| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1200/Э |
| Дугаар | 1234 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 1234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Г.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00026 0252 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.А, 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зибо ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 1 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханмандал” авто засварын газарт иргэн Б.Отгонбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Их мандал авто засварын газар хохирогч өөрөө ирж мөргөчихөөд одоо намайг мөргөсөн гэж байгаад гомдолтой байна. Би өөрийн машины хохирлын мөнгийг нэхэмжилж байгаа. Би засуулсан машины баримтыг хавсаргасан байгаа. Отгонбаатар өөрөө хүнийг зодчихоод зодуулсан мэт мэдүүлэг өгсөн байсан” гэв.
Хохирогч Б.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манайхаар машин янзлуулж байсан Г.А гэх залуу гаднаас 2 залуугийн хамт орж ирсэн...би машинаа авч явна чи яахаараа миний машиныг өгдөггүй юм гэж хэлээд миний ам руу салаавч Г.А өгөөд пикда минь чи намайг цохьчих би чамаас мөнгө авна гэж хэлсэн. Г.А гэх залуу намайг заамдаж аваад боосон. Би боолтод орсон хамт ажилладаг Баяраа гэх залуу Г.Аыг надаас салгасан. Би портер түшээд зогсож байхад Г.А над руу дайрсан... миний амнаас цус гараад дээд талын хоёр шүд хөдөлсөн байсан. Намайг боогоод зууралдаж байхад гараараа нүүрэн тус газар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Г.Баяраа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Отгонбаатар дотор машин янзлаад байж байтал 3 залуу орж ирээд Б.Отгонбаатартай муудалцаад байсан. Тэгээд би юу болов гээд яваад ортол Б.Отгонбаатарын амнаас нь цус гарсан байсан. Тэгээд би лавлаж асуутал машинаа янзлуулах гэж өгсөн залуу орж ирээд асуудал үүсгээд байна гэж хэлсэн...” /хх-ийн 29/,
Яллагдагч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Отгонбаатараас холдоход турба барьж аваад миний араас шидсэн. Би гадаа гараад гүйсэн чинь араас гарч ирээд газар байсан цагаан өнгийн тоосго аваад шидсэн. Тухайн тоосго зам дээр явж байсан тоёота приус 30 маркийн машины дугуйг нь оноод зогссон. Тэр үед Цоож, Болдоо хоёр гарч ирэхээр нь наадах руугаа дахиж битгий ор гээд цагдаад дуудлага өгсөн. Гадаа яриад зогсож байхад Амараа ахаа энэ залуу чинь согтуу байгаа юм биш үү амнаас архи үнэртээд байна ш дээ гэж хэлсэн. тэгээд цагдаа ирээд дүүргийн цагдаа дээр ирсэн. Миний зүүн дээд зовхи хөхөрч хавдсан. Миний араас гүйж харахад амнаас цус гарчихсан харагдаж байсан. Намайг мөргөхдөө гэмтсэн гэж бодож байна. Өөрийнхөө хүлээн зөвшөөрч байна. Отгонбаатарынхыг хүлээн зөвшөөрөхгүй байна. яагаад гэвэл тэр нөхөр өөрөө намайг мөргөсөн...” /хх-ийн 40/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №443 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханмандал” авто засварын газарт иргэн Б.Отгонбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Отгонбаатарын: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манайхаар машин янзлуулж байсан Г.А гэх залуу гаднаас 2 залуугийн хамт орж ирсэн...би машинаа авч явна чи яахаараа миний машиныг өгдөггүй юм гэж хэлээд миний ам руу салаавч Г.А өгөөд пикда минь чи намайг цохьчих би чамаас мөнгө авна гэж хэлсэн. Г.А гэх залуу намайг заамдаж аваад боосон. Би боолтод орсон хамт ажилладаг Баяраа гэх залуу Г.Аыг надаас салгасан. Би портер түшээд зогсож байхад Г.А над руу дайрсан...миний амнаас цус гараад дээд талын хоёр шүд хөдөлсөн байсан. Намайг боогоод зууралдаж байхад гараараа нүүрэн тус газар цохисон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Баяраагийн: “...Б.Отгонбаатар дотор машин янзлаад байж байтал 3 залуу орж ирээд Б.Отгонбаатартай муудалцаад байсан. Тэгээд би юу болов гээд яваад ортол Б.Отгонбаатарын амнаас нь цус гарсан байсан. Тэгээд би лавлаж асуутал машинаа янзлуулах гэж өгсөн залуу орж ирээд асуудал үүсгээд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Отгонбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тэрээр хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч Г.Ат хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олонх овогт Галбадрахын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Аыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Отгонбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР