Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1229

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, 

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч А.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03727 1561  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн А.М, 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 108-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД: УС86012412/,

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, гэр хорооллын гудманд өөрийн эхнэр Б.Уртнасанг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Уртнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нөхөр болох М нь хүү Төгөлдөр бид 2-г орхиод Энхтайван гэх найзынх руугаа очиж хөгжим аваад ирье гээд явсан. Тэгээд нөхрийгөө бараг 2 цаг гаран хүлээгээд байж байтал Энхтайваны гэрээс нэлээн согтуу гарч ирсэн. М хүрч ирээд “Хүүхэд хаана байна гэхээр нь би “Жавхаа тэвэрсэн араас ирж байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд М шууд надруу дайраад байхаар нь бид 2 ноцолдоод би дийлэхгүй газар нүүрээрээ шургаж унасан. Тэгээд би “Маа чи тэнэг юм уу?” гэж хэлээд өндийхөд М атгасан гарны хэмжээтэй чулуу гартаа барьчихсан шууд миний баруун хөмсөгний дээд хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд миний хөмсөгнөөс зөндөө цус гарсан. миний төрсөн дүү Золбоо ирээд цагдаа дуудсан..., М манай нөхөр нэг гэрт хамт амьдраад 2 жил болж байна. Бид 2 дундаасаа 1 нас 2 сартай Төгөлдөр гэдэг хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй..., Би халамцуу байсан, найз болох Батзориг, Жавхаа бид 3 нэг шил 0 75 литрийн Хараа архи хувааж уусан. Харин М нэлээн согтуу байсан.... Манай найз Төгсөө харсан байж магадгүй, тухайн үед их цочирдсон байсан болохоор хүн байсзн эсэхийг сайн санахгүй байна..., Өмнө нь намайг зодож цохиж байгаагүй гэр бүлийн жижиг маргаан бол байсан..., Хамгаалах байранд очих шаардлага байхгүй Надад одоо гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,

“...М манай нөхөр бид 2 нэг гэрт хамт амьдраад 2 жил гаран болж байна. Бид 2 дундаасаа 1 нас 2 сартай Төгөлдөр гэдэг хүүтэй. Ямар нэгэн гэрлэлтийн баталгаа байхгүй..., Тухайн өдөр нөхөр болох М бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М нэлээн согтуу надтай гудамхинд таараад шууд түлхэж унагаагаад чулуу аваад баруун хөмсөгний дээд хэсагт 1 удаа цохиж гэмтээсэн Тэгээд би цагдаа- байгууллагад хандсан..., М намайг өмнө нь цохиж зодож байгаагүй. Бид 2 гэр бүлийн жижиг сажиг асуудлаас болж хааяа хэрэлдцэг байсан..., Нөхөр болох М архи согтууруулах ундааны зүйл хэрэгллх их дуртай гэхдээ согтсон үедээ хүүхэд бид 2-т агсан согтуу тавьж, цохиж зодож байсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна..., Би хохирогч Б.Уртнасангийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр БЗД-н 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед эхнэр болох Б.Уртнасантай маргалдаж түлхэж унагаагаад, газар байсан чулуугаар зүүн хөмсөгний дээд хэсэгт 1 удаа цохиж гэмтээсэн, Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Би Уртнасантай гудамжинд таарахад, Уртнасан архи уучихсан тэгээд миний хүү Төгөлдөрийг манай найз Жавхаад тэврүүлээд ирж байхаар нь тухайн үед миний уур хүрээд эхнэр болох Уртнасанг чулуугаар цохисон..., Надад гомдол санал байхгүй..., Б.Уртнасан бид 2 хамт амьдраад 2 жил болж байна. Бид 2 дундаасаа 1 нас 2 сартай Төгөлдөр гэдэг хүүтэй..., Б.Уртнасан бид 2 гэр бүлийн асуудлаас болоод хааяа хэрэлдэж муудалццаг. Өмнө нь би эхнэр болох Уртнасанг цохиж зодож байсан асуудал байхгүй..., Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу өөр надад нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7802 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Уртнасангиин биед тархи доргилт, дух баруун хөмсөгний гадна хэсэг шарх зулгаралт, зөөлөн эдиин няцрал баруун зовхины зөөлөн эдийн няцрал дус хуралт, зулгаралт, баруун хацарт зулгаралт хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, иуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагий үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 18/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, гэр хорооллын гудманд өөрийн эхнэр Б.Уртнасанг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Уртнасангийн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  ...тэгэхэд М шууд надруу дайраад байхаар нь бид 2 ноцолдоод би дийлэхгүй газар нүүрээрээ шургаж унасан. Тэгээд би “Маа чи тэнэг юм уу?” гэж хэлээд өндийхөд М атгасан гарны хэмжээтэй чулуу гартаа барьчихсан шууд миний баруун хөмсөгний дээд хэсэгт 1 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Уртнасан нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч А.Мт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар А.Мт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР