Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01215

 

 

 

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/07311 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хоорондох хугацааны харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл ашигласны төлбөрт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан

Хариуцагч нь тусгай зөвшөөрлийг эзэмшсэн боловч үйл ажиллагаа эрхэлж ашиглаагүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

 

3. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчээс 3 жилийн хугацаатайгаар авч, уг тусгай зөвшөөрлийг ашигласны төлбөрт 1 жилийн 1,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

3.1. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй болохыг заасан.

Энэ зохицуулалтын хүрээнд хариуцагч нь тусгай зөвшөөрлийг аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэсэн эсэхээс үл хамааран гэрээний дагуу төлбөрөө төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, гэрээний тохиролцооны дагуу хариуцагчаас 1 жилийн төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.2. Талуудын байгуулсан гэрээний 5.6-д Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөвшөөрлийн төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, ******* нь төлбөрийн өөрчлөлтийн талаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гэрээг өөрчлөх хүсэлт ирүүлэх үүргийг хүлээсэн байна.

Хэдийгээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрөл ашигласны төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт орсон байх боловч энэ талаар хариуцагчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу төлбөрийн өөрчлөлтийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээсэн тул тухайн байгууллагаас захиргааны хэм хэмжээний акт гарган төлбөрийн хэмжээг өөрчилсөн нь гэрээний харилцаанд шууд үйлчлэхгүй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээгээр тохиролцсон талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарласан байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/07311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн гомдол тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ