| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/02325/И |
| Дугаар | 210/МА2025/01212 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/01212
****** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03811 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******-д холбогдох,
57,842,616 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээгээр ****** нь *******, *******д 73 м.кв талбайтай амины орон сууцыг барьж гүйцэтгэн, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
Талууд 73 м.кв талбайтай амины орон сууцны 1 м.кв үнийг 2,200,000 төгрөг, нийт үнэ 160,600,000 төгрөг байхаар тохиролцож, гэрээний 2.3.1-д заасан нөхцөлийн дагуу ****** нь ******-д 135,425,000 төгрөгийг төлсөн.
Барилгын ажил гүйцэтгэж дуусах хугацаа болох 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нь барилгын ажлыг бүрэн дуусгаж өгөөгүй тул талууд дахин нэмэлт гэрээ байгуулж, 21 төрлийн барилгын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр болсон. Гэвч нэмэлт гэрээнд заасан хугацаа дуусахад 21 төрлийн барилгын ажлыг хариуцагч нь хийж дуусгаагүй.
Нэмэлт гэрээний дагуу барилгын ажлыг хийж дуусгахад шаардагдах зардал 42,966,000 төгрөг байхаар талууд тохиролцож гэрээ байгуулсан.
1.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т заасны дагуу тооцоход алданги 14,876,616 төгрөг болсон.
Иймд хариуцагчаас нийт 57,842,616 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Гэрээний 2.3.1, 4.1-д заасны дагуу гэрээгээр тохирсон төлбөрийг ажил гүйцэтгэгчид гүйцэтгэлийн дагуу 3 хуваан төлөхөөр үүрэг хүлээсэн. Захиалагч ****** нь гэрээнд заасан нөхцөлөөр төлбөрөө бүрэн гүйцэт, хугацаандаа төлөөгүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хоцорч, хугацааг сунгах шаардлага гарсан.
Ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан ажил дууссаныг захиалагч талд мэдэгдсэн боловч үлдэгдэл ажлын гүйцэтгэл дутуу гэж маргасан. Захиалагч гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс ханын эмульс, дотор хаалга, нойлын өрөөн плита, нүдэн гэрлүүд зэрэг хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 сарын 21-ний өдрийн Амины орон сууц захиалгын гэрээ-г цуцалж, нэхэмжлэлээс үлдэх нэмэлт гэрээний барилгын ажлын үнэ 42,966,000 төгрөг, алданги 14,876,616 төгрөг, нийт 57,842,616 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605,780 төгрөгөөс 517,363 төгрөгийг хэвээр үлдээж, улсын орлогоос 88,417 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Талууд "Амины орон сууц захиалгын гэрээ" болон нэмэлт гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар маргасан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж заасан.
Амины орон сууц захиалгын гэрээ, нэмэлт гэрээний 2.1-т зааснаар хариуцагч ******* нь орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэмэлт гэрээнд талууд ажлын доголдлын талаар тохиролцож, хариуцагч нь 21 төрлийн ажлыг нэмж гүйцэтгэхээр тохиролцсон, энэ үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд хариуцагчаас 42,966,000 төгрөг гаргуулж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч санхүүжилтээ бүрэн өгөөгүйгээс зарим ажил хийгдээгүй үлдсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгсөн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үндэслэлээр барилгын ажлыг хийж дуусгахад шаардагдах зардал 42,966,000 төгрөг, алданги 14,876,616 төгрөг, нийт 57,842,616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ажил дутуу хийгдсэн нь нэхэмжлэгч заасан хугацаанд санхүүжилт олгоогүйтэй холбоотой гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад уг үндэслэлийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулна.
3. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээгээр ****** нь *******, Шархоолойд байршилтай, 73 м.кв талбайтай, амины орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор барьж ашиглалтад оруулахаар, ****** нь амины орон сууцны төлбөрт 160,600,000 төгрөгийг 1 м.кв-ын үнийг 2,200,000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад амины орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хавсралтад заасан 23 төрлийн ажлыг хийсний эцэст хүлээлцэхээр талууд тохиролцсон. Энэхүү тохиролцооны агуулга нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний улмаас үүссэн доголдол, үүргийн зөрчлийг арилгахад чиглэсэн.
Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд нэмэлт гэрээний дагуу ****** нь 19,929,550 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг тогтоосон байна.
Улмаар анхан шатны шүүх хариуцагч нь гэрээний хүрээнд нийтдээ 140,670,450 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөд 119,825,000 төгрөг төлсөн.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.1.Ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгч нь амины орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргээ, захиалагч нь тогтсон хуваарийн дагуу санхүүжилтийг олгох үүргээ тус тус зөрчсөн байна.
Үүнээс шалтгаалж талууд гэрээний хугацааг нэмэлт гэрээгээр сунгасан боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээг цуцалжээ.
4.2. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.
Энэ хүрээнд нэхэмжлэгч нь гэрээ цуцалсны хохиролд барилгын ажлыг хийж дуусгахад шаардагдах зардал гэж 42,966,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Гэвч гэрээ цуцалсны улмаас 42,966,000 төгрөгийн хохирол учирсан, эсхүл энэ хэмжээний ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн болохоо нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Түүнчлэн хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил нь нэхэмжлэгчийн төлсөн хөлснөөс илүү байсан тул гэрээ цуцлагдах үед хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх барилгын ажлыг хийж дуусгахад шаардагдах зардал 42,966,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцжээ.
Шийдвэрийн тогтоох хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүйг дээрх байдлаар залруулан дүгнэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.3. Өмнө дурдсанчлан зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг зөрчсөн тул шүүхээс алданги 14,876,616 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03811 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******-д холбогдох 57,842,616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ