Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/01138

 

 

 

 

 

****** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/03563 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

29,696,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 3-р ээлжийн барилга болох ******* дугаар байрны 147 тоотод байрлах, 3 өрөө, 91 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 6,100,000 төгрөгөөр захиалан бариулахаар 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр *******-тай гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр орон сууцыг хүлээн авсан.

Орон сууцны талбайн хэмжилтийг *******-аар 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хийлгэхэд 86.16 м.кв талбайтай байсан бөгөөд гэрээгээр тохирсон талбайн хэмжээнээс 4.84 м.кв дутуу болох нь тогтоогдож, орон сууцны үнэд 29,524,000 төгрөгийг илүү төлсөн болохыг мэдсэн.

Иймд хэмжилт хийлгэсэн зардал 172,320 төгрөг, орон сууцны төлбөрт илүү төлсөн 29,524,000 төгрөг, нийт 29,696,320 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Орон сууц захиалгын гэрээнд орон сууцны үнийг 555,100,000 төгрөг гэж заасан ба 1 м.кв талбайн үнэ гэж гэрээгээр тохиролцсон үнэлгээ байхгүй.

Гэтэл орон сууцны үнийг талбайн хэмжээтэй харьцуулах аргаар 1 м.кв талбайн үнийг 6,100,000 төгрөгөөр тооцож, 29,524,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь гэрээний 2.1-д зааснаар гэрээний үнийг тодорхойлоход орон сууцны талбайн хэмжээг гол нөхцөл болгоогүй бөгөөд хотхоны байрлал, дэд бүтцийн хөгжил, гадаад дотоод орчин нөхцөл, өрөөний тоо, давхар, барилгын чанар, материалын сонголт, орон сууцны цонх ертөнцийн аль зүг рүү харсан гэх мэт хүчин зүйлүүдийг үндэслэсэн гэсэн заалтыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан.

Хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг өрөө хоорондын ханыг оруулахгүйгээр хэмжиж тодорхойлсон гэдгийг нэхэмжлэгчид гэрээ байгуулахаас өмнө хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь сонгосон орон сууцныхаа талбайн хэмжээг MNS6058:2009 стандартын дагуу хэмжүүлбэл зөрүү гарна гэдгийг гэрээ байгуулахаасаа өмнө мэдэж байсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 29,696,320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,432 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 306,432 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд орон сууцны үнийг тодорхойлохдоо зөвхөн талбайн хэмжээг бус, хотхоны байршил, барилгын чанар, өрөөний зохион байгуулалт, давхар, цонхны байрлал зэрэг хүчин зүйлсийг гол үзүүлэлт болгон харгалзан тохиролцсон байдаг. Энэ талаар гэрээний 2.1-д тодорхой заасан.

Нэхэмжлэгч тал орон сууц хүлээн авахдаа тухайн барилгын гүйцэтгэлд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан бөгөөд тухайн үед ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэдгээ баталгаажуулж, хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурсан.

Мөн талуудын гэрээнд сууцны ашигтай талбайн хэмжээг хэмжих аргачлалыг нарийвчлан заагаагүй бөгөөд талбайн хэмжээний хэмжилтийн хувьд тодорхой зөрүү гарах нь техник, стандартын зөрүү, тайлбартай холбоотой ажиглагддаг үзэгдэл юм.

4.2. Анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг дурдсан боловч эдгээр заалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийн ярьж буй 4.84 м.кв зөрүү нь ашиглалтын доголдол биш, барилгын стандартад нийцсэн гүйцэтгэлийн хүрээнд хэмжилтийн аргачлалаас шалтгаалсан зөрүү юм.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ өөрийн сонгосон Эй ди интернэшнл ХХК-ийн хийсэн хэмжилтэд тулгуурласан нь барилгын салбарын стандарт хэмжилтийн нэг төрлийн аргачлалыг үндэслэсэн дүгнэлт боловч энэ нь уг орон сууцны үнэ буурсан гэдгийг нотлох баримт биш.

4.3. Шүүх тухайн 4.84 м.кв зөрүүг 29,524,000 төгрөг болсон гэж тооцсон нь талуудын бодит тохиролцоо болон нийт захиалгын бүтэц, үнийн дүн, барилгын үнийн тооцоолол, бүтцийн үнэлгээг үл харгалзсан, цэвэр механик хандлагаар тооцсон тооцоо болсон. Захиалагч нь үнийн дүнг м.кв бүрт задарч биш, нийт үнийн дүнгээр барилгын чанарт суурилан тохиролцсон байхад шүүх энэ байдлыг харгалзсангүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь 91 м.кв талбай бүхий орон сууц захиалахдаа 555,100,000 төгрөг төлсөн ба 1 м.кв талбайг 6,100,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууцыг хүлээн авсны дараа хийсэн хэмжилтээр 86.16 м.кв байснаар 4.84 м.кв зөрүү гарсан нь тогтоогдсон. Гэрээнд хэмжилтийн аргачлал заагаагүй ч Монгол улсад мөрдөгдөж буй стандартыг баримтална. Иймд шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцны төлбөрт илүү төлсөн 29,524,000 төгрөг, хэмжилт хийлгэсэн зардал 172,320 төгрөг, нийт 29,696,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээ байгуулахдаа орон сууцны талбайн хэмжээг гол нөхцөл болгоогүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

2.1. Анхан шатны шүүх нотлох баримтын үнэлгээ хийхдээ зохигчийн гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийн талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* хотхоны ******* дугаар байрны 3 дугаар орц, 147 тоот, 91 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар хариуцагчтай харилцан тохиролцож 555,100,000 төгрөгийн хөлсийг бүрэн төлсөн.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

3.1. Хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн.

Үүний дараа нэхэмжлэгч нь уг орон сууцыг *******-иар 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр MNS6058:2009 стандартын дагуу хэмжүүлэхэд 86.16 м.кв буюу гэрээнд зааснаас 4.84 м.кв дутуу болох нь тогтоогдсон.

 

3.2. Зохигчийн байгуулсан гэрээний 2.1-д гэрээний үнийг тодорхойлоход орон сууцны талбайн хэмжээг гол нөхцөл болгоогүй бөгөөд харин хотхоны байрлал, дэд бүтцийн хөгжил, гадаад дотоод орчин нөхцөл, өрөөний тоо, давхар, барилгын чанар, материалын сонголт орон сууцны цонх ертөнцийн аль зүг рүү харсан гэх мэт хүчин зүйлүүдийг үндэслэсэн болно гэж талууд харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Энэ үүднээс дүгнэвэл талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 2.1-д орон сууцны үнийг зөвхөн талбайн хэмжээнд тулгуурлах бус, харин байршил, барилгын чанар, дэд бүтэц, зохион байгуулалт, цонхны байрлал зэрэг олон үзүүлэлтэд үндэслэн тогтоосон гэж тодорхой заасан байна.

Гэрээнд 91 м.кв талбай бүхий орон сууц гэж заасан боловч 1 м.кв талбайн үнийг 6,100,000 төгрөг гэж тогтоосон тухай заалт байхгүй бөгөөд гэрээний төлбөр төлсөн тооцооллын баримтад м.кв талбайн үнийг 6,100,000 төгрөг гэж бичсэн нь гэрээний дээрх тохиролцоог үгүйсгэх нөхцөл биш юм.

Түүнчлэн гэрээнд талбайн хэмжилтийн аргачлалын талаар тодорхой заагаагүй бөгөөд орон сууцны ашигтай талбайг тооцоход стандарт, аргачлалын ялгаа үүсч болохыг талууд мэдэж, хүлээн зөвшөөрсөн байх тул 4.84 м.кв-ийн зөрүү нь MNS6058:2009 стандартаар хэмжихэд гарсан зөрүү гэж үзнэ.

Иймд хариуцагчийг биет байдлын доголдолтой орон сууцыг хүлээлгэж өгсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

Хэрэгт авагдсан хэмжилт хийлгэхэд гаргасан 172,320 төгрөгийн зардлын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгааг дурдвал зохино.

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/03563 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-нд холбогдуулан гаргасан 29,696,320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,432 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ