Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/01144

 

 

 

 

 

 

*******, ******** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03579 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******** нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

даатгалын нөхөн төлбөрт 24,390,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Тоёота Вэллфайр маркийн ******* улсын дугаартай автомашинаа 53,000,000 төгрөгөөр үнэлэн 636,000 төгрөгийн хураамж төлж, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл даатгуулсан.

Даатгалын гэрээ байгуулсан албан тушаалтан нь зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлийг 100 хувь даатгалын байгууллагаас барагдуулж өгнө гэж тайлбарлаж өгсөн.

2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой замд нэг адуу гарч ирж машинд мөргүүлэн зам тээврийн осол гарсан. Цагдаагийн байгууллагад ослын шалтгаан нөхцөлийг шалгуулж, *******-д нэн даруй мэдэгдэж, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг эрх бүхий байгууллагаар хохирлын үнэлгээг тогтоолгоход 24,390,000 төгрөгийн хохирол гарсан.

Гэвч хариуцагч нь "Даатгуулагчид учирсан энэхүү хохирлыг талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан эрсдэл гэж үзэх боломжгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд мал, амьтныг мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалаагүй. гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Гэрээний 2.3-д заасан хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөж, шүргэх, биет зүйлд мөргүүлэх, өртөх үед учирсан эрсдэлийг хамгаалахаар заасан нь мал мөргөхөд хамаарах заалт гэж үзэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос, учирсан нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Иймд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 24,390,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Адуу мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсныг даатгалын гэрээнд заасан эрсдэл гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээнд мал амьтан мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалаагүй бөгөөд гэрээний 2.3-т замын хөдөлгөөнд оролцох үеийн дараах эрсдэлийг хамгаалахаар заасан: a.Хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх, b.Хүн, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх, c.Биет зүйлд мөргүүлэх, өртөх, үед учирсан гэх эрсдэлийг хамгаалахаар заасан.

Мөн гэрээний 7.19-т биет зүйл-ийг даатгалын зүйл, түүний эд ангид гэмтэл учруулах хэмжээний даралт үзүүлэхүйц замын нүх, ховил, жалганаас бусад хатуу биетийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд хатуу биет гэдэгт өөрөө хэвийн дулаанд хатуу чанараа хадгалж чаддаг ган, төмөр, чулуу, мод, шил зэргийг ойлгоно.

Гэрээний 4.2-т заасан даатгалын гэрээнд заагаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол болон Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх зохицуулалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд даатгалын нөхөн төлбөрт нийт 24,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 24,390,000 төгрөгийг *******-иас гаргуулж, нэхэмжлэгч ********, ******* нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ********, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,900 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 279,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.3-т Замын хөдөлгөөнд оролцох үеийн дараах эрсдэлийг хамгаалахаар заасан:

а. Хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх,

b. Хүн, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх,

с. Биет зүйлд мөргүүлэх, өртөх, үед учирсан гэх эрсдэл.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийг даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол үүссэн гэж нэхэмжлэлийг эсэргүүцсэн боловч энэхүү татгалзал нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч талаас даатгалын гэрээний эрсдэл биш гэдгийг гэрээнээс харахаас өөр ямар баримтаар нотлох ёстой байсан гэдгийг ойлгохгүй байна.

Нэхэмжлэгч нь адуу мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь гэрээний 2.3-т заагдсан эрсдэлд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг өөрөөр тайлбарлаж буюу гэрээний 2.3-т а. Хүн тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх эрсдэлд мал амьтан мөргөх эрсдэлийг хамааруулахаар тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хариуцагч талыг биет зүйл гэх ойлголтыг өөрийн тайлбараар мал амьтан хамаарахгүй гэж үгүйсгэсэн гэж дүгнэж талуудын хооронд байгуулагдсан гэрээг өөрөөр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Адуу мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь гэрээний 2.3-т заасан хүн тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх, биет зүйлд мөргүүлэх, өртөх гэсэн заалтад хамаарна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ********, ******* нар нь *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 24,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч даатгалын гэрээнд заагаагүй эрсдэлийн улмаас учирсан нөхөн төлбөр шаардаж байна гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан даатгалын гэрээгээр ******* нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Тоёота Вэллфайр маркийн ******* улсын дугаартай автомашинд учрах эрсдэлийг даатгаж, нэхэмжлэгч тал даатгалын хураамжид 636,000 төгрөгийг төлсөн.

Гэрээг ******* байгуулахдаа тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл бүхий жолоочоор нөхөр ********г бүртгүүлжээ.

 

3.1. Гэрээний хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******** нь Тоёота Вэллфайр маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хэнтий аймгийн Бэрх тосгоноос баруун тийш 8 км орчим зайтай газарт 1 тооны адуутай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан болох нь Хэнтий аймгийн Батноров сумын Сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэлийн хуудсаар тогтоогдсон.

 

3.2. Ослын улмаас автомашинд 24,390,000 төгрөгийн хохирол учирсан болохыг Бодит үнэлгээ ХХК 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлан гаргаж тогтоосон.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Даатгалын зүйл болох автомашин нь адуу мөргөсөн нь даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарах эсэхэд зохигч маргасан.

Гэрээний даатгалын эрсдэлийн 3-т замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх үеийн эрсдэлийг 100 хувь хамгаалж нөхөн төлбөр олгохоор заажээ.

Мөн гэрээний 7.19-т биет зүйл гэдэг нь даатгалын зүйл, түүний эд ангид гэмтэл учруулах хэмжээний даралт үзүүлэхүйц замын нүх, ховил, жалганаас бусад хатуу биетийг ойлгохоор заасан.

Харин хатуу биет гэсэн ойлголтод ямар нөхцөл, шалгуур хамаарахыг даатгалын гэрээнд тодорхой заагаагүй тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгийг үндэслэн гэрээний бусад нөхцөл болон ерөнхий агуулгатай харьцуулан тодорхойлох шаардлагатай.

Энэ утгаараа мал амьтан нь амьд биет боловч тухайн нөхцөлд даатгалын зүйлд гадны нөлөөллөөр хохирол учруулсан, эд зүйл болохын хувьд хатуу биет-ийн ойлголтод хамаарна.

Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсгийн дагуу мал амьтан нь эд зүйлд тооцогддог эрх зүйн зохицуулалттай.

 

4.2. Анхан шатны шүүх даатгалын гэрээгээр 100 хувь хамгаалагдсан эрсдэл учирсан болохыг гэрээний агуулгаар зөв тодорхойлж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл даатгагчид үүсээгүй гэж үндэслэлтэй дүгнэжээ.

Ийнхүү хариуцагчаас 24,390,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт нийцэж байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ