Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Ж.А, Г.Н, Б.Э /өөрөө өөрсдийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бүргэд овогт Жаргалсангийн А, Дагж овогт Гэнээгийн Н, Далхжав овогт Балтын Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03727 1561  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ж.А, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Грийн апартмент 39-18 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Н, 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол ЦТК байрны 1 тоотод оршин суух хаягтай, урьд 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн №337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Э, 1986 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа тээвэр хийдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод 2-79 тоотод оршин суух хаягтай, урьд 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн №337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 3 дугаар  сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн апартмент хотхоны 39а байрны 1 давхарт иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь “дээд уруулын шарх, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, 1 шүдний булгарал, 2 шүд хөдөлгөөнтэй гэмтэл” бүхий хөнгөн хохирол, мөн Г.Нг зодож эрүүл мэндэд нь “нүүрний зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, баруун гуя, ар нурууны цус хуралт, 2 шүд хөдөлгөөнтэй гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь Г.Нтэй бүлэглэн 2019 оны 3 дугаар  сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн апартмент хотхоны 39а байрны 1 давхарт иргэн Ж.Аыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн гарын бугалганд шалбаралт зэрэг гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Н нь Б.Этой бүлэглэн 2019 оны 3 дугаар  сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн апартмент хотхоны 39а байрны 1 давхарт иргэн Ж.Аыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн бугалганд шалбаралт зэрэг гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ж.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр цэргийн баяр тэмдэглэх гэж Гантулга, Оюунбаатар, Доржням нарыг урьсан. Манай гэрт найзууд 17 цагийн үед ирсэн санагдаж байна. Бид нар оройхон яармаг луу Доржнямыг хүргэж өгөхөөр гараад гэрт нь хүргэж өгчихөөд буцаад манайхруу ирсэн. Манай гэр лүү бид гурав орж явах замдаа би буцаад дэлгүүр гарах гээд буцсан. Орцоор гарах гэхэд орцонд зогсож байсан хоёр согтуу залуу надруу агсараад чи хэн бэ гэхээр нь би энэ байранд амьдардаг хүн байна гэхэд мөрөөрөө яваарай гэж хэлсэн. Мөрөөрөө явж байна гэж хэлэхэд гөлөг минь зайл гэж хэлсэн Юу гээд байгаа юм гэхэд юу гэсэн юм гэзд тэр хоёр надруу дайраад нэг нь араас боогоод нэг нь урдаас толгойруу цохьсон. Нилээн олон удаа цохиулаад зууралдаж байх явцдаа найз Гантулгыг дуудсан. Гантулга бууж ирээд салгасан, тэр хоёр залуугаас намайг холдуулсан...толгой хавантай нүүрэн дээр халцарсан байсан. Хоолой боогдсоноос болж улаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би найз Нтэй 14 цагийн үед тээврийн товчоон дээр найз Н, Тунгаа нартай уулзаад баяр тэмдэглэхээр болоод Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Грийн апартментийн 39а байрны 13 тоотод ирсэн. Тунгаагийн гэрт бид нар 2 шил архи ууж юм ярьж байгаад 23 цаг өнгөрч байхад харин гээд гарсанаа санаж байна, тэгээд тасарчихсан. Нэг ухаан ороход амнаас цус гарчихсан үүдэн нэг шүд уначихсан уруул дотор талдаа язарч хавдаж цус гарчихсан байсан...Үүдэн 2 шүд унаад хиймэл шүд хийлгэсэн. Эмчилгээний зардал буюу шүд хийлгэхэд 100.000 төгрөгөөр шүд хийлгэсэн. Дараа буйландаа шүд суулгуулна. Камерын бичлэг үзсэн. Намайг нүүр рүү өшиглөж шүд хугалж байгаа нь тодорхой байсан. Сахалтай өндөр залуу байна лээ. Уг залууг мөн би зодож байгаа нь бичигдсэн байсан...Мөн Нг тэр залуу зодож байгаа нь бичигдсэн байсан...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 14, 16/,

Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э бид хоёр Найз Тунгаагийн гэрээс шөнө гараад явж байгаад орцны үүдэнд нэг залуутай маргасан, юунаас маргасан талаараа сайн санахгүй байна. Нилээн согтуу байсан. Камерын бичлэгээс үзэхэд өндөр сахалтай залуу Эын нүүр лүү өшиглөж байсан. Мөн намайг доороо хийгээд зодож цохиж байсан. Тухайн сахалтай залууг Э мөн толгой нүүр лүү нь цохиж байсан, би салгах гэж оролдож байгаа, мөн тэр залуутай зууралдаж байгаа нь бичигдсэн байсан...гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-н 24/,

Гэрч О.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би найз Н болон түүний найз гэх залуутай 14 цагийн орчим байхад Зайсанд уулзаад манай гэрт хамт ирсэн. Манай гэрт юм ярьж суугаад Н найзтайгаа 0.75 литрийн архи хувааж уусан. Би тэр архинаас ерөөсөө уугаагүй. Тухайн архиа ууж дууссан, дахиж тэр хоёр гарч дэлгүүрээс 0.5 литрийн архи авч орж ирээд тухайн архийг уусан. Нилээн юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад тэр хоёр явна гээд гарсан. Эруу эхнэр нь байн байн залгаад байсан учир явлаа гээд түрүүлээд гарсан. Араас нь 30 оричм секунтын дараа Н гарсан. Тэрнээс хойш 2 минутын дараа санагдаж эргэж Н хаалга цохьсон. Энийг хардаа гээд найзынхаа шүдийг алган дээрээ тавьчихсан нүүр нь хавдчихсан зодуулчихлаа орцонд чинь, утасны цэнэг алга цагдаа дуудсан. Би хаалгаа хаачихаад гадуур хувцас хунараа өмсөөд араас гарахад цагдаа ирчихсэн, Н найзын дээд уруул язарчихсан, тэр хавьд нилээн цус болчихсон, үүдэн шүд нь уначихсан байсан...манайхаас гарахдаа Э Н нар гэмтэлгүй зүгээр байсан, харин манайхаас гараад зодуулаад хүн аймар царайтай болчихсон эргэж орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

Яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Гурвуулаа уулзсан учраа олсон учир түргэн шуурхай шийдэж өгнө үү. бичлэг дээр би тухайн залуугийн нүүр толгойбие рүү цохиж байгаа мөн тэр залуу миний нүүрэн тус газар өшиглөж байгаа мөн найз Нтэй барьцалдаж зодолдож байгаа нь тодорхой байгаа учир өөр нэмж ярих зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

Яллагдагч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид  эвлэрсэн одоо түргэн шуурхай шийдүүлмээр байна. нэг нэгнээсээ хохирол нэхэмжлэхгүй учир шуурхай шийдүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 74/,

Яллагдагч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3631 тоот дүгнэлтэд: 

  1. Ж.Аын биед тархи доргилт, дух, зүүн гарын бугалганд шалбаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №55 тоот дүгнэлтэд: 

  1. Г.Нд нүүрний зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, баруун гуя, ар нурууны цуе хуралт, 2 шүд хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.
  3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №56 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Эод дээд уруулын шарх, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, 1 шүдний бургарал, 2 шүд хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.

3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 53/, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 4-8/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/, Баянзүрх дүургийн 19 дүгээр хороонд байрлах Грийн апартмент хотхоны 39А байрны хяналтын камераас хуулбарлан авсан бичлэгийг цагаан өнгийн сидинд буулган үзлэг хййсэн тэмдэглэл /хх-н 36/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87, 99, 81/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82, 100/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83, 88, 101/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 3 дугаар  сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн апартмент хотхоны 39а байрны 1 давхарт иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь “дээд уруулын шарх, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, 1 шидний булгарал, 2 шүд хөдөлгөөнтэй гэмтэл” бүхий хөнгөн хохирол,

мөн Г.Нг зодож эрүүл мэндэд нь “нүүрний зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, баруун гуя, ар нурууны цус хуралт, 2 шүд хөдөлгөөнтэй гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь

Хохирогч Б.Эын: 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...ухаан ороход амнаас цус гарчихсан үүдэн нэг шүд уначихсан уруул дотор талдаа язарч хавдаж цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Нгийн: “...Э бид хоёр Найз Тунгаагийн гэрээс шөнө гараад явж байгаад орцны үүдэнд нэг залуутай маргасан, юунаас маргасан талаараа сайн санахгүй байна. Нилээн согтуу байсан. Камерын бичлэгээс үзэхэд өндөр сахалтай залуу Эын нүүр лүү өшиглөж байсан. Мөн намайг доороо хийгээд зодож цохиж байсан” гэсэн мэдүүлгээр,

              Шүүгдэгч Б.Э, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар  сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн апартмент хотхоны 39а байрны 1 давхарт иргэн Ж.Аыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн гарын бугалганд шалбаралт зэрэг гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан нь болох нь

              Хохирогч Ж.Аын“...Орцоор гарах гэхэд орцонд зогсож байсан хоёр согтуу залуу надруу агсараад чи хэн бэ гэхээр нь би энэ байранд амьдардаг хун байна гэхэд мөрөөрөө яваарай гэж хэлсэн. Мөрөөрөө явж байна гэж хэлэхэд гөлөг минь зайл гэж хэлсэн Юу гээд байгаа юм гэхэд юу гэсэн юм гэзд тэр хоёр надруу дайраад нэг нь араас боогоод нэг нь урдаас толгойруу цохьсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ж.А, Б.Э, Г.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.А, Б.Э, Г.Н нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.А, Б.Э, Г.Н нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Ж.А, Б.Э, Г.Н нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.А, Б.Э, Г.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж.А, Г.Н, Б.Э нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Ж.А, Б.Э, Г.Н нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.А, Б.Э, Г.Н нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.А, Б.Э, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.А, Б.Э, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР