Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1252

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,                            

улсын яллагч Б.Ганбулган,

хохирогч А.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Д.Хишигням,

шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Ж-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03429 1533 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Ж, 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг, Айраг сумын  4 багш 5-4 тоотод оршин суух хаягтай одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овоонд байр түрээслэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.17-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан,

Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2а хэсэг Төмөр замын 73 тоот хашааны үүдэнд иргэн А.Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хавтаст хэрэгт баримттай 306.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Одоо нэхэмжилж байгаа хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Шүүгдэгч А.Мөнхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би зүгээр явж байгаад энэ хүнд зодуулж сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон. Энэ хүмүүс миний биеийг асууж ярьж байгаагүй. Нийт 800.000 төгрөгийн зардал гарсан. Эмнэлгийн ор хоногийн мөнгө 306.000 төгрөгийг төлснөө хохирол төлсөн гэж хэлж байх шиг байна. Би хамар тэгшлүүлсэн, томографикт харуулсан зардал байгаа үүнийгээ нэхэмжилжмээр байна. Баримт нь манай дүү нарт байгаа. Өнөөдөр өмгөөлөгч авсан зардал, гар утас шинээр авсан зардалд нийт 1.420.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч А.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Гансүхийн хамт Их засаг их сургуулийн урд барилга дээр авто кранаар ажил хийж байхад 11 цагийн орчим Гансүхийн хамтран амьдрагч эмэгтэй Гансүх рүү хурдан хүрээд ир гэрт согтуу хүн ирчихээд дарамтлаад байна гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь би Гансүхийг ажлаа хийж байг гэж бодоод би очиж цагдаа дуудаж өгчихөөд зохицуулаад ирье гэж хэлээд Гансүхийн хамтран амьдрагч Хандаагийн Баянзүрх дүүргийн Амгалан захын урд МТ колонкийн баруун урд тал руу байх гэрт нь 12 цагийн орчим ирсэн. Би гэр рүү нь явж байх замдаа цагдаа дуудсан. Намайг очиход нэг танихгүй залуу хашааны хаалгыг нь нүдээд байж байсан тэгэхээр нь би тэр залууд хандаж яаж байгаа юм бэ болиоч гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд нөгөө залуу хүрч ирээд бичлэг хийх гэлээ гээд миний гар утаснаас булаацалдаж байгаад намайг газар унагаагаад миний дээр гарч сууж байгаад миний гар утсаар толгой руу цохиод байсан, мөн миний барьж байсан түлхүүрээр миний уруул руу цохисон, намайг газар хэвтэж байхад өшиглөөд байсан тэгээд намайг зодож байхад цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Би нэг хэсэг зуур ухаан алдсан байсан, Би тэр залууг анх удаа тэр өдөр харсан өмнө харж байгаагүй танихгүй залуу байсан. Сүүлд нь цагдаа дээр ирэхэд Ж гэдэг нэртэй хүн байсан. Тэр залуу манай жолооч Гансүхтэй намайг андуураад зодсон байх. Тэр залуу Гансүхийн хамтран амьдрагч Хандаагийн хуучин нөхөр нь юм уу найз залуу нь юм шиг байна лээ. Тэрнээс би тэр залуутай маргалдаж, муудалцах шалтгаан байхгүй. Би архи уугаагүй эрүүл байсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Гэхдээ их согтоогүй байх шиг байсан. Миний уруулыг түлхүүрээр цохиод уруул сэтэлчихсэн, хамар муруйсан, хавирга хугарсан, нүүр ам нэлэнхийдээ хөхөрч хавдсан, толго, дал, мөр, гар өвчин болсон байсан. Би хамраа тэгшлүүлсэн 5 хоног хувийн гэмтлийн эмнэлэгт хэвтсэн гэртээ гараад эмчилгээ хийлгэсэн. Би гомдолтой байна, зүгээр байж байгаад зодуулсан. Миний эмчилгээний зардал одоогийн байдлаар ойролцоогоор 800.000 төгрөг болсон байх баримтуудыг нь дараа гаргаж өгье. Миний биед учирсан гэмтлээс болж дараа ямар хүндрэл гарахыг мэдэхгүй хэцүү байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13/,

“...Одоо шөнөдөө дал мөрөөр хатгаж өвдөөд байна...надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эм тариа худалдан авсан баримт байгаа. Зарим баримтууд нь олдохгүй байна...би гомдолтой байна. хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цэрэнханд надад 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хөдөө аавынхаа гэр рүү явна гэж худлаа хэлээд Бүл буюу Гансүхийн хамт амралтанд явсан байсан. Тэгээд Цэрэнхандтай энэ асуудлын талаар ярилцаж байхад Цэрэнханд намайг Бүл буюу Гансүхтэй утсаар яриулсан. Тэгсэн Гансүх нь намайг утасны агсам согтуу тавьлаа ална гээд байсан тэгэхээр нь би чи хүрээд ир гэсэн. Тэгээд би гэрээс нь гараад хашаан дотор нь байж байхад хашааны хаалга онгойлгоод хашаан дотор нэг танихгүй залуу ороод ирсэн. Тэгээд тэр залуу гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр залууг Бүл мөн үү гэж хэлээд гар утсыг булааж аваад тэр хүнтэй маргалдсан тэгээд нэг хэсэг ухаан орж гараад нэг мэдэхэд би нэг гартаа тэр хүний гар утсыг нөгөө гартаа чулуу барьчихсан би тэр залуутай газар байсан бөгөөд тэр залуугийн хамраас цус гарчихсан байсан намайг цагдаа ирээд аваад явсан. Би Цэрэнхандтай амралтанд явсан Бүл буюу Гансүх гэдэг хүнтэй Мөнхбаатарыг андуураад зодсон байсан. Би Мөнхбаатарыг урьд өмнө танихгүй. Би согтуу байсан болохоор андуураад ийм асуудал гаргасан байсан байна. Бүл буюу Гансүх гэдэг хүнийг өмнө нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Яллагдагч М.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдрөөс хоёр хоногийн өмнө Цэрэнхандтай утсаар ярихад Цэрэнханд надад би хөдөө явлаа гэж хэлсэн. тэгэхээр нь би 2019 оны 6 дугар сарын 02-ны өдөр Цэрэнхандтын гэрт очиход Цэрэнханд гэртээ байж байсан. Тэгэхээр нь би Цэрэнхандад чи яах гэж худлаа ярьдаг юм бэ хэлээд хашаан дотор нь байж байхад нэг залуу утсаараа бичлэг хийгээд нэг залуу ороод ирэхээр нь би утсыг нь булааж аваад тэр хүнийг өөр хүнтэй андуураад цохисон. Тэгээд цагдаа ирээд намайг гавлаад аваад явсан. Би Цэрэнхандын гэрт очихоосоо өмнө найз Хүлэг-Эрдэнэ, Гансүх хоёртой хамт 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад ирсэн байсан юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээч эмчийн гаргасан №6809 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг Мөнхбаатарын биед би учруулсан. Надаас өөр Мөнхбаатарыг цохиж зодсон хүн байхгүй. Би Мөнхбаатарын хаана нь яаж цохисноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би баруун гартаа Мөнхбаатарын гар утсыг барьчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан золгсож байсан. Хашааны гадна Цэрэнхандыг дагуулаад хамар ам хэсэг нь цус болчихсон машин руугаа гүйж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6809 дугаартай дүгнэлт:

  1. А.Мөнхбаатарын биед баруун 2, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн ухархайн доод хана, дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулын доор болон дотор салстад шарх, цус хуралт, хамрын нуруунд  цус хуралт, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун далны дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх доод уруулын доорх болон дотор салстын шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 27/,  хохирлын баримт /хх-ийн 9/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2а хэсэг Төмөр замын 73 тоот хашааны үүдэнд иргэн А.Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч А.Мөнхбаатарын: “...Би гэр рүү нь явж байх замдаа цагдаа дуудсан. Намайг очиход нэг танихгүй залуу хашааны хаалгыг нь нүдээд байж байсан тэгэхээр нь би тэр залууд хандаж яаж байгаа юм бэ болиоч гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд нөгөө залуу хүрч ирээд бичлэг хийх гэлээ гээд миний гар утаснаас булаацалдаж байгаад намайг газар унагаагаад миний дээр гарч сууж байгаад миний гар утсаар толгой руу цохиод байсан, мөн миний барьж байсан түлхүүрээр миний уруул руу цохисон, намайг газар хэвтэж байхад өшиглөөд байсан тэгээд намайг зодож байхад цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Би нэг хэсэг зуур ухаан алдсан байсан, Би тэр залууг анх удаа тэр өдөр харсан өмнө харж байгаагүй танихгүй залуу байсан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Жг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Мөнхбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд 800.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 306.000 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн ба дээрх хохирлыг шүүгдэгч М.Ж нь төлж барагдуулсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж түүнээс нийт 1.420.000 төгрөгийг нэхэмжилсэн ба нотлох баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.Мөнхбаатарт олгохоор шүүх шийдвэрлэв.

Мөн хохирогч А.Мөнхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч М.Жд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Жг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Жг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Ж нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Жгээс нийт 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Мөнхбаатарт олгосугай.

6. Хохирогч А.Мөнхбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР