Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 11

 

2017 оны 5 сарын 26 өдөр       Дугаар 127/ШШ2017/0011                                      Хэнтий аймаг

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 127/2017/0007/З

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би иргэн Б.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох “... Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн өмнө ажиллаж байсан ажил албан тушаалдаа цалин бууруулахгүйгээр эгүүлэн тогтоолгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг өмнө авч байсан цалингаар тооцож 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Түмэнжаргал нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1994 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, 1994-1998 онд УБИС-ийн харьяа Дорнод аймгийн багшийн коллежид суралцаж, бага анги математикийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2008-2010 онд МУБИС-ийн боловсролын удирдлагын магистрын ангид суралцаж төгссөн. 

Боловсролын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1998-2005 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд бага ангийн багшаар, 2005 оны 9 сарын 19-нөөс 2013 он хүртэл аймгийн Боловсрол соёлын газарт АШБ хариуцсан мэргэжилтнээр, 2013 оноос Боловсролын газрын ахлах мэргэжилтэн, сургалт арга зүйн албаны даргаар ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 22-ны Б/54 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. 

Уг тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 20-нд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. 2017 оны 02 сарын 21-ний өдөр тус өргөдөлд тайлбар хийнэ үү гэсэн Төрийн албаны салбар зөвлөлийн хүсэлтийн дагуу тайлбарыг хийж өгсөн бөгөөд одоо болтол ямар нэг шийдвэр өгөөгүй тул шүүхэд хандаж байна.

1. Хэнтий аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өгсөн чиглэлийн дагуу бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан гэж хэлсэн боловч Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамнаас өгсөн чиглэл, орон тоог надад үзүүлээгүй.

2. Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамнаас Боловсрол соёл урлагийн газрыг 18 орон тоотой, 4 үйлчилгээний ажилтантай, орон тоо цөөрсөн учраас бүтцийн өөрчлөлт хийж байна гэж хэлсэн боловч Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/108 тоот захирамжаар аймгийн Боловсрол соёл урлагийн газрын шинэ бүтэц нь 19 орон тоотой хэвээрээ батлагдсан байсан. Аймгийн Боловсрол соёлын газар нь 2016 оны 9 сарын байдлаар 19 ажилтантай, төрийн үйлчилгээний 7, төрийн захиргааны 12 албан хаагчтай байсан. Гэтэл шинэ бүтцэд 19 орон тоо, үйлчилгээний 5 ажилтантай байхаар төрийн захиргааны албан хаагчийн тоо хасагдах биш, нэмэгдсэн байсан. 

Хэнтий аймгийн Боловсрол соёл урлагийн газрын шинэ бүтцийг аймгийн Засаг даргын захирамжаар баталсан. Боловсрол соёл урлагийн газрын шинэ бүтцэд миний хариуцаж байсан ажлын чиг үүрэг хэвээр байсаар байтал Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтыг үндэслэн мэдэгдэх хуудас өгч, Б.Түмэнжаргал намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус үндэслэл болсон гэж үзэж байна. /Учир нь төрийн захиргааны албан хаагчийн тоо шинэ бүтцэд хасагдаагүй нэмэгдсэн байна/

3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж байгууллагаас нь олгох баталгаагаар хангагдахаар заасан байхад дарга С.Мөнхцэцэг нь Боловсрол соёл урлагийн газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлж, 3 сарын тэтгэмж авах хүсэлт гаргаагүй байхад төрийн албан хаагчийн ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын тэтгэмжийг үндсэн цалингаар бодож миний дансанд хийсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулийн хүрээнд баталгаагаа эдлэх боломж олгоогүй, өөрөө шийдвэр гаргасан.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би 3 нас хүрээгүй хүүхэдтэй. 

Төрийн албаны тухай хуулийн 23.4-т заасны дагуу 2016 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн Төрийн албанаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна гэсэн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2016 оны 12 сарын 05-ны өдрийн албан тоотыг Боловсрол соёл урлагийн газрын нярав Д.Цэцгээ болон мэргэжилтэн Э.Хонгорзул нар надад 2016 оны 12 сарын 05-ны орой 18:00 цагийн үед, Г.Ариунболор өвчтэй байсан учир 2016 оны 12 сарын 07-ны өдөр өгсөн. Гэвч Боловсрол соёл урлагийн газрын шинэ батлагдсан бүтцийг бид удаа дараа асуусан боловч 2016 оны 12 сарын 16-ныг хүртэл бидний хэнд нь ч танилцуулаагүй. 2016 оны 12 дугаар сарын 22-ны Б/54 дүгээр тушаалыг 12 сарын 28-ны өдөр надад танилцуулж, ажлаас чөлөөлөгдсөнийг мэдэгдсэн. 

2016 оны 12 сард миний бие үүрэгт ажлаа хийж байх хугацаанд 2016 оны 12 сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдийн сургалтанд явуулаагүй. Иймд Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, 2017 оны 01 дүгээр сарын 02-ноос эхлэн ажилгүй байсан (шүүхийн шийдвэр гарах хүртэл) хугацааны цалинг өмнө ажиллаж байсан цалингийн сүлжээ, шатлалын дагуу нэмэгдэлтэй нь тооцон гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2017 оны 5 дугаар сарын 01-нд Б.Түмэнжаргалтай уулзахад “түшмэлээр ажилд авч байгааг хүлээн зөвшөөрсөн боловч цалингаа би ядахдаа ахлах түшмэлээр цалинжмаар байна” гэсэн. Үүний дагуу би зөвшөөрч ахлах мэргэжилтнээр цалинжуулъя гэсэн. Гэхдээ манай шинэ бүтцээр 2 ахлах мэргэжилтэн байх ёстойгоос одоо 1 ахлах мэргэжилтэн цалинжиж байгаа тул төсвийн хувьд боломжтой учраас би зөвшөөрсөн юм. 

Би Түмэнжаргалыг Байгалийн ухааны мэргэжилтнээр тавьдаг учир нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны бодлого зорилтод байгалийн ухааны хичээлд түлхүү анхаарч байгаа, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт энэ талаар тусгагдсан.

Одоо бага ангийн Байгалийн ухааны СТЕЕМ сургалтын хэрэглэгдэхүүн ирээд байгаа ба эхний сургалт нь 5 дугаар сард Улаанбаатар хотод болсон. Цаашид бага ангийн багш нарт 2 удаагийн сургалт зохион байгуулан бүх бага ангийн багш нарыг сурган ээлжит хичээлд ашиглахаар бэлтгэл хангаж байгаа болно. Иймд мэргэжилд нь ойр дөт ажилд ажиллуулахаар бодож шийдвэрлэсэн юм. Байгалийн ухаан гэхээр зөвхөн химийн хичээл биш гэдгийг олон удаа хэлж тайлбарласан.

Б.Түмэнжаргал нь Боловсрол соёл урлагийн газрын бүтцийг маш сайн ойлгосон тайлбарыг 2017 оны 5 дугаар сарын 01-нд гаргасан тайлбартаа тусгасан байна. Гэсэн атлаа заавал байхгүй болсон Сургалт арга зүйн алба гэсэн орон тоон дээр очих гээд байгааг үл ойлгож байна. Мөн физик технологийн мэргэжилтэн болно гэхэд мэргэжлээс нь бүр өөр ангид учир бага ангиийн мэргэжилтэнд яагаад ч дүйж ойртохгүй ээ. 

Ер нь бол би шүүхээс авсан нэхэмжлэлийг бүтэн хүлээн зөвшөөрч зөвшилцөөд байхад заавал шалтаг тоочин зөрөөд байгааг ойлгохгүй байна. Одоо 5 дугаар сарын 01-нээс ажилдаа ороод явж байж болмоор санагдаж байгаа. 

Би түүнээс авсан нэхэмжлэлтэй танилцаад өөртэй нь уулзаад тавьсан шаардлагыг нь бүрэн хүлээн зөвшөөрсөн. Зөвшилцөж гараад л шийдвэр нь өөрчлөгдөөд байгаа нь хачирхалтай санагдаж байна. Цаашид өөр зүйл хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй болоод байна. Б.Түмэнжаргал нь нэхэмжлэл өгсөн ч гэсэн 2017 оны 5 дугаар сарын 01-нээс эхлэн гаргасан тушаалын дагуу ажилдаа ороод явж байж болмоор санагдаж байна. Одоо улс орны эдийн засаг ямар байгаа билээ бүгд сайн ойлгож байгаа. 

Иймд би 5 дугаар сарын шүүх хурал болох хугацааны цалинг өгмөөргүй санагдаж байна. Ер нь цаасан дээр гарсан тушаал шийдвэрийг үл тоодог байдал нь энд ч харагдаж байна. Анх мэдэгдэл өгөөд хэсэг хугацааны дараа уулзахад ойлгоогүйээ гээд л ярьж байсан. Одоо ч гэсэн ярилцахаар ойлгодоггүй тайлбар бичихээрээ мэдээд байдагт нь гайхаад л байна. Багш хүн, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч хүний ёс зүйд яагаад ч нийцэхгүй санагдаж байна. Төр засгаас төсвийн сахилга баттай холбоотой шийдвэрүүд олон гарч байгааг харгалзан үзнэ үү” гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн утга нь:  

1. Нэхэмжлэгч Б.Түмэнжаргалыг Боловсрол соёл урлагийн газрын шинэ батлагдсан бүтцэд хамаарах Боловсрол соёл урлагийн газрын Байгалийн ухаан хариуцсан ахлах мэргэжилтнээр томилж, ажлын байрыг хадгалж, албан тушаалын цалинг ТЗ-6-4-т хамааруулан олгохоор хариуцагч зөвшөөрчээ.

2. Мөн ажилгүй байсан хугацааны буюу 1-5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, ашгийн татварыг холбогдох байгууллагуудад хариуцагч төлөх бөгөөд, аймгийн Нийгмийн даатгалаас нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлд 1-5 сард төлсөн 600.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор тохиролцжээ.

3. Нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын цалинг өмнө эрхэлж байсан албан тушаалын цалингаар, 4 дүгээр сараас 5 дугаар сарын цалинг ТЗ-6-4 шатлалд хамааруулан олгохоор, мөн нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын ажилгүй хугацааны 1-5 дугаар сарын хоолны мөнгийг олгохгүй байхаар тохиролцож, хариуцагч С.Мөнхцэцэг, нэхэмжлэгч Б.Түмэнжаргал нар сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Түмэнжаргал нь Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан “... Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн өмнө ажиллаж байсан ажил албан тушаалдаа цалин бууруулахгүйгээр эгүүлэн тогтоолгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг өмнө авч байсан цалингаар тооцож 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх уг захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусч байгааг харгалзан үзээд шүүх хуралдаан товлон зарлах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутанд товлосон. 

Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ойлголцож маргаж буй асуудлаараа эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч, хариуцагч нар  эвлэрлийн гэрээндээ:

1. Цалин хөлс бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, Боловсрол, соёлын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 тушаалыг хүчингүй болгож, Боловсрол соёл урлагийн газарт өмнө ажиллаж байсан албан тушаалын ажлын чиглэлийн дагуу Боловсрол соёл урлагийн газрын одоогийн бүтцэд байгаа “Сургалтын технологи, физик, технологийн ахлах мэргэжилтэн” гэсэн орон тоон дээр ТЗ-6-5 шатлалаар цалин буурахгүй байхаар ажилд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: 

Хариуцагчаас Хэнтий аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын “Байгалийн ухааны ахлах мэргэжилтэн” гэсэн албан тушаалд цалин буурахгүй байхаар нэхэмжлэгч Б.Түмэнжаргалыг томилж, 

2. Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр төлсөн 120.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд төлсөн мөнгөн дүнгээр тооцож гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Хариуцагч нь ажилгүй байсан хугацааны буюу 1-ээс 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, ашгийн татварыг холбогдох байгууллагуудад төлөх бөгөөд, аймгийн Нийгмийн даатгалаас нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлд 1-ээс 5 сард төлсөн 600.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Түмэнжаргалд буцаан олгохоор,

3. Ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг өмнө ажиллаж байсан цалингийн сүлжээ, шатлалын дагуу нэмэгдэлтэй нь /үндсэн цалин, зэрэг дэвийн нэмэгдэл ажилласан жилийн нэмэгдэл, хоолны мөнгө/ тооцож гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: 

Нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын цалинг өмнө эрхэлж байсан албан тушаалын цалингаар, 4 дүгээр сараас 5 дугаар сарын цалинг ТЗ-6-4 шатлалд хамааруулан олгохоор тус тус тохиролцсон байна. 

Тодруулбал:

1. Нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын ажлаас халагдахад олгосон тэтгэмж дээр ажилласан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдлийг нэмж 1-3 дугаар сарын цалинд тооцон, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-ыг холбогдох байгууллагад шилжүүлээд үлдэх зөрүү болох 261.551 /хоёр зуун жаран нэгэн мянга таван зуун тавин нэг/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох,

2. Нэхэмжлэгч Б.Түмэнжаргалд олгосон 7 хоногийн амралтын мөнгийг тооцож, 4 сарын ажлын 20 хоногийн 13 хоногийн албан тушаалын цалинг ТЗ-6-4 шатлалд хамааруулан 574.867 /таван зуун далан дөрвөн мянга найман зуун жаран долоо/ төгрөгөөр бодож, нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-ыг төлөн, 465.642 /дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг олгох,

3. Нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын 5 сарын цалинг ТЗ-6-4 шатлалд хамааруулан 884.411 /найман зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгөөр бодож, нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-ыг төлөн, 723.373 /долоон зуун хорин гурван мянга гурван зуун далан гурав/ төгрөг олгох,

4. Нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын ажилгүй хугацааны 1-5 дугаар сарын хоолны мөнгийг олгохгүй байхаар тохиролцсон байна.

Нийт 261.551+439.233+723.373=1.424.157 төгрөгийг нэхэмжлэгч Б.Түмэнжаргалд олгохоос 2017 оны 4 сарын 26-ны өдөр 4 сарын 439.000 /дөрвөн зуун гучин ёсөн мянга/ төгрөгийг Төрийн банкны дансанд хийж олгосон тул 985.157 /есөн зуун наян таван мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг олгож, ажилгүй байсан хугацааны буюу 1-5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-ыг хариуцагч С.Мөнхцэцэг холбогдох байгууллагуудад тушаахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасны дагуу “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан. 

Тухайн захиргааны хэргийн “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь” тогтоогдож байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч, хариуцагч нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох “... Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн өмнө ажиллаж байсан ажил албан тушаалдаа цалин бууруулахгүйгээр эгүүлэн тогтоолгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг өмнө авч байсан цалингаар тооцож 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Түмэнжаргалд олгосугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ. 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН