Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2025/0077

 

О.Н, Т.Б нарын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:              Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн:           Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                Г.Банзрагч

                                                               М.Батсуурь

            Илтгэгч шүүгч:                    П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:   Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй хэргийг, нэхэмжлэгч О.Н, Т.Б, өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, С.М нарыг оролцуулан, хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулаагүй болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч)-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино” гэснийг зөрчсөн буюу мөрдлөг болгон ажиллаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

2.Хэргийн нөхцөл байдал: Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр “.... сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээг авахыг даалгасан байх бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Ч.М-г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулах шийдвэрлэжээ. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн албаны зөвлөлд хандаж, сонгон шалгаруулалт явуулахаар сул орон тооны захиалга хүргүүлж, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сонгон шалгаруулалт зарласан боловч “албан тушаалын тусгай шаардлага хангасан хүн байгаагүй” гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалт цуцлагдсан, үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг хүргүүлсэн байна.

3.Нэхэмжлэгч нараас “... Засгийн газрын тогтоол шийдвэрээр газрын даргыг сонгон шалгаруулж томилох байтал салбарын сайд дур мэдэн шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан, үүнд Засгийн газраас хяналт тавиагүй, хуулийн хугацаанд сонгон шалгаруулалт зарлаагүй, шаардлага хангахгүй хүнийг ажиллуулж байсан, сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдөх боломжоор хангахгүй бидний эрх ашгийг хөндөж байна” гэж,

4.Хариуцагчаас “... Газрын даргад тавигдах шалгуурыг Ч.М бүрэн хангасан, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад 5 иргэн бүртгүүлсэн боловч шаардлага хангасан хүн байхгүй гэсэн үндэслэлээр цуцлагдсан, хууль бус эс үйлдэхүй гаргаагүй” гэж тус тус маргажээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн:

5.1.Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх зарыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зарлаж бүртгэлд хамрагдахаар 6 иргэн материалаа ирүүлсэн бөгөөд материалыг тухайн шалгалтын комисс нягтлан үзээд “албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан иргэн байгаагүй” гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг цуцалсан байх бөгөөд үүнээс хойш уг сул орон тоог нөхөх шалгалтыг дахин зарлаагүй болох нь тогтоогдож байх ба ийнхүү төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг одоог хүртэл дахин зарлахгүй байгаа нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй нэхэмжлэгч нарыг тухайн орон тоонд зарлагдах сонгон шалгаруулалт оролцож, хуульд заасны журмын дагуу тэгш өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

5.2.Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр уг албан тушаалын сул орон тоог нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгосон байхад дээр дурдсанаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүйгээс гадна сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар түр орлон гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд М.Б-д даалгасан байхад ... Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулахаар томилсныг нь Засгийн газрын хуралдааны шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

5.3.Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх хуульд зааснаас үзвэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргах бөгөөд ингэхдээ дэд дарга, орлогчоор, дэд дарга, орлогчгүй эсхүл эзгүй тохиолдолд чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэхээр журамласан байхад томилох эрх бүхий албан тушаалтан биш Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.М-г сэлгэн ажиллуулахаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдолдоо:

6.1.Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 11.4-т заасны агуу Засгийн газраас тодорхой асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгавар үүрэг чиглэл өгөх агуулгатай бөгөөд энэ нь Засгийн газрын тухай хуульд заасан Засгийн газрын тогтоолд хамаарахгүй юм. Гэтэл хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүнд үүрэг даалгавар өгсөн дээрх хуралдааны тэмдэглэлийг Засгийн газрын тогтоолтой адилтган үзэж, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 2 дахь заалтын хэрэгжилтийн хангуулаагүй, мөн Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй мөрдлөг болгон ажиллаагүй” гэсэн нь хуулийн хэрэглээний хувьд алдаатай болсон.

6.2.Засгийн газрын хяналтын тухай хуулийн 3.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасан этгээдээс хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж, Хуралдааны тэмдэглэл-ийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажиллагаанд энэ хууль үйлчилнэ” гэж заасан бөгөөд хяналт тавих чиг үүргийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн даалгавар, үүрэг чиглэлийн биелэлтэд хяналт тавих асуудлыг хуулиар хүлээлгэсэн чиг үүргийн дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хариуцах тул шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулаагүй, хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

6.3.Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн даалгавар, үүрэг, чиглэлийг биелүүлэх талаар гаргасан сайдын тушаалын хууль зүйн үндэслэл, тогтоол шийдвэрт нийцсэн эсэх талаарх шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан асуудал юм.

6.4.Засгийн газрын захиалгаар албан тушаалын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 1.3.11-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл зохион байгуулдаг. Зам, тээврийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/2453 дугаар албан бичгээр албан тушаалын тодорхойлолтыг батлуулахаар ирүүлсэн хүсэлтийг дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг бэлтгэн боловсруулж, 2025 оны 06 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭГ/1702 дугаартай албан бичгээр албан тушаалын тодорхойлолтыг зохих журмын дагуу хянаж, батлах зөвшөөрөл олгох хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг одоогоор ирүүлээгүй байна.

6.5.Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалтыг зарлахтай холбоотой үйл явц нь Засгийн газрын тухай хуулийн 31.3-т “Засгийн газрын тогтоол Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохин байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино” гэж заасан Засгийн газар хяналт тавьж ажиллах чиг үүргээ биелүүлэн тухай бүр хяналт тавьж ажиллаж байгаа нь үүгээр нотлогдоно гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлон заасан “Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг хангуулаагүй” эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хууль бус эс үйлдэхүйн үр дагавар болон нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хооронд шууд хамаарал тогтоогдохгүй байна.

9.Тодруулбал, нэхэмжлэгч нараас өөрийн зөрчигдсөн эрхийг “Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалт оролцох, өрсөлдөх боломжоор хангаагүй” гэж тодорхойлсон атлаа 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад бүртгээгүй Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт маргаагүй, гомдол гаргаагүй байна.

10.Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно” гэж, 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно…” гэж зааснаар төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт нь сул орон тооны захиалга хүргүүлэх шийдвэр, сонгон шалгаруулалтыг нийтэд зарлах, шаардлага хангасан этгээдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хамгийн өндөр оноо авсан этгээдийг томилуулахаар нэр дэвшүүлэх, эрх бүхий албан тушаалтан томилох зэргээр өөр өөр байгууллагаас хэрэгжүүлэх, олон үе шаттай, хоорондоо уялдаатай цуврал шийдвэр гардаг хуулийн зохицуулалттай.

11.Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь “сонгон шалгаруулалтад бүртгэх”-ээс татгалзсан шийдвэртэй маргаагүй атлаа хариуцагч Засгийн газрыг “сонгон шалгаруулалтад оролцох, өрсөлдөх боломжоор хангаагүй, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. 

12.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 3-т “Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино” гэж заасан, нэхэмжлэгчээс хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэн хариуцагчийг үүргээ хэрэгжүүлээгүй, мөрдлөг болгон ажиллаагүй гэж буруутгаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад орох эрхийг шууд хөндөөгүйгээс гадна захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгосноор нэхэмжлэгч нарын ямар зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

13.Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад “ажлын байрны шаардлага хангаагүй” гэж нэхэмжлэгч нарыг бүртгээгүй Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр “… сонгон шалгаруулалтыг цуцалсан байх бөгөөд үүнээс хойш хариуцагч уг сул орон тоог нөхөх шалгалтыг дахин зарлаагүй” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ.

14.Хариуцагчийн “... хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүнд үүрэг даалгавар өгсөн дээрх хуралдааны тэмдэглэлийг Засгийн газрын тогтоолтой адилтган үзэхгүй, дотогшоо чиглэсэн акт, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн даалгавар, үүрэг чиглэлийн биелэлтийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хариуцна” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Иргэний нисэхийн ерөнхий газрын орон тоонд сонгон шалгаруулалт зарлах, ийнхүү зарлаж, томилох хүртэл түр орлон гүйцэтгэгчийг томилохоор шийдвэрлэсэн нь дотогшоо чиглэсэн гэхээс илүүтэй “хуулийн дагуу нийтэд мэдээлж, сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх” агуулгатай байгаагаараа гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавартай байх тул захиргааны актын шинжийг бүрэн хангах бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг Засгийн газар томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй тул энэ хэргийн хариуцагч биш гэж үзэхгүй.

15.Гэхдээ хариуцагчийн “Засгийн газар хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, албан тушаалын сул орон тоог нөхөхөөр захиалга хүргүүлсэн” гэх гомдол хууль зүйн үндэслэлтэй. Аливаа захиргааны байгууллагын шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх зарчимтай тул эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тухайн цаг хугацаанд захиргааны байгууллагын шийдвэрт маргаагүй тохиолдолд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ алдана.

16.Түүнчлэн хариуцагчийн “... сайдын тушаалын хууль зүйн үндэслэл, тогтоол шийдвэрт нийцсэн эсэх талаарх шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан” гэх гомдол хууль зүйн үндэслэлтэй, учир нь Сайдын шийдвэр нь тусдаа, бие даасан захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч нар нь уг шийдвэртэй маргасан, шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа тул маргаан бүхий албан тушаалд Ч.М-г сэлгэн ажиллуулсан тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй юм.

17.Дээрх үндэслэлүүдээр, шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н, Т.Б нарын “Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулаагүй болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч)-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино” гэснийг зөрчсөн буюу мөрдлөг болгон ажиллаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

                                                                                   М.БАТСУУРЬ

                                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ