Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01220

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/03243 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ********, ****** нарт холбогдох,

газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ы өмгөөлөгч *******, хариуцагч ******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******тэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 10 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах 365 м.кв газрыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах нөхцөлтэйгөөр тохиролцож, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. *******ийн хэлснээр 41,000,000 төгрөгийг цувуулан өгч, үлдэх 9,000,000 төгрөгийг нэг дор өгөхөөр болсон.

Үлдэгдэл төлбөр болох 9,000,000 төгрөгийг би *******аас зээлж авахдаа уг газрыг барьцаалахаар тохиролцсон. Гэвч 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* нь үлдэгдэл 9,000,000 төгрөгийг *******аас хүлээн аваад, уг газрыг шууд *******д худалдах гэрээ байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Дараа нь би уг мөнгийг олж дүү *******аар дамжуулан *******д өгөхийг хүссэн ч, тэр уулзахаас зайлсхийж, "газрыг худалдаж авсан" гэж мэдэгдэн, уг газрыг ******д 20,000,000 төгрөгөөр дахин худалдсан.

Иймд ******* нь зөвхөн 9,000,000 төгрөгөөр газар авсан мэт худал гэрээ хийж, улмаар өөр этгээдэд шилжүүлсэн нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т заасны дагуу *******, ******** болон ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээ, ******* болон ****** нарын хооронд байгуулсан дараагийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, уг газрын өмчлөгчөөр миний бие *******г тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч ********, ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

Бид ******* 365 м.кв талбай бүхий газрыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 41,000,000 төгрөгийг хэсэгчлэн авч, үлдэгдэл 9,000,000 төгрөг төлөгдөөгүй байсан тул наймаагаа дуусгах шаардлага үүссэн тухайгаа ******* болон *******д мэдэгдсэн.

Улмаар ******* нь *******тай хамт ирж, түүгээр 9,000,000 төгрөгийн зээл олгуулж, газрыг *******ы нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр ******* 9,000,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлж, ******* гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

3. Хариуцагч *******ы татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ******* гэх хүнийг огт танихгүй бөгөөд уг хүн миний өмчлөх эрхэнд үндэслэлгүйгээр халдан, шүүхэд нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Тэрээр төрсөн дүү *******тай хуйвалдан намайг Баянзүрх дүүргийн цагдаад өгч шалгуулсан боловч хэрэгсэхгүй болгосон.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 10-******* тоот 360 м.кв газрын хувьд *******, ******** нар *******ын зуучлалаар 9,000,000 төгрөгт худалдана гэж санал болгож, би гэрээг хуульд нийцүүлэн байгуулж, татвар, бусад зардлыг төлж, өмчлөх эрхээ бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч ******* нь энэхүү асуудалд огт хамааралгүй, мөнгө төлсөн гэх баримтад түүний нэр огт байхгүй тул нэхэмжлэл нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч ******ын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүүн Сэлбийн 10 дугаар гудамж, ******* тоотод байрлах 365 м.кв газрын шударга өмчлөгч бөгөөд уг газрыг худалдах зарын дагуу *******тай холбогдон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн худалдах, худалдан авах гэрээг хууль ёсоор байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан.

Тодруулбал, ******* болон миний хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ********, *******, ****** нарт холбогдох,

*******, ******** болон ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

******* болон ****** нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах,

*******д газар өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, маргаж буй газрын өмчлөгчөөр *******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэн *******аас 9,000,000 төгрөгийн зээл авч *******т өгч, *******ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******ы нэр дээр шилжүүлсэн. *******тай зээлийн гэрээ хийх гэтэл гэрээ хийх шаардлагагүй гэсэн.

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тухайн газрыг 2 өрөө орон сууцаар сольж, дээр нь 20,000,000 төгрөгөөр худалдах гэрээ хийх гээд *******аас газрын бичиг баримтыг шаардахад, *******аас газар аваагүй, гэрээ хийгээгүй гээд бичиг баримтыг өгөөгүй.

*******, *******, ******* бид нарын 2015, 2016 онд хийсэн гэрээ хэлцэл, 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл хийсэн төлбөр тооцооны баримт хэрэгт авагдсан.

2015-2016 онд 41,000,000-50,000,000 төгрөгөөр худалдаж авсан газраа 9,000,000 төгрөгөөр худалдах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариуцагч ********, ******* нарын өмгөөлөгч *******гийн тайлбарын агуулга:

Гэрээний талууд л тухайн гэрээний үйл баримтыг тодорхойлох эрхтэй байхад шүүх хууль бусаар *******д ашигтай шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ы өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

******* нь зохих ёсоор гэрээ байгуулж газрыг өмчилсөн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******ын гаргасан тайлбарын агуулга:

Улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгчөөс гэрээний дагуу газрыг авсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ********, ****** нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбэ 10 гудамж, ******* тоот хаягт байршилтай, 365 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүргүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч *******, ******** нар нэхэмжлэлийг зөвшөөрч, *******, ****** нар эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Нэхэмжлэлд дурдагдсан *******, ******** болон ******* нарын хооронд байгуулсан гэрээ, ******* болон ****** нарын хооронд байгуулсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх шаардлага гэж үзэж хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

2.2. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь хариуцагч нарт харилцан адилгүй үр дагавар үүсгэж буйг зааглаж дүгнэлт өгөөгүй, зарим үйл баримтыг буруу тогтоосон байгааг залруулах шаардлагатай байна.

 

3. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр *******, ******** нар нь Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн Сэлбэ 10-50 тоот байрлах, 364.7 м.кв газрыг 50,000,000 төгрөгөөр *******д худалдахаар гэрээ байгуулжээ.

Гэрээний дагуу худалдан авагч нь худалдагч талд 41,000,000 төгрөг төлсөн үйл баримтад гэрээний оролцогч талууд маргаагүй тул энэ хэмжээний төлбөр төлөгдсөн гэж тооцно. Харин хэрэгт авагдсан баримтаар үлдэгдэл 9,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдсонгүй.

 

3.1. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбэ 10 гудамж, ******* тоот хаягт байршилтай, 365 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөгчөөр 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******, ******** нар бүртгэгдсэн.

3.2. Маргааны зүйл болж буй газрыг *******, ******** нар нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *******д 9,000,000 төгрөгөөр, ******* нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******д 20,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, зохих улсын бүртгэл хийгдсэн байх ба гэрээнд заасан төлбөрүүд бүрэн төлөгдсөн байна.

*******аас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт *******, ******** нарт шилжүүлэн өгсөн 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь зээлж аваад 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний төлбөрт төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Энэ талаар анхан шатны шүүх ******* болон *******ы хооронд, ******* болон *******, ******** нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж зөв дүгнэсэн.

 

3.3. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдлоо.

 

4. Зохигчийн хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 18, 2022 оны 03 дугаар сарын 26, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байх ба хүчин төгөлдөр байна.

Тухайлбал, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр ******* болон *******, ******** нар нь газрын өмчлөлийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шилжүүлэхээр болзол тавьж хийсэн тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхгүй.

 

4.1. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний төлбөрөөс 9,000,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулаагүй тул *******, ******** нар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар ******* байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, газрыг дараагийн худалдан авагчид худалдан борлуулжээ.

Иймд энэ гэрээг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоох боломжгүй тул *******, ******** нарт холбогдуулан гаргасан газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүргүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоно.

 

4.2. Маргаан бүхий газрыг өмчилж байсан *******, ******** нар нь ******* байгуулсан гэрээнээс татгалзсаны дараа *******, ****** нар өмчлөгчтэй гэрээ байгуулж, гэрээнд заасан төлбөрийг төлж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг бий болгосон тул 2022 оны 03 дугаар сарын 26, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэгэнт хариуцагч *******, ****** нарын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа энэхүү нөхцөлд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр бус болсны үр дагаварт өмчлөгч болох боломжгүй юм.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөхдөө гаргасан алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/03243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ********, *******, ****** нарт холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбэ 10 гудамж, ******* тоот хаягт байршилтай, 365 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүргүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ