Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01196

 

 

 

 

 

********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03575 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ад холбогдох,

худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 112,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* /14100/ гудамж, 17 дугаар хэсэг тоот 579 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар, тус хаягт байрлах 1747 тоот 67 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзээд хашааны дээгүүр явж байгаа цахилгааны утас ямар учиртайг асуухад, зуучлагч нь өндөр хүчдэлийн шугам, ийм шугам явж байгаа нь маш том давуу талтай гэхээр нь олзуурхаж хашаа байшинг авахаар болсон.

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээ хийхэд газар нь эзэмших эрхтэй байсан тул гэрээний үнийн дүнгийн 10 хувийн татварыг улс авах учраас бага татвар төлөхийн тулд газрын үнийг 4,000,000 төгрөгөөр, харин 2 хувийн татвар төлдөг учир байшингаа 108,000,000 төгрөг гэж гэрээнд бичье гэсний дагуу гэрээ хийж, 112,000,000 төгрөг төлсөн.

Үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн боловч газрын алба газрын эрх шилжих боломжгүй гээд материалыг буцаасан. Учрыг асуутал танай газрын дээгүүр 10,000 вольтын хүчдэлийн шугам байна, энэ шугамын дор хүн амьдрах боломжгүй, ашиглах эзэмших хориотой учир газрын эрх шилжихгүй, нэр шилжүүллээ ч 10,000 вольтын хүчдэл дор амьдрах нь эрүүл мэнд, амь насанд аюултай гэсэн.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдолтойгоор гэрээний аль ч тал татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол 255.1 хамаарахгүй гэж худалдан авагчийн эрхийг хамгаалсан зохицуулалт байгаа. Газар эзэмших эрх шилжихгүйтэй холбоотой баримтыг хариуцагч гэрээ байгуулахаас өмнө авч байсан байдаг.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 112,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Газрын хувьд 4,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 108,000,000 төгрөгөөр тохиролцож, гэрээний дагуу тухайн хөрөнгүүдийг нэхэмжлэгчид бүрэн хүлээлгэн өгсөн. Өмчлөх болон эзэмших эрхийн хувьд ямар нэгэн маргаангүй, эрхийн зөрчилгүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, өөр этгээдэд шилжээгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгүүдийг шилжүүлсэн болно.

Нэхэмжлэгч нь газрын эрх шилжихгүй байгаа шалтгааныг өндөр хүчдэлийн шугамтай холбон тайлбарласан боловч энэ нь миний үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй бөгөөд уг асуудлыг газрын асуудал эрхэлсэн байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Энэ талаарх хүсэлт, баримт, шийдвэрийг шүүхэд бүрдүүлээгүй нь гэрээ цуцлах, хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Газрын кадастрын хэмжилтээр 132 м.кв-ийн зөрүү илэрсэн боловч үлдсэн 447 м.кв газар нь ямар нэг доголдолгүй гэж гарсан. Хэрэв энэ зөрүүнээс болж хохирол учирсан гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн дагуу тухайн хэсгийн үнэлгээгээр хохирлоо тусд нь тооцож, нэхэмжлэх эрх нээлттэй.

Иймд нэхэмжлэгчид эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэн өгч, өөрөөс шалтгаалах бүх үүргийг биелүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.2, 256.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******аас 112,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* /14100/ гудамж, 17 дугаар хэсэг тоот 579 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар, тус хаягт байрлах 1747 тоот 67 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг хариуцагч *******ад буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч ********д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 717,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн хариуцагч нь газар дээрх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамтай холбоотой зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан гэх дүгнэлт нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараас үзвэл, тухайн газрын дээгүүр цахилгаан шугам дайран өнгөрдөг талаар зохигч талууд аль аль нь анхнаасаа мэдэж байсан нь тогтоогдсон. Гагцхүү уг шугамын хүчдэл, хамгаалалтын зурваст хамаарах эсэх, түүнтэй холбоотой эрхийн олголтын хоригийг зохигч талууд мэдээгүй байна.

4.2. Маргаан бүхий газар нь хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураглалтай, өмнө нь албан ёсоор эрх олгогдож байсан бөгөөд эрхийн зөрчилтэй, худал мэдээлэл өгсөн гэх үндэслэл үүсэхгүй. Газрын эрх шилжүүлэх асуудал нь Засаг дарга, газрын албаны шийдвэрээр хэрэгждэг тул эрх шилжихгүй байгаа шалтгааныг хариуцагчид хамааруулах боломжгүй.

4.3. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой үедээ хүлээн авсан бол шаардлага гаргах эрхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнээс татгалзах үндэслэл, газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлын талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр 112,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээний зүйл эрхийн доголдолгүй тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* /14100/ гудамж, 17 дугаар хэсэг тоот дахь 579 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг 4,000,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 1747 тоот 67 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 108,000,000 төгрөгөөр ********д худалдахаар харилцан тохиролцсон байна.

 

3.1. ******** гэрээний үнийг бүрэн төлснөөр 67 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгджээ.

Харин Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 579 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар нь цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүсэд өртсөн учир уг газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй гэх хариуг өгсөн байна.

 

3.2. Мөн УБЦТС ТӨХК-ийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр хариуцагчид 579 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар нь өндөр хүчдэлийн шугам /10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам/-ын хамгаалалтын зурваст орсон талаар мэдэгдэж байжээ.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэжээ.

 

4.1. Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдахаас өмнө худалдан авч буй газраар өндөр хүчдэлийн шугам дамжин өнгөрч буйг мэдсэн боловч үүнээс шалтгаалж газар эзэмших эрх шилжих боломжгүйг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийг хүлээн аваад мэджээ.

Энэ нөхцөл байдлыг хариуцагч урьдчилан мэдэж байсан атлаа холбогдох мэдээллийг нэхэмжлэгчид өгөөгүй болох нь УБЦТС ТӨХК-ийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/70 тоот албан бичгээр тогтоогдсон.

Анхан шатны шүүх тухайн газар нь биет байдлын доголдолтой, энэ доголдлын талаар хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх хязгаарлагдахгүй, мөн гэрээний зарим зүйл доголдолтой ч бусад эд хөрөнгөтэйгөө нэгдмэл зориулалтаар ашиглагдах тул нэхэмжлэгч нь гэрээнээс бүхэлд нь татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2, 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэжээ.

 

4.2. Иймд нэхэмжлэгч гэрээний зүйлийн биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзсан учир анхан шатны шүүх хариуцагчаас 112,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 717,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ