Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01213

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04836 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 20,280,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******-д 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр харуул хамгаалалтын ажилд орж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан.

Менежер ******* нь намайг ажлын байрны дарамтад оруулж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлнэ гэж хүний хувийн орон зайд халдаж, дарамталж байсан. Миний зүгээс ажилдаа хайнга хандаж хаяж явсан зүйл байдаггүй.

*******-ийн менежер ******* гэх хүн ажлын байр дээрээ архиддаг байсан. Намайг 2 өдөр тулаа хийгээд 1 өдөр амраад ирсэн чинь ******* менежер намайг ажиллуулахгүй, шинэ ажилчин ****** гэдэг хүнийг харуулаар ажиллуулж эхэлсэн.

Үүний дараа би энэ асуудлыг шийдээд өгөөч гэж удирдлагуудад мэдэгдсэн боловч тоогоогүй. Би ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 20,280,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь хамт олонтойгоо ажиллаж чадахгүй, миний тэвчээр алдагдаж байгаа учраас ажлаас гармаар байна гэх агуулгатай өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу захирлуудын зөвлөлийг хуралдуулах ёстой байдаг ч уг хурал нь 7 хоногийн дотор хуралдах боломжгүй байсан учраас ******* менежерт ******* ээлжийг солих шаардлагыг тавиад 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гарах байсан гарааг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болгож өөрчилсөн. Гэтэл ****** нь би тухайн ээлжид гарахгүй гэж хэл ам хийгээд Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байдаг.

Манай компанийн дотоод журмыг зөрчиж ажлаа хаяж явсан учраас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******-ийн харуул, хамгаалалтын ажилтны албан тушаалд, эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 20,280,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний бие харуул байх хугацаандаа хулгай хийгээгүй, ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. ******* нь ноцтойгоор миний эрхийг зөрчиж, гэрч оруулах болон камерын бичлэг үзэхээс татгалзсан. ******* менежер надад ажлын байрны дарамт үзүүлсэн ба гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн.

Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас гарах талаар огт хэлээгүй, бичгээр хүсэлт өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******-д холбогдуулан ажлын байрны дарамтаас болж үндэслэлгүй халагдсан гэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 20,280,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь ажилтан ажлаа хаяж явсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. ****** нь *******-д 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс харуул хамгаалалтын ажилтнаар ажилласан байх бөгөөд гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

3.1. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ****** нь байгууллагын удирдлагад хандан бүх ажилчдын хурал хийхийг шаардан бичгээр хүсэлт гаргаад ажлаа орхиж явсан, дахиж ажиллаагүй, ажиллах орчин нөхцөлтэй холбоотой хүсэлт гаргаагүй үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.

Тухайн компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.5.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 3-аас дээш хоног тасалсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болохыг заасан.

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 26-ны өдөр хүртэлх хугацаанд ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 3-аас дээш хоног тасалсан байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар цуцалсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.

 

3.2. Энэхүү хэргийн маргааны хүрээ нь нэхэмжлэгч ажлаа тасалсан эсэхээр хязгаарлагдана.

Тиймээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас камерын бичлэг гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй нь зөв.

Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд 7 хүнээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан боловч уг ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх ёстой байсан гэж анхан шатны шүүхийг буруутгахгүй, энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх ноцтой зөрчилд хамаарахгүй.

Учир нь нэхэмжлэгч нь нэр бүхий 7 гэрчийг асуулгах үндэслэлээ ажил олгогч нь насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байсан, хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулдаг, менежер ******* ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэдэг асуудлыг нотлуулна гэж тайлбарласан. Эдгээр асуудал нь нэхэмжлэгчийн ажлын байраа орхиж явсантай холбоогүй тул тухайн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй болно.

Түүнчлэн ажил олгогчийн хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулдаг гэх асуудал нь энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тусдаа асуудал болохыг дурдвал зохино.

 

3.3. Нэхэмжлэгч нь ажлаа орхиж явсны дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан нь түүний ажилдаа ирээгүй асуудлыг зөвтгөх үндэслэл болохгүй. Уг ажиллагааны дараа хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул энэ хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, харин нэхэмжлэгч нь эрхийнхээ дагуу шууд шүүхэд хандсан байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ