Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч М.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. Гт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03682 1598 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, М. Г, 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол ЦТК байрны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ЦТК-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Наранзаяагийн ам хэсэгт нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Наранзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Гийн ээж Мөнхтуяагийн гэрт очиход хажуу талын орон дээр нөхөр Г унтаж байсан. Намайг гэрт орох үед хадам ээж Мөнхтуяа нь намайг архи уулаа гээд янхан гичий гэх мэтээр хэл амаар доромжилсон ба би хариуд нь балай авгай, янхан гичий гэх мэтээр хэл амаар доромжпох үед унтаж байсан нөхөр босож ирээд намайг ээжтэй нь хэрүүл хийлээ гэж миний ам луу нэг үдаа гараараа цохисон. ..Өмнө намайг зодох байгаагүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Гэрч Д.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай хүү ажлаасаа буугаад согтуу 23 цаг өнгөрч байхад ирээд унтаад өгсөн. Удалгүй эхнэр нь болох Наранзаяа ирж намайг балай авгай, чамд миний амьдрал хамаагүй, гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан ба хүү босож ирээд намайг өмөөрч эхнэрийнхээ ам хэсэг рүү нэг цохьсон. Тэгэхэд Наранзаяагийн доод уруулнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Яллагдагч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тогтоолтой танилцлаа Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүил байхгүй. ...Б.Наранзаяагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7491 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Наранзаяа-н биед доод уруулд зөөлөн эдийн няцрал дотор салстад шарх, цус хуралт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой дүгнэлт. /хх-ийн 15/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ЦТК-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Наранзаяагийн ам хэсэгт нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Наранзаяагийн: “...Намайг гэрт орох үед хадам ээж Мөнхтуяа нь намайг архи уулаа гээд янхан гичий гэх мэтээр хэл амаар доромжилсон ба би хариуд нь балай авгай, янхан гичий гэх мэтээр хэг амаар доромжпох үед унтаж байсан нөхөр босож ирээд намайг ээжтэй нь хэрүүл хийлээ гэж миний ам луу нэг удаа гараараа цохисон.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Наранзаяа нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч М.Гт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М. Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Гийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Г нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР