Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01170

 

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/03499 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********т холбогдох,

гэм хорын хохиролд 306,550,262 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 05 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* нь нэхэмжлэгч *******ийн жолоодож явсан автомашиныг мөргөж осол гаргасан. Үүний улмаас *******, ******* нарын эрүүл мэнд, автомашинд хохирол учирч, *******ийн ээж ********, *******ын эхнэр ******** нар амь насаа алдсан.

*******т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй. Шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар түүнийг албадан ирүүлэх үүргийг Сэлэнгэ аймгийн *******ын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасан боловч энэ ажиллагаа биелэгдээгүй.

Албадан ирүүлэх ажиллагаа хийгдээгүйн улмаас ******* 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр амиа хорлосон бөгөөд үүнээс шалтгаалан эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, хохирогчид болох нэхэмжлэгчид гэм буруутай этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ эдэлж чадахаа больсон.

Нэхэмжлэгч *******ийн гомдлын дагуу шалгалт хийж, Сэлэнгэ аймгийн *******ын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагч ******* нь ажлын хариуцлага алдсан болох нь тогтоогдож, түүнд сануулах сахилгын шийтгэл оногдуулсан талаар тус цагдаагийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн.

Цагдаагийн албаны тухай хуулийн 5, 6, 14 дүгээр зүйлүүдэд заасан үүргийг цагдаагийн албан хаагч хангалтгүй биелүүлснээс хохирогчид эрхээ эдэлж чадаагүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас доорх хохирлыг гаргуулан олгуулах үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч ******* оршуулгын зардал 16,858,057 төгрөг, онгоцны билетийн зардал 25,367,220 төгрөг, сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөг, нийт 141,225,227 төгрөг, нэхэмжлэгч ******* оршуулгын зардал 45,216,985 төгрөг, автомашины хохирол 9,228,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 110,880,000 төгрөг, нийт 165,324,985 төгрөг тус тус нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шөнө Сэлэнгэ аймгийн ****** сумын нутагт *******ын согтуугаар автомашин жолоодож нэхэмжлэгчийн автомашиныг мөргөсөн ослын улмаас амь, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчид нийт 306,550,262 төгрөгийн хохирол гаргуулан авах тухай нэхэмжлэл гаргасан.

Гэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн шууд буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг тухайн ажиллаж буй байгууллага нь хариуцах зохицуулалттай. Энэхүү ослыг цагдаагийн алба хаагч учруулаагүй, харин талийгаач *******ын гэм буруутай үйлдэл байсныг хэрэгт авагдсан баримтууд нотолж байгаа тул цагдаагийн байгууллага хариуцах үндэслэлгүй.

Мөн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн албадан ирүүлэх захирамжийн дагуу *******ыг эрэн сурвалжлах үед түүнийг нас барсан байдалтай олсон. Цагдаагийн алба хаагч ******* сахилгын шийтгэл ногдуулсан боловч, энэ нь ослын шалтгааныг бүрдүүлсэн гэм буруугийн шууд холбоо биш бөгөөд тухайн осол, нас баралтад цагдаагийн байгууллагын албан үүргийн шууд зөрчил, гэм буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдоогүй.

Талийгаач шүүх хуралдаанд ирэхээ утсаар мэдэгдсэн байсан ба түүнийг ирүүлээгүйгээс болж нас барсан гэх шалтгаан нөхцөл бүрэн тодорхой биш, орон зайтай, шууд хамааралгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчид учирсан гэм хорыг төрийн байгууллага буюу цагдаагийн байгууллага хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 306,550,262 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,690,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчдийн зүгээс зам тээврийн ослоос үүдэн учирсан хохирлоо барагдуулах зорилгоор бүхий л арга хэмжээг авч ажилласан ч өнөөг хүртэл нэг ч төгрөгийн нөхөн төлбөр авч чадаагүй байна. Гэм хорыг учруулсан этгээд *******ын амь насаа егүүтгэсэн нь шүүхээс албадан ирүүлэх шийдвэрийг цагдаагийн алба хаагч ******* зохих журмын дагуу биелүүлээгүйтэй шууд бус боловч шалтгаант холбоотой.

Хэрэв уг захирамжийг цагдаагийн байгууллага хугацаанд нь биелүүлсэн бол *******ыг шүүх хуралдаанд оролцуулж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Улмаар хохирогч нар нь шүүхийн шийдвэрт үндэслэн нөхөн төлбөр гаргуулах боломжтой байх байсан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг төр хариуцна гэж заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт цагдаагийн алба хаагчийн албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан хэдий ч, уг тохиолдолд албадан ирүүлэх ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүй буюу эс үйлдэхүй гаргасан нь шүүхийн шийдвэрт тусгагдсан болно.

Нэхэмжлэгчид гэм хорыг гаргуулах аргагүй нөхцөл байдалд орсон. Гэм буруутай этгээд нас барсан тул өв залгамжлалын журмаар хохирлоо гаргуулах боломжгүй, мөн Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам-ын хүрээнд Эрүүгийн хуулийн 27.10-д хамаарах хохиролд нөхөн төлбөр олгохоор заагаагүй байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарт учирсан хохиролд нийт 306,550,262 төгрөг гаргуулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Зам тээврийн осол гаргасан үйлдэлд цагдаагийн алба хаагчийн шууд буруутай үйл ажиллагаа байхгүй. Мөн хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд нас барсан нь цагдаагийн байгууллагад ослын улмаас учирсан хохирлыг төлөх үүрэг үүсгэхгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Хариуцагч ********т холбогдуулан нэхэмжлэгч ******* оршуулгын зардал 16,858,057 төгрөг, онгоцны билетийн зардал 25,367,220 төгрөг, сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөг, нийт 141,225,227 төгрөг, нэхэмжлэгч ******* оршуулгын зардал 45,216,985 төгрөг, автомашины хохирол 9,228,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 110,880,000 төгрөг, нийт 165,324,985 төгрөг буюу гэм хорын хохиролд нийтдээ 306,550,262 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь гэм хорын хохирлыг хариуцах шалтгаант холбоо байхгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. ******* нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 00 минутын орчимд Сэлэнгэ аймгийн ****** сум хоёрдугаар баг 196 дугаар зөрлөгийн зүүн тал, Баян-Уул зоогийн газрын урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Harrier маркийн 65-63УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас *******ийн жолоодон явсан Toyota Prius-20 маркийн 71-68УАА, Б.Батнайрамдалын жолоодон явсан Lexus-350 маркийн 86-68СББ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас ********, ******** нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

 

3.1. Сэлэнгэ аймгийн ******* дахь Сум дундын шүүхээс товлосон урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч ******* ирээгүйн улмаас тухайн шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 15-ны өдрийн захирамжуудаар шүүх хуралдааныг хойшлуулж, яллагдагч *******ыг шүүхэд албадан ирүүлэхийг Сэлэнгэ аймгийн *******ын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгажээ.

Харин 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч ******* дүүжлэлтийн улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан тул түүнд холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн ******* дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/87 дугаар захирамжаар яллагдагч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

3.2. Яллагдагч *******ыг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг хариуцсан цагдаагийн албан хаагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжийн дагуу утсаар холбогдоход ******* нь шүүх хуралдаанд очно гэсэн хариу өгсөн, 02 дугаар сарын 15-ны өдрийн захирамжийн дагуу зохих ажиллагааг явуулахад яллагдагчийг нас барсан байдалтай олсон талаар илтгэх хуудас бичсэн.

Сэлэнгэ аймгийн *******ын сум дундын цагдаагийн хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгийн 81.4.1-д заасныг үндэслэн *******д сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага яллагдагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүй.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч нь яллагдагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүй хэдий ч тухайн этгээдийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэжээ.

 

4.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон хохирол хоорондоо зайлшгүй шалтгаант холбоотой байх ёстой.

Хариуцагч нь яллагдагч *******ын шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй ч үүнээс үүдэн яллагдагч ******* нас барсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул тухайн яллагдагчийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг цагдаагийн байгууллага хариуцах шалтгаант холбоо байхгүй.

Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас яллагдагч ******* нас барж, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч нар эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шаардах эрхээ алдсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

4.2. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй байх бөгөөд яллагдагч нас барсан нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг бусад байдлаар арилгуулах хууль зүйн боломжийг хязгаарлахгүй гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй.

 

5. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн байгааг дурдвал зохино.

 

6. Анхан шатны шүүх нас барсан яллагдагчийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэггүй талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж,нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/03499 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,690,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ