Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/01143

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03941 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ********нарт холбогдох,

15,159,808 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* гэрээ байгуулан түүний охин ******* 2021-2024 оны хичээлийн жилд тус сургуульд суралцуулсан.

Хариуцагч нар хүүхдийнхээ 2021-2022 оны хичээлийн жилийн автобусны төлбөрийн үлдэгдэл 103,750 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,799,500 төгрөг, түүний алданги 1,337,698 төгрөг, автобусны төлбөр 780,800 төгрөг, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,752,906 төгрөг, түүний алданги 2,376,453 төгрөг, автобусны төлбөр 700,000 төгрөг, хоолны төлбөр 234,000 төгрөг, англи хэлний номны үнэ 40,000 төгрөг, хятад хэлний номны үнэ 35,500 төгрөг, нийт 15,159,808 төгрөгийг төлөөгүй.

Иймд 15,159,808 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

****** сургуулийн нэхэмжилсэн төлбөр 15,159,808 төгрөгийг хувааж төлөх хүсэлтэй байна. Бөөнд нь төлөх боломжгүй. График гаргаад өөрийн төлөх ёстой төлбөрөө төлөх хүсэлтэй байна. Охин маань уг сургуульд 2019 онд ороод 2024 оны 02 дугаар сард төлбөр төлөх боломжгүй болоод тус сургуулиас гарсан.

3. Хариуцагч ********нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******, ******* нараас нийт 11,445,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,714,151 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас нийт 198,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх 3,714,151 төгрөгийн алдангийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

Талуудын байгуулсан 2022 оны гэрээнд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги тооцохоор, 2023 оны гэрээнд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор заасан.

Мөн авлагын тооцоо бодсон баримт нь зайлшгүй гэрээ байгуулсан талуудад танилцуулах шаардлагатай баримт биш бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байхад шүүх алдангийн хэмжээг хассан нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нар оролцоогүй, бичгээр тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ********нарт холбогдуулан 2021-2022 оны хичээлийн жилийн автобусны төлбөрийн үлдэгдэл 103,750 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,799,500 төгрөг, алданги 1,337,698 төгрөг, автобусны төлбөр 780,800 төгрөг, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,752,906 төгрөг, алданги 2,376,453 төгрөг, автобусны төлбөр 700,000 төгрөг, хоолны төлбөр 234,000 төгрөг, англи хэлний номны үнэ 40,000 төгрөг, хятад хэлний номны үнэ 35,500 төгрөг, нийт 15,159,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.1. Хариуцагч ******* нэхэмжлэлийг зөвшөөрсөн.

Харин хариуцагч ********нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

2.2. Анхан шатны шүүх нотолгооны хуваарилалт хийхдээ хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрсөн байр суурь илэрхийлсэн байгааг харгалзан үзэлгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

3. Хариуцагч нарын охин ******* нь ****** сургуульд 2019 оны хичээлийн жилээс 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд суралцжээ.

Энэ хугацаанд зохигч нь 2022 оны 09 дүгээр сарын 19, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд сургалтын гэрээ байгуулж, гэрээгээр ****** сургууль батлагдсан стандарт, сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл сургалт чанартай зохион байгуулж, хүүхдэд мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхээр, суралцагчийн эцэг эх сургалтын төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Улмаар шүүхээс хариуцагч нарын нэхэмжлэлийн үндэслэл, тооцооллын эсрэг мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй, гэрээгээр эцэг, эх нь хүүхдийн сургалт, автобус, хоол, номны төлбөрийг төлөх үүрэг хүлээснийг харгалзан үүнд хамаарах 11,445,657 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь үндэслэлтэй болжээ.

 

3.2. Хариуцагч нар нэхэмжлэлийг эсэргүүцэж маргаагүй нөхцөлд шүүх нь нэхэмжлэлийн үндэслэл, тооцоололд тулгуурлан алдангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх алданги гаргуулах шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчсөн.

Зохигчийн байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээнд 0.5 хувиар тус тус алданги тооцохоор заасан.

Иймд 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,799,500 төгрөгт ногдох алданги 1,337,698 төгрөг, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,752,906 төгрөгт ногдох алданги 2,376,453 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

Үүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нотолгооны хуваарилалтын алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03941 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 15,159,808 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 233,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 233,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ