Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01192

 

 

 

 

 

 

********, ******* нарын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********, ******* нарын хүсэлттэй,

*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарын агуулга:

******* нь *******тай 2003 оноос 2024 оны 03 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. ******* нь Баянзүрх дүүрэг, 33 дугаар хороо, 10 айл, 2 гудамж, 21б тоотод өнөөдрийг хүртэл амьдарч байгаа боловч тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

******* оршин суугаа хаягаа Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 4-р хороолол, ****** байрны 93 тоот гэдэг боловч энэ хаягт *******ын аав, ээж амьдарч байгаа юм.

******** нь *******од Ниссан патрол маркийн ******* улсын дугаартай автомашиныг худалдах итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн дагуу ******* нь ****** гэх хүнд тухайн автомашиныг худалдсан ч ****** нь *******ыг залилан мэхэлсэн үйлдэл гаргаж, эрүүгийн журмаар шалгагдсан.

******* нь эрүүгийн хэрэгт хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч гэж томилогдож, Ниссан патрол маркийн автомашины үнэ 149,490,858 төгрөгийг авч ашигласан тул тухайн мөнгийг гаргуулахаар ********, ******* нар нь нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул *******г эрэн сурвалжилж өгнө үү.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч *******, ******** нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

******т холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад нэхэмжлэгч *******ын эрүүл мэндийн байдал болон ажлын ачааллаас шалтгаалж хамтран амьдрагч *******г хохирогчоор тогтоосон байдаг.

******* нь нэхэмжлэгч нарын өмнөөс "Nissan Patrol" маркийн ******* улсын дугаартай автомашины төлбөрт Porsche автомашин, Налайх дүүргийн 2 дугаар хороонд баригдсан барилгаас 45.6 м.кв байрыг авсан байдаг.

********, ******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

******* оршин суугаа хаягаа Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 4-р хороолол, ****** байрны 93 тоот гэдэг боловч энэ хаягт *******ын аав, ээж амьдардаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ********, ******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох ёстой этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа тухайн этгээдийн хариуцагчаар оролцох үндэслэлийг баримтаар нотлох үүрэггүй бөгөөд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх үүднээс ийнхүү хандах болсон зорилго, үндэслэлээ илэрхийлсэн байхад хангалттай.

Харин уг хүсэлт нь үндэслэлтэй эсэхийг үнэлж, холбогдох эрх зүйн дүгнэлтийг өгөх нь шүүхийн үүрэг болно.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг энэ дүгнэлтээр залруулав.

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 9/4618 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар *******гийн албан ёсны бүртгэл бүхий хаяг нь Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 93 тоот гэж авагдсан байна.

Гэвч энэхүү хаягт одоо ******* нь оршин суудаг эсэх үйл баримтыг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 133 дугаар зүйлийн 133.1.9-т зааснаар үүнд холбогдох баримтыг шүүх өөрийн санаачилгаар бүрдүүлэх боломжтой ба энэ ажиллагааг одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Мөн уг хаягт *******ын аав, ээж амьдардаг гэж нэхэмжлэгч тал тайлбарласан боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ