Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****,

Хариуцагч:  **** /РД:

Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т  289 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч **** хариуцагч****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны хариуцдаг **** оршин суудаг **** нь 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр болох 289 500 төгрөгийг засвар үйлчилгээний төлбөрт  одоо болтол төлөхгүй, сууц өмчлөгчдийн холбоог болон бусад суугчдын эрх ашгийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас төлбөрт 289 500 төгрөг гаргуулж өгнө үү.  

Хариуцагч **** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би СӨХ-ны төлбөрөө төлж байгаа бөгөөд **** гэдэг хүнээс худалдаж авахад төлбөрийн зөрүү гарсан байсан. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй ч тус байгууллага ажлаа муу хийдэг, подвалын хаалгыг солиулах талаар удаа дараа шаардахад биелүүлээгүйгээс шөнө хана доргин айлгаж цочоодог ба 2015 оны 3, 4 дүгээр саруудын төлбөрөө нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 6 дугаар сарын 21, 7 дугаар сарын 18-нд  тус тус төлсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч****нь хариуцагч ****с  дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 289 500 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

**** бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байх бөгөөд тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4 дугаатай шийдвэрээр **** гүйцэтгэх захирлаар томилжээ.

Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч төлбөрийн хэмжээ, болон төлөөгүй эсэх талаар маргахгүй байгаа ба татгалзах үндэслэлээ ажлаа муу хийдэг, ажлаа тайлагнадаггүй учраас төлөөгүй гэж тайлбарлана.

СӨХ-ны үйл ажиллагаа муу, засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаарх маргаан зэрэг нь хуульд заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар СӨХ-ны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон байдаг бөгөөд оршин суугчид, гишүүдэд нь СӨХ-ийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг нь олгосон байдаг.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлийн 7.2.10-д “тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих”, 11.7-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.”, 12 дугаар зүйлийн 12.6-д “Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна.”, 13 дугаар зүйлийн 13.1.4-т “засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж тус тус заасны дагуу СӨХ болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбоотой гомдлоо оршин суугчид, гишүүд, хяналтын зөвлөл нь эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.  

Хариуцагч**** нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 21, 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд 2015 оны 3, 4 дүгээр сарын төлбөрөө төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээр дурдсан хоёр сарын төлбөр 38 600 төгрөгийг хасч тооцон, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 250 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “****” сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч ****аас 250 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “****” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 335 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 8 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ