| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1080/Э |
| Дугаар | 1238 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 1238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Ц.Энхтүвшин, түүний өмгөөлөгч О.Санчирбал,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-т холбогдох эрүүгийн 1806 05133 1287 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Т, 1972 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 41 дүгээр гудамж 2075 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамж 1070б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: /УК72091433/;
Шүүгдэгч Ц.Т нь иргэн Ц.Энхтүвшинг “...9.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлье” гэж хуурч, 2018 оны 01 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Т нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг ххүлээн өвшөөрч байна. би цэргийн төв эмнэлэг дээр санамсаргүй таарсан. Өмнө нь бид хоёр нэг нэгэндээ тусалдаг байсан. Туханй өдөр би 4 давхарт гарч 10 минут жаргал зовлонгоо ярьсан. Би надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Надаас хэдэн төгрөг юм бэ гэж асуусан. Би зээлийн талаар асуухад 2-3 хоногт бүтэхээр байсан. Тэгээд надад 10.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Би цалингийн зээл авахаар удаан хөөцөлдсөн. Нийгмийн даалтгалтай ч 8 хувийн зээлтэй учир манай дүү нар надтай хамтран зээлдэгчээр орох боломжгүй байсан. Би сураггүй алга болооогүй. Ажлын шугмаар утсаа авах боломжгүй үе байдаг. Би хохирогчоос авсан мөнгийг өмнө нь зээлсэн хүнд өгсөн. Миний ажил, амьдралд саад бэрхшээл учирч зээлсэн мөнгөөр 1.000.000 төгрөгийг өгч 8.000.000 төгрөгийг өгч чадаагүй байна. Би зээлсэн мөнгөө төлнө” гэв.
Хохирогч Ц.Энхтүвшин нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчийг өмнө нь таньдаг байсан. Тухайн өдөр санамсаргүй байдлаар шүүгдэгчтэй таарсан. Надаас мөнгө зээлэх үү гэж асуусан. Би энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд цалингийн хэдэн төгрөг байсан. Би тэр мөнгөө шүүгдэгчид 1 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг, дараа нь 4.000.000 төгрөгийг зээлсэн. Надаас мөнгө зээлэхдээ охиноо ажилд оруулна гэж хэлсэн. Намайг шүүгдэгч рүү залгахад “цалингийн зээл бүтэхгүй байна” гэж хэлсэн. Би байрны зээлээ авах гэж байх үед шүүгдэгч мөнгөө өгөөгүй, утас руу нь залгахаар “мөнгө бүтэхгүй байна, манай дүү нас барсан, би осолд орж гараа гэмтээсэн учир 20 хоногийн дараа зээлээ төлнө” гэж хэлсэн. Шүүгдэгч хааяа миний гар утас руу “эгч нь зээл хөөцөлдөж байна” гэж бичдэг байсан. Би 2019 оны 06 дугаар сард аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Шүүгдэгчийн бүртгэлтэй гэрийн хаягаар очиход шүүгдэгчийн ээж нь байсан. Шүүгдэгчийн ээж надад “шүүгдэгчийг охиныхоо хамт нүүсэн” гэж хэлээд охинынх нь ажлын газрыг зааж өгсөн. Би охиных нь ажил дээр очиж уулзахад “би зээлийн талаар мэдэхгүй, та ээжтэй уулз” гэж хэлсэн. Би тухайн үед жирэмсэн шүүгдэгчийн ажил дээр очиж уулзаж байсан. Цагдаад өргөдөл өгсний дараа байцаагч надад “залилангийн гэмт хэрэг биш байна, иргэний хэрэг маргаан” гэж хэлсэн. Үүнээс хойш шүүгдэгч рүү залгахаар утсаа авахгүйгээр барахгүй надтай огт уулзаагүй. Би цагдаагийн газарт өргөдөл дахин гаргасан. Надаас зээлсэн мөнгөнөөсөө 8.000.000 төгрөгөөс 2019 оны 03 дугар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг өгсөн. Би баяндаа энэ хүнд мөнгө зээлээгүй. Шүүгдэгч надад удаа дараа худлаа хэлсэнд гомдож байна” гэв.
Хохирогч Ц.Энхтүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэхдээ: "...2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын хугацаанд Хойд Суданд Энхийг сахиулах ажиллагаанд яваад тэр томилолтын мөнгөө Т гэх эмэгтэйтэй Баянзүрх дүүргийн Цэргийн төв эмнэлэг дээр санаандгүй таараад мөнгөний хэрэг гараад байна эгчдээ мөнгө зээлүүлээч гэхээр нь би та найдвартай өгөх юм уу гэтэл Т гэх эмэгтэй би найдвартай мөнгийг чинь өгнө хамгийн сүүлийн хугацаа 7 хоног л болно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас 5.000.000 төгрөгийг би өөрийн данснаас авч Т гэх эмэгтэйд бэлнээр өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмээд 1.500.000 төгрөгөөр, 2.500.000 төгрөг тус тус Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас 400.000 төгрөгийг картнаас 2 хувааж, аваад Т гэх эмэгтэйд бэлнээр өгсөн. Тухай үед Т гэх эмэгтэй 7 хоногийг хугацаатай 9.000.000 төгрөгийн хүү гэж 200.000 төгрөг нэмээд өгчихөөрэй гэж хэлсэн. Түүний дараа 7 хоногийн хугацаа нь дуусахаар нь би Т гэх эмэгтэй рүү залгатал банкны зээл бүтээгүй байна, жаахан хүлээж бай, удахгүй өгнө гээд өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ утсаа салгаад алга болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч М.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Манай ээж Т нь Ц.Энхтүвшингийн 9.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Уг мөнгийг хэдэн оны хэдэн сард авсан эсэхийг мэдэхгүй байна. Би Энхтүвшин гэх эмэгтэйг танихгүй сүүлд 2018 оны намар Энхтүвшин манай гэрт ирээд “ээж чинь надаас мөнгө зээлсэн одоо мөнгө өгөхгүй байна” гэхээр нь би мэдсэн. Тэрнээс бол би ээжийг энэ хүнээс мөнгө зээлснийг мэдээгүй. Тэгсэн Энхтүвшин хэлэхдээ чамайг ажилд оруулна гэж надаас мөнгө зээлсэн. Одоо чи энэ мөнгийг төл гэж шаардсан. Миний хувьд энэ хүнээс мөнгө авч ажилд орсон асуудал байхгүй. Би 2017 онд албан ёсоор Цагдаагийн ерөнхий газраас зарласан иргэдийн сонгон шалгаруулалтанд орж тэнцээд...томилогдсон. Би энэ эмэгтэйгээс мөнгө авч ажилд орсон зүйлд байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-40/,
Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Надад мөнгө яаралтай хэрэг болоод танил Энхтүвшин гэх эмэгтэйгээс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр 9.000.000 төгрөгийг авсан, авахдаа удахгүй буцааж өгнө, 10 хувийн хүүтэй гэж тохирсон юм. Би мөнгийг нь зээл авч буцааж өгөх байсан юм энэ хооронд миний дүү нас барсан мөн би өөрөө автомашины осолд орсон гэх мэтчилэн асуудлууд гарсан учраас би мөнгөө хугацаанд нь өгч чадаагүй минь үнэн. Би 4 дүгээр сард Энхтүвшинтэй уулзаад 6 дугаар сардаа багтаад мөнгийг нь өгнө гэж бичиг хийж өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
“...Түүний дараа ажил явдал гээд таарсан. Түүний өмнө 2018 оны 3 дугаар сарын эхээр би авто тээврийн осолд ороод хоногийн хугацаанд гэртээ хэвтэж байсан. Дээрх зүйлээс болж энэ хүнд өгөх мөнгө удаачихсан. Тиймээс миний буруу надад хүн залилан мэхлэе гэсэн бодол байгаагүй...би мөнгө хэрэгтэйгээ хэлтэл Энхтүвшин надад мөнгө байгаа би саяхан Суданд ажиллагаанд яваад ирсэн та удаахгүй бол зээлж авч болно гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө өгсөн...” гэх /хх-ийн 13/,
Яллагдагч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оын 01 дүгээр сарын 25-ны өдөр танил танил Ц.Энхтүвшингөөс мөнгөний хэрэг гараад 5.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Ц.Энхтүвшин аваад надад бэлнээр өгсөн. Түүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АЬМ-ээс Ц.Энхтүвшин аваад надад бэлнээр өгсөн. Нийт 9.000.000 төгрөгийг зээлж авсан. Тэрнээс хойш хүү өгнө гэж тохиролцсон боловч хүү өгөөгүй. Хүнээс хүүтэй мөнгө зээлсэн тул тэр өрөндөө өгөөд дуусгачихсан. Тэр мөнгө зээлсэн хүн маань одоо гадагшаа явчихсан. Би утасны дугаарыг нь мэдэхгүй...” /хх-ийн 54/,
Хаан банкны дансны хуулгууд /хх-ийн 21-23/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 14/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 16/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 15/, өргөдөл /хх-ийн 5/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Т нь иргэн Ц.Энхтүвшинг “...9.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлье” гэж хуурч, 2018 оны 01 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь
Хохирогч Ц.Энхтүвшингийн: "...Т гэх эмэгтэйтэй Баянзүрх дүүргийн Цэргийн төв эмнэлэг дээр санаандгүй таараад мөнгөний хэрэг гараад байна эгчдээ мөнгө зээлүүлээч гэхээр нь би та найдвартай өгөх юм уу гэтэл Т гэх эмэгтэй би найдвартай мөнгийг чинь өгнө хамгийн сүүлийн хугацаа 7 хоног л болно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас 5.000.000 төгрөгийг би өөрийн данснаас авч Т гэх эмэгтэйд бэлнээр өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмээд 1.500.000 төгрөгөөр, 2.500.000 төгрөг тус тус Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас 400.000 төгрөгийг картнаас 2 хувааж, аваад Т гэх эмэгтэйд бэлнээр өгсөн. Тухай үед Т гэх эмэгтэй 7 хоногийг хугацаатай 9.000.000 төгрөгийн хүү гэж 200.000 төгрөг нэмээд өгчихөөрэй гэж хэлсэн. " гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Тийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Т нь бусдад учруулсан хохирлоос 1 сая төгрөгийг нөхөн төлсөн байх ба үлдэх 8 сая төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Ц.Энхтүвшинд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ц.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч нь шүүгдэгчид хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх гэм буруутай этгээдийг тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө хуульд заасны дагуу илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Тт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийг хор уршиг буюу хохирол болох 8.000.000 /найман сая/ төгрөгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Тэнссэн хугацаанд Ц.Тт хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх, прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсагт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР