Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1318

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч М.С , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.С т холбогдох эрүүгийн 1906 01495 1659 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын     9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Өвөрхангай аймгийн багт оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, М.С .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч М.С  2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энх” хүнсний дэлгүүрийн орчим иргэн Ц.Байгалмаагийн Самсунг Галакси Эс-5 маркийн гар утсыг хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.С  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Ц.Байгалмаагийн өгсөн мэдүүлэг /хх-7/, гэрч Л.Сэргэлэнгийн өгсөн мэдүүлэг /хх-10/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-17/, М.С ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-32/, хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-36-37/, гэрч Ц.Энхтайваны өгсөн мэдүүлэг /хх-13/, шүүгдэгч М.С ын урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-28/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч М.С  2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энх” хүнсний дэлгүүрийн орчим иргэн Ц.Байгалмаагийн Самсунг Галакси Эс-5 маркийн гар утсыг хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Байгалмаагийн өгсөн: “...”Энх” дэлгүүр өнгөрөөд явж байтал урд явж байсан хар ноосон малгатай, хөр өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, шар царайтай 17-20 орчим насны эрэгтэй хүн миний урд явж байсан. Тэгээд би хажуугаар нь дүү Билэгжаргалтай гар утсаараа яриад өнгөрөхөд ард үлдсэн. Би цааш гар утсаараа яриад явж байтал араас нөгөө залуу гэнэт гарч ирээд миний гар утсыг гартай минь хамт татаж булаах гэхэд нь би зүүн гараараа гар дээрээс нь бариад автал миний гарыг тавиулах гээд миний гарыг доош нь савахад газар нь тэгш бус байсан болохоор би хөл алдан унахад тэр хүн ч гэсэн хамт унасан. Тэгээд тэр залуу унахдаа миний гар утсыг авч унаад цааш босоод гүйхэд нь би араас нь хэсэг хөөж байгаад гүйцэж чадаагүй.”/хх-7/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Сэргэлэнгийн өгсөн: “...гэртээ байж байтал гаднаас М.С  Самсунг Эс 5 маркийн гар утас барьчихсан орж ирээд “энэ утсыг ломбарданд тавих хэрэгтэй байна” гэхэд би “тэгье” гээд гарсан. Тэгээд М.С  нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын “Хаан” банкнаас урагш яваад ломбард гэсэн хаягтай ломбард орох замдаа надад М.С  нь ярихдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Энх” хүнсний дэлгүүрийн цаана цахилгаан станцын хажууд явж байгаад нэг эгчийн утсыг булаачихлаа гэж хэлсэн.” /хх-10/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд М.С ын яллагдагчаар өгсөн: “...Нэг эмэгтэй ганцаараа утсаар яриад явж байсан. Тэгэхээр нь араас нь дагаж явж байгаад баруун гартаа бариад ярьж явж байсан гар утсыг нь би баруун гараараа булааж авч Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Петровис” шатахуун түгээх станцын тийшээ гүйж очсон.” /хх-45/ гэх мэдүүлэг,

 

        Эд зүйлийн үнэлгээ /хх-17/,

      Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-32/,
        Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-36-37/

      Шүүгдэгч М.С ын урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар өсвөр насны шүүгдэгч М.С  2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энх” хүнсний дэлгүүрийн орчим иргэн Ц.Байгалмаагийн Самсунг Галакси Эс-5 маркийн гар утсыг хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Байгалмаа, гэрч  Л.Сэргэлэн нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.С ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч М.С ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч М.С ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.Байгалмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч М.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч М.С т ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.С  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. М.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар М.С  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.С  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС