Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 111

 

 

Б.Ү, Б.О, О.М,

У.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 164 дүгээр магадлалтай, 201201050821 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Б-н О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Танхайрах хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдэх”, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч прокурорын хяналтаас оргох” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт У-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдэх”, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Танхайрах хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдэх” гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт О-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Танхайрах хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдэх” гэмт хэрэгт,

 

4. Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-н Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдэх”, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч прокурорын хяналтаас оргох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.А-, О.М- нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэг болгон тус тус өөрчилж,

Б.О-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн, чулууг зэвсгийн чанартай хэрэглэн догшин авирлаж үйлдсэн, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн, У.А-ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, О.М-ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Б.Ү-ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б.О-г 5 жил 1 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, У.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сар хорих, Б.Ү-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил 1 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар У.А-т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 жил 6 сар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялаас 2 жил хорих ялыг хасаж, үлдэх 1 жил 1 сар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар О.М-эд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялаас 2 жил хорих ялыг хасаж, үлдэх 1 жил 1 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Ү-ад оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялаас 2 жил хорих ялыг хасаж, үлдэх 1 жил 6 сар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар У.А-т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 6 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Ү-ад эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 6 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.О-, У.А-, Б.Ү-, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.М-эд нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.О-гаас эмчилгээний төлбөрт 469,350 төгрөгийг гаргуулан М.З-д олгож, У.А-, О.М-, Б.Ү- нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.М-эд оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “… Прокурорын газраас Б.О-, Б.Ү- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай…”, гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “… Б.О-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэргийг чулууг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн, Б.Ү-ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай …” гэж өөрчлөн, 3 дахь заалтын “…мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Б.О-г 1 жил хорих ял, …Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Б.Ү-ыг 1 жил хорих ял …” гэснийг тус тус хасаж, тогтоох хэсгийн 5 дахь заалтын Б.О-, Б.Ү- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ү-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч М.Алтанцэцэг, прокурор А.Оюунгэрэл нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Б.Ү-ад Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн бол хэргийн бодит байдалтай нийцэх байсан. Хэргийн бодит байдлыг зөв тооцож чадаагүйгээс хэргийг буруу зүйлчилж, ялыг ялгамжтай зөв оногдуулж чадсангүй гэж үзэж гомдол гаргасан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...: Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон. Гэрч болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрэг хангалттай нотлогдож, тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.О-, У.А-, О.М- нар нь 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн орчимд М.З-, Э.О, А.Дө, М.А нарыг гудамжинд явж байхад нь хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бүлэглэж танхайрах явцад шүүгдэгч Б.О- нь чулууг зэвсгийн чанартай хэрэглэж М.З-ийн биед “эрүүний ясны далд хугарал, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, Э.Оын биед “баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, шүүгдэгч У.А- нь Э.О-ын нүүрэн тус газар нь өшиглөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, М.А-г цохиж халдашгүй байдалд нь хүч хэрэглэн халдсан,

У.А-, Б.Ү- нар нь 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүлэглэж Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ж-ын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь хөнгөн гэмтэл учруулсан тухай үйл баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Шүүх прокуророос У.А-, О.М- нарт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ чулууг зэвсгийн чанартай хэрэглэсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр 181.2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.О-, Б.Ү- нарт холбогдох Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.О-н үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, У.А-, Б.Ү- нарын үйлдсэн гэмт хэргийг 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Б.Ү-, Б.О-, О.М-, У.А- нарт оногдуулсан хорих ялаас зарим хэсгийг өршөөн хассан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа тухайн өөрчлөлт оруулсан хэсгийг “хасах” гэж хуульд байхгүй нэр, үг хэрэглэсэн, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалтыг “148 дугаар зүйлийн 148.1.1” гэж техникийн алдаа тус тус гаргасныг дурдаж, анхааруулах нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “Б.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 164 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ