох нь холбогдох баримтаар буюу гэрээ, хурлын тэмдэглэлээр нотлогдсон.
Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэг авто машиныг 106,928,000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд нийт 4 ширхэг чирэгч толгой, 4 ширхэг чиргүүлийн нийт үнэ 427,712,000 төгрөг болж байгаа. Гэтэл ******* нь нийт 213,856,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг автомашиныг ********д 103,091,080 төгрөгийн төлбөрийг авсанд тооцон шилжүүлэн өгснөөр ******-д 110,760,920 төгрөгийн хохирол учирсан.
Мөн ****** нь ********той нэг авто машины нэг сарын түрээс 5,000,000 төгрөг байхаар зөвхөн нэг автомашин дээр гэрээ хийж, нөгөө автомашиныг гэрээгүйгээр тохиролцсон байсан ба ******* нь ********той автомашинуудыг өгөх талаар гэрээ хийсэн, мөн ******* хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааснаар ********оос харилцан тохиролцсон түрээсийн төлбөр орж ирээгүй тул ******* болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хувь тэнцүүлэн нэхэмжилж байгаа.
Анхан шатны шүүхэд түрээсийн төлбөрийг 2 ширхэг авто машинаар тооцон нэхэмжилж байсан бол давж заалдах шатны шүүхэд нэг машинаар тооцон нэхэмжилж байна.
*******-д төлбөрийн үлдэгдэлгүй байсан авто машиныг түрээсийн төлбөрт олох нийт 26 сарын түрээсийн төлбөр 130,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь хуульд нийцнэ.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоож, хариуцагч нараас нийт 240,760,920 төгрөг гаргуулж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:
Маргаан 14 дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд ****** төлбөрийн үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрээр 103,091,080 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр хэвээр байна. Улсын дээд шүүх 2 толгой, 2 чиргүүлийг 100 сая төгрөгөөр худалдсан болохыг тогтоосон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан тайлбарын агуулга:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ********, нарт тээврийн хэрэгсэл шилжүүлж өгөөгүй. ******* нь тээврийн хэрэгслүүдийг ********, нарт шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн ба энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлээр нотлогддог. ********оос зөвхөн эзэмшлийн талаар тайлбар авсан бөгөөд төлбөр төлөхийг шаардаагүй.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
Яригдаж буй тээврийн хэрэгслүүдийг төлбөрийг нь төлж авсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******, *******-д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, *, *, *, * дугаартай авто машин болон чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох, автомашины үнийн зөрүү 151,800,895 төгрөг, 26 сарын түрээсийн төлбөр 260,000,000 төгрөг, нийт 411,800,895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй * улсын дугаартай автомашин нь * улсын дугаартай болж /түүний чиргүүл */, * улсын дугаартай автомашин нь * улсын дугаартай болж /түүний чиргүүл */ өөрчлөгдсөн байна.
Эдгээр шаардлагын үндэслэл нь 213,856,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг авто машиныг 103,091,080 төгрөгт тооцон шууд иргэн ********д өмчлөх, эзэмших эрхийг нь гэрээгээр шилжүүлэн өгсөн, үүнээс болж түрээсийн төлбөр авах боломжгүй болсон гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.
2.1. Хариуцагч нарын зүгээс *******-ийн захирал *******гийн зөвшөөрлөөр ******** нь тухайн компанийн төлбөрийг ******-нд төлж барагдуулсан, нэхэмжлэгчид хохирол учруулсан зүйлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын байр суурийг дэмжиж оролцсон.
3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 835 дугаар магадлалаар ******-иас 103,091,080 төгрөг гаргуулж *******-д олгож, ****** нь 103,091,080 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг *******-д үүрэг болгож шийдвэрлэжээ.
3.1. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад ******-ийн хүсэлтээр ******** нь тус компаниас хүлээж авсан 2 автомашины үнэд тооцон *******-д төлөх төлбөрийг төлж барагдуулсан болох нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******-ийг төлөөлж ******* нь ********той байгуулсан автомашин түрээсийн гэрээ, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 28, 10 дугаар сарын 20, 12 дугаар сарын 24, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл, ********ын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт, ******* болон ********ын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ, төлбөр авагч *******-ийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хүсэлт зэргээр тогтоогдсон байна.
Үүнд үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Энэхүү тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00493 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 805 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01036 дугаар тогтоолоор хүчингүй болгохдоо төлбөр авагчийн ирүүлсэн хүсэлтээс өөр агуулгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна гэж дүгнэсэн байдаг.
3.2. Маргааны зүйл болж буй */*/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь одоо *******-ийн, * улсын дугаартай чиргүүл нь *-ийн, **/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *-ийн, * улсын дугаартай чиргүүл нь *-ийн нэр дээр тус тус бүртгэлтэй.
3.3. Мөн нэхэмжлэгчийн хариуцагч *****-нд холбогдуулан гаргасан шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5,923,895 төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодож суутгаж авсан 44 ширхэг дугуйн үнэ 39,292,000 төгрөг, *******-д тээвэр хийсэн хөлс 21,000,000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243,289,494 төгрөг, ажилтан Урьханы авсан түлшний үнэ 2,614,400 төгрөг нийт 312,119,789 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00014 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 00841 дугаар тогтоолоор нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ шүүхээс ******* нь өөрийн эзэмшиж байсан 2 авто чирэгч, чиргүүлийг ********д түрээсийн гэрээгээр эзэмшүүлж байсан, талуудын байгуулсан гэрээнд зааснаар түрээслэгч машины үнэ 50,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн байгаагаас үзэхэд төлбөрийг төлж дууссанаар автомашин ********ын өмчлөлд шилжихээр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулсан гэрээ хэдийгээр түрээсийн гэрээ нэртэй боловч худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Мөн *******-ийн захирал ******* нь *******-д өгөх төлбөрийг ******** төлөхөөр талууд тохиролцсон талаар шийдвэр гүйцэтгэгчид тайлбарлаж байсан байна. Иймд төлбөр авагч ******* нь түрээслэгч ********той харилцан тохиролцсоны үндсэн дээр *******-иас авах 103,091,080 төгрөгийн төлбөрийг ********оос авч гомдолд дурдсан авто чирэгч, чиргүүлийг ********ын өмчлөлд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр гүйцэтгэсэн гэж үзэх үндэстэй ... гэх эрх зүйн дүгнэлтийг өгчээ.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
4. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхдөө анхан шатны шүүх холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
4.1. Нэхэмжлэгчийн гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтаар ******* нь тус компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг ********, ****** нарт төлбөртэйгөөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Үүн дотроо ********той байгуулсан түрээсийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн.
Маргааны зүйл болж буй тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөн нь хууль бус, эсхүл бусдын хууль бус үйлдлийн улмаас хийгдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар эдгээр тээврийн хэрэгсэл нь одоогоор гуравдагч этгээдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй.
Иймд энэ талаар өгсөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
4.2. Нэхэмжлэгч ****** нь ********д үндэслэлгүйгээр автомашин шилжүүлэн өгсний улмаас учирсан хохиролд автомашины үнийн зөрүү 151,800,895 төгрөг, алдагдсан түрээсийн орлого 260,000,000 төгрөг, нийт 411,800,895 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэлд дурдаж буй автомашинуудыг ********д шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгдсөн, төлбөр төлөгч ******-ийн зүгээс тухайн төлбөрийн ******** төлөх болохыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад уламжилсан тул уг төлбөр төлөгдсөний улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслүүдийг өөрөө зохион байгуулж ********д хүлээлгэж өгсөн тул энэхүү үйлдлийн үр дагаврыг хариуцагч нар хүлээхгүй.
Мөн нэхэмжлэгчийн ********той байгуулсан түрээсийн гэрээ нь нэг жилийн хугацаатай, зөвхөн нэг автомашинд хамааралтай байсан, хоёр дахь автомашины талаар бичгээр гэрээ байгуулаагүй, мөн тухайн гэрээг шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн тул алдагдсан түрээсийн орлого шаардах эрхгүй.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт энэ шаардлагад хамаарахгүй Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг баримталсан байгааг залруулж өөрчлөлт оруулна.
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болгох үндэслэл болсон ******-ийн төлөх ёстой төлбөрийг гуравдагч этгээд ******** төлсөн, нэхэмжлэгчийн зүгээс үүнийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэж зөвшөөрсөн, тээврийн хэрэгслийг шилжүүлэх үйлдэл нь нэхэмжлэгчийн зохион байгуулалт, санаачилгын үр дүн байсныг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, холбогдох гэрээ болон *******гийн гарын үсэг бүхий тайлбараар тогтоогдсон болохыг өмнө дурдсан.
Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00493 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 805 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01036 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгосон ч энэ шийдвэрт дурдсан эрх зүйн дүгнэлтийн үр дагаврыг зөв тайлбарлаж, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсны үндсэн дээр дуусгавар болгох нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээний асуудал юм.
Иймд энэ талаарх нэхэмжлэлийг хангахгүй.
Анхан шатны шүүх холбогдох дүгнэлтийг үндэслэлтэй өгсөн боловч энэ шаардлагыг шүүх хянан шийдвэрлэх үндэслэл болж буй заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах болно.
5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид нь нэхэмжлэлийг хангах агуулгаар дүгнэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.
6. Дээрх дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 511 дүгээр зүйлийн 511.1 гэснийг 510 дугаар зүйлийн 510.1, 122 дугаар зүйлийн 122.2, 122.5 дахь хэсэгт гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,431,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ