Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 111

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00111

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй гийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******,*******, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Чингис хаан Олон улсын нисэх буудалд хамт ажиллаж байсан бөгөөд хүүхдийн тоглоом зардаг лангуу ажиллуулах гэсэн юм мөнгө зээлээч гэж гуйхаар нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сар хүртэл хугацаатай зээлүүлсэн. нь зээлсэн мөнгөө төлөөгүй байж эхнэрээ Солонгос улс руу явуулахад визний барьцаа гэж 4 000 000 төгрөг хэрэгтэй байна гээд 2015 оны 2 дугаар сарын 12 өдөр Голомт банкнаас 9 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 2015 оны 09 сар хүртэл 4 000 000 төгрөгийг нэмж зээлүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийт 7 000 000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Гэвч 2015.02.15-2015.04.15 өдрийн хооронд хүү гэж 1 400 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлбөрөө төлөөгүй тул тооцоо нийлж 10 000 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгахаар тохирсон боловч төлөөгүй тул 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500 000 төгрөг төлөхөөр тохирсон боловч мөн л гэрээний дагуу төлөөгүй болно. Хариуцагч нь үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг өгөх байснаас 2 000 000 төгрөгийн хүү өгсөн тул үүнийг хасаад 9 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт 7 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Манай эхнэр нийт зээлээс 4 000 000 төгрөг төлсөн. Үүний 2 000 000 төгрөгийг нь хүүнд, 2 000 000 төгрөгийг нь үндсэн зээлд тооцож өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* нь хариуцагч холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр багасгаж, нийт 9 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8 220 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд анх зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, 2014 оны 9 сарын 10-нд 3 000 000 төгрөгийг, 2015 оны 2 сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг зээлдүүлсэн асуудлаар болон уг зээлийн төлбөрт нийт 4 000 000 төгрөгийг төлсөн асуудлаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 2 сарын 15-ны өдөр талуудын хооронд бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэрээнд үндэслэснийг хариуцагч нь ...2 000 000 төгрөгийг нь хүүнд, 2 000 000 төгрөгийг нь үндсэн зээлд тооцож өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ.

 

Талуудын байгуулсан дээрх гэрээгээр талууд гэрээний хугацааг 2016 оны 1 сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор, сард төлөх хүүг тохиролцож, улмаар үндсэн зээлийг тодорхой саруудад хувааж төлөхөөр тохиролцсон байна./хх-ийн 7/

 

Уг гэрээгээр зээлдэгч нь үндсэн зээлийн 7 000 000 төгрөгийг, хүүгийн 5 520 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, үүнээс 4 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгч нь зээл болон хүүгийн нийт 8 220 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 8 220 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан*******оос 8 220 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, илүү нэхэмжилсэн 780 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,*******оос улсын тэмдэгтийн хураамжинд 147 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ