| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 183/2017/00497/И |
| Дугаар | 001/ХТ2017/01579 |
| Огноо | 2017-12-08 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2017/01579
С.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01269 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1739 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Х” ХК-д холбогдох,
Ээлжийн амралтын олговор, тэтгэмж, хохиролд 705 748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнжин нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнжин, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2014-2015 онд “Х” ХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогссон бөгөөд ажилчдад урьдчилан сануулж мэдэгдэлгүйгээр 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С.А-ийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Тушаалд ээлжийн амралт 26 хоногоор тооцож, ажилгүйдлийн тэтгэмж 1 сараар тооцож олгоно гэж заасан боловч олгоогүй. Компанийн нягтлан бодогч Н.Цэцэгдэмбэрэлтэй удаа дараа очиж уулзахад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тэрээр 2015 оны амралтын мөнгө 268 798 төгрөг, 1 сарын цалин 302 650 төгрөг, нийт 571 650 төгрөг олгоно гэж тооцож бичиж өгсөн. Уг тушаалтай холбоотой асуудлаар удаа дараа Орхон аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан зардлын хамт нийт 705 748 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ажлаас халагдсаны тэтгэмж болох мөнгөн дүн нь 268 000 төгрөг, нэг сарын цалин нь 302 650 төгрөг гэж нэхэмжилсэн байдаг. Уг шаардлагын үндэслэлдээ ажлаас чөлөөлөх тушаалд заасан дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гэдгийг хэрхэн тооцсон талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд ямар баримтыг үндэслэж гаргаж байгаа нь тогтоогдохгүй байна. Мөн тус нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусаад аль хэдийн 2 жил өнгөрч байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу гомдлын шаардлага гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.
Иймд гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн, нэхэмжилж байгаа үндэслэл нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01269 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХК-иас 571 448 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С.А-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 134 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17 793 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1739 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн төлсөн 17 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, өгөх, цуглуулах” үүрэгтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүх нь дээрх хуулийн зохицуулалтыг алдагдуулж, хэргийн оролцогчдоос маргаагүй баримтыг тухайлбал хэргийн 5 дахь талын арын хуудаст ээлжийн амралтын олговор, 1 сарын цалинг компанийн нягтлан бодогч Н. Цэцэгдэмбэрэлийн тодорхойлон бичсэн бичилтийг дүгнэхэд эргэлзээтэй гэжээ. Гэтэл энэ баримтын талаар анхан шатны шүүхэд зохигчид маргалдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгч миний бие нь 705 748 төгрөгийг цалинг нэхэмжилж өнөөдрийг хүртэл Орхон аймгаас ирж очих зардалдаа чирэгдэж, маш их хохирч байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.
Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж, ээлжийн амралтын олговор, өөрт учирсан хохирол зэрэгт 705 748 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “Х” ХХК нэхэмжлэлийг татгалзаж, мэтгэлцсэн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт буюу нягтлан бодогч Н.Цэцэгдэмбэрэлийн тодорхойлж бичсэн тооцоолол гэх “...бичилтийг нягтлан бодогч Н.Цэцэгдэмбэрэл бичсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй” гэж үзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч С.А- нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохын тулд өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь буруу биш ба хариуцагч энэ баримтыг үгүйсгэсэн нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн мэтгэлцээгүй асуудлыг хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэл болгосон нь талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх арга хэлбэрийг тодорхойлсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т заасныг зөрчсөнөөс гадна талуудын нотлогооны үүргийг буруу хуваарилсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч С.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан хугацаанд хамаарч байгаа эсэх талаар анхан шатны шүүх дүгнээгүй гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнээгүй биш харин “...ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажилтанд өргөдлийн хариуг өгөхдөө төлбөрийг барагдуулна, цаашид ажилд эгүүлэн авах боломжтой гэсэн нь ажилтныг хүлээлгэх агуулгыг илэрхийлж байх тул 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасанд нийцэж байна” гэж шийдвэртээ дүгнэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1., 129.3.-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй ба энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болдог байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй тул уг хугацааг сэргээх эсэх асуудлыг хянан шийдвэрлээгүй байна.
Давж заалдах шатны шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлтийг бүрэн эрхийнхээ хүрээнд хийж, нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоогүй, эсхүл нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байтал дээрх нөхцлийг хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан, хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байна.
Нэхэмжлэгч С.А- нь “Х” ХХК-д үйлчилгээний жолоочоор ажиллаж байгаад ажил олгогчийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02\127 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар ажлаас халагджээ. Ажил олгогчийн тушаалд ажилтны ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор болон нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох талаар заасан байна.
Ажил олгогч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан нэхэмжлэгчид дээрх олговор болон тэтгэмжийг олгоогүй тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.1.-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар ажил олгогч ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох ёстой.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлээс замын зардлын 134 300 төгрөгийн шаардлагыг нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1739 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН