Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01214

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03434 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

23,281,982 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******-тай 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 39,875,000 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,945,000 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,755,000 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 7,750,000 төгрөгийн, нийт 54,325,500 төгрөгийн барааг нийлүүлсэн.

Гэрээний 3.1, 3.4, 3.5-д хүү, алданги тооцох нөхцөлийг заасан. Иймд төлөгдөөгүй барааны төлбөр 17,505,250 төгрөг, хүү 5,776,733 төгрөг, нийт 23,281,982 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 39,875,000 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,765,000 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 7,750,000 төгрөгийн, нийт 49,385,000 төгрөгийн худалдан авалт хийсэн ба 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,945,000 төгрөгийн барааг хүлээн аваагүй. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтын хүлээн авагч талд зурсан гарын үсэг манай ажилтны гарын үсэг биш.

*******-тай холбоотой баримт бичгүүд огт байгаагүй тул холбогдох бичгийг үндэслээд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17,505,250 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлээс 12,564,754 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 17,505,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,106,931 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 448,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 245,476 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Гэрээний хугацаанд ******* нь 80,000,000 төгрөгийн барааг нийлүүлэхээс 49,385,000 төгрөгийн бараа нийлүүлсэн. Гэтэл ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 54,325,500 төгрөгийн барааг худалдсан гэж зарлагын баримтуудын эх хувийг хавсаргасан байдаг.

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нийлүүлсэн 4,945,500 төгрөгийн барааны баримт дээр хүлээн авагч талаас зурсан гарын үсэг манай ажилтны гарын үсэг биш байсан.

Түүнчлэн 2024 оны 07 дугаар сарын 02, 07 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн албан бичгүүдээр манай компани 4,945,500 төгрөгийн худалдан авалт хийгээгүй болохыг нотолж байна. Иймд 4,945,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хүлээлгэн өгсөн барааны тоо хэмжээ, үнийг санхүүгийн анхан шатны баримтаар нотолсон. Ажилтан солигдсоноос болоод 2024 оны 07 дугаар сарын 02, 07 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт 4,945,500 төгрөгийн барааны нийлүүлэлт орхигдож бичигдсэн. Хариуцагчийн барилга дээр зохих ёсоор барааг хүлээлгэн өгсөн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан бараа нийлүүлсний үлдэгдэл төлбөрт 17,505,250 төгрөг, хүү 5,776,733 төгрөг, нийт 23,281,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь 4,945,500 төгрөгийн барааг хүлээн аваагүй гэж маргасан.

 

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 58,117,431 төгрөгөөс 23,281,982 төгрөг болгож бууруулсан байхад шүүх анх гаргасан нэхэмжлэлийн хэмжээнд хэргийг шийдвэрлэж алдаа гаргасан байгааг энэ дүгнэлтээр залруулав.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй байдлаар үнэлээгүй, нотлох үүргийн хуваарилалтын талаар алдаатай дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

3.1. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* чанарын шаардлага хангасан төрөл бүрийн кабель буюу түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн ажлын байр буюу худалдааны төвд хүргэж өгөхөөр, ******* нь барааны төлбөрийг шууд болон 60 хоногт нийлүүлэгчийн нэхэмжлэхэд дурдсан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

3.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 39,875,000 төгрөгийн, 03 дугаар сарын 26-ны өдөр 1,755,000 төгрөгийн, 04 дүгээр сарын 09-ний өдөр 7,750,000 төгрөгийн бараа нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

 

3.3. Харин 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,945,000 төгрөгийн барааг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсонгүй.

Хэргийн 9 дүгээр талд 4,945,000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн санхүүгийн анхан шатны баримт авагдсан байх боловч хариуцагч үүнийг эс зөвшөөрч маргаж буй тул нэхэмжлэгчид хаана, хэзээ, хэн гэдэг ажилтанд дээрх барааг хүлээлгэн өгсөн болохоо нотлох үүрэг ногдоно.

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар энэ нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс хариуцагчид хүргүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 02, 07 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгүүдэд зөвхөн 2024 оны 02 дугаар сарын 26, 03 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 09-ний өдөр бараа нийлүүлсэн болохоо дурдаж, эдгээр нийлүүлэлтийн төлбөрийг шаардсан байдаг /хх 36-37/.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

4.1. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 49,380,000 төгрөгийн барааг нийлүүлснээс 36,820,250 төгрөгийн төлбөр төлөгдсөн байх тул хариуцагчаас 12,559,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

Үүнтэй холбоотойгоор шийдвэрт тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын өөрчлөлт нэмж орох ба анхан шатны шүүх тэмдэгтийн хураамжтай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу баримталсан, хуулийн заалтыг дутуу бичсэн алдаа гаргасан байгааг мөн засна.

 

4.2. Анхан шатны шүүх хүү 5,776,733 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зөв боловч зээлийн гэрээний харилцаанд хамааруулан буруу эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг залруулах шаардлагатай.

Гэрээний 3.4-т Гэрээний 3.1-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэж дуусгах ёстой байсан өдрийн дараа өдрөөс эхлэн зээлээр олгосон бараа, бүтээгдэхүүний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сарын 3 хувийн хүү тооцон авна. Захиалагч нь бараа авсан өдрөөс эхлэн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа төлбөрийн үлдэгдэлд гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран сар бүр энэхүү гэрээний 3.4-т заасан хүүг төлнө гэж заасан.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар энэ заалтыг агуулгаар нь авч үзвэл зээлийн болон зээлээр худалдах, худалдан авах гэрээний тохиролцоо бус, харин гэрээний хохирлыг хэрхэн тооцох талаар заасан тохиролцоо байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. Энэхүү хуулиар тогтоосон хүүг ямар хугацаанд хэрхэн тооцсон болохоо нэхэмжлэгч нь нотлоогүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй болжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотолгооны хуваарилалт, хуулиар тогтоосон хүүгийн талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 12,559,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 10,722,232 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 448,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 215,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,477 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ