Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 662

 

 

   2019       08          27                                   2019/ШЦТ/662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Ц.Хашбаатар,

хохирогч Д.Ю хууль ёсны төлөөлөгч П.Б ын өмгөөлөгч М.Намжилжав,

хохирогч Б.Б ын хууль ёсны төлөөлөгч Б.Е , түүний өмгөөлөгч З.Ганчимэг,

хохирогч С.Ш гийн хууль ёсны төлөөлөгч Ш.А , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Б ,

шинжээч Б.Батзориг, Н.Шинэбаатар,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн О.Т д холбогдох эрүүгийн 1819001260345 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн О.Т, 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэр үйлчилгээний менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст жолооч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, энхэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3а-124 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УД,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Хамрын хийд явах замд 44-87 УНК улсын дугаартай Хьюндай старекс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Б.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.Б   , Ц.Л   нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.О , С.Ш  нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан. Б.Б, З.Төмөр, Д.Юмчинлхам нарын амь насыг хохироосон, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эд хөрөнгөнд 13.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст жолооч хийдэг байсан. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажилладаг боловч даргын тушаалаар 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Старекс маркийн тээврийн хэрэгслийг очиж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалгүй гэдгээ даргадаа хэлсэн боловч тоогоогүй, тэгээд би даргын тушаалаар машин барьж Сайншанд орж тэндээ хоноод үүрийн 4 цагт замдаа гаран Хамрын хийд рүү явах замд машины руль булаагдаад, шарвалт үүссэн, шарвалт үүсэх үед 1 ширхэг дугуй хагарснаас болж энэ осол гарсан. Энэ осол надаас болж гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би осол болоод группэд орсон, ажил хийх боломжгүй байгаа учраас хохирлыг төлж барагдуулж чадаагүй. Отгонтуяа дарга хохирол төлөхөд тусална гэсэн. Миний буруугаас болж энэ осол гарч, хүний амь нас хохирч, хүнд гэмтэл учирсан болохыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Е  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Аав минь мэргэжлээрээ улсад 30 гаран жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Миний аав ямар нэгэн хууч өвчингүй, амьд байсан бол бид нартайгаа эрүүл саруул урт удаан амьдрах байсан. Аавыг минь нас барснаас хойш ээжийн минь сэтгэл санаа нь хямар маш хүнд байсан, саяхан осолд орж хөлөө хугалсан байгаа. Аав минь бага хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг байсан. Аавынхаа оршуулгын зардал болох 18.273.445 төгрөг болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч С.Ш гийн хууль ёсны төлөөлөгч Ш.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай ээж хэвтрийн байдалтай эрүүл мэнд нь хүнд байгаа эмчилгээний зардал болох 12.637.508 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Бүгд Найрамдах Солонгос улсын эмнэлэгт эмчлүүлэх хүсэлтэй байна энэ эмчилгээний зардал 15.000.000 воны энэ эмчилгээг зайлшгүй хийлгэх хүсэлтэй байгаа тул энэ эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай байгууллага нь үнэлгээний байгууллагаар иргэний нэхэмжлэгчийн хувьд 13.275.000 төгрөгийн хохирол тогтоолгосон байгаа. Тухайн тээврийн хэрэгслээ засварлуулах боломжгүй,  шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хувиар 13.275.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Харин иргэний хариуцагчаар татагдсаныг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ асуудлаар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах бодолтой байгаа...” гэв

Техникийн шинжээч Б.Батзориг, Н.Шинэбаатар нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултын дагуу хариулсан. Дарааллын журам буюу осол гарахад шалтгаалсан гол зүйлийг асуусан, би асуултын дагуу хариулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг үндэслэн тээврийн хэрэгсэл жолоодогч нь хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцоогүй байна гэсэн дүгнэсэн. Урьд гаргасан дүгнэлт үндэслэлтэй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 5-13/,

Хохирогч С.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө /үрээр 04 цагийн орчимд Хамрын хийд явсан. Би машины урд талын жолоочийн хажуу суудалд сууж явсан. Бусад зорчигч нар арын заалны суудалд сууж явсан. Хамрын хийд рүү эргэх тахир зам дээр явж байгаад машин гуйвах шиг болсон. би жолоочоо дуудаж байснаа санаж байна. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. ...Осол болохын өмнө км-ын заалтыг харахад 100-110 км цагийн хурдтай явж байсан. Би жолоочид хурдаа тохируулж яваарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 61-63/,

Хохирогч Ц.Л   нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад Хамрын хийд явсан. Би автомашины арын заалны суудалд сууж явсан. ...Машин явж байгаад 2 тийшээ хазайх шиг болсон. Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Хэсэг хугацаанд ухаан балартсан юм шиг байсан. Нэг мэдэхэд газар дээш харан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р 66-67/,

Хохирогч Л.Б    нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би осол болох үед машинд унтаад явж байсан нэг мэдэхэд зам тээврийн осол болсон би газарт унасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 70-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №4874 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. ...“Т 30 эр” гэж хаягласан цусанд 0.7 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 151/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №6036 дугаар шинжээчийн дүгнэлтэд:  “...С.О гийн биед цээжний баруун хөндийд хий, шингэн хуралт, баруун  уушгины эдийн няцрал, баруун эгэм, 1, 2, 3, 5, 6 суганы урд шугамаар хугарал, 4, 7-р хавирга суганы урд болон суганы дунд шугамаар хоёрлосон хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь  насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 127/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №6034 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:  “...С.Ш гийн биед тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 131/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №6038 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “....Б.Чулуунцэцэгийн биед тархи доргилт, баруун бугалга, духан зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх 139/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №6037 дугаар шинжээчийн дүгнэлтэд:  “...Л.Б   гийн биед баруун, зүүн плеврийн хөндийн шингэн хуралдалт, зүүн дал их бие хэсэг, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, зүүн талд 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы далд хугарал, зүүн дунд чөмөгт яс эл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /1-р хх 134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №6039 дугаар шинжээчийн дүгнэлтэд:  “...Ц.Л  гийн биед баруун дунд чөмөгт ясны далд, баруун 9, 10-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх 143/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/029 дугаар шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтэд: “...Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...Амь хохирогч З.Төмөр нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт /1-р хх 121-122/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/030 дугаар шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтэд: “...Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...Амь хохирогч Б.Б нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт /1-р хх 115-117/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/031 дүгээр шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтэд: “...Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...Амь хохирогч Д.Юмчинлхам нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт /1-р хх 112-113/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтэд: “...Хьюндай Старекс маркийн 44-87 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг, мөн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /1-р хх 159 дүгээр хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн №611 дугаар дүгнэлтэд: “...Замын хөдөлгөөнд оролцогч жолооч О.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: a/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /2-р хх 173-174 /,

            Иргэний нэхэмжлэгч С.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Оюунтуяа дарга утсаар яриад манай машиныг аваад оронд нь албаныхаа соната 7 маркийн машиныг түр унаж байгаарай гээд үлдээсэн. Осол болсон талаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн манай машиныг Дорноговь аймгийн хамрын хийдийн чиглэлд Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргын жолооч нь унаж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 75-77/,

            Хохирогч С.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Манай машины жолооч их хурдтай явж байсан. Би жаахан удаан явахгүй юм уу гэхэд 120/км цагийн хурдтай явж байна гэсэн. ...Тэгээд жолооч баруун гар тал руугаа рүлээ гэнэт дарах шиг болсон тэгээд буцаад зүүн гар тал руугаа дарсан тэгээд л машин онхолдсон байх...” гэх мэдүүлэг /1-р хх 78-79/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай ээж Монгол ардын намын гишүүн байсан ба намаас ахмадуудаа хамрын хийд авч явна гээд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө гэрээс гараад явсан. ...Одоо сайн юм ярьж чадахгүй байгаа баруун талдаа саажилт өгсөн алхаж гишгэж чадахгүй хүний асаргаанд байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх 57/,

            Шүүгдэгч О.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл огт байгаагүй зүгээр байсан. ...би тухайн үед 80 орчим км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 80-81/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-113/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-127/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 128/, жолоочийн лавлагаа /1-р хх 132/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18/07 дугаар хөдөлмөрийн гэрээ /1-р хх 114-116/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр тушаал /1-р хх117/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх 168/, Баянгол дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Б ийг иргэний хариуцагчаар татсан тогтоол /2-р хх 101/, амь хохирогч Юмчинлхамын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх14-16/, амь хохирогч Юмчинлхамын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 14-16/, хохирогч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Е ы шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол болон оршуулагын зардалтай холбоотой баримт, хохирогч С.Ш гийн хууль ёсны төлөөлөгч Ш.А ы гаргаж өгсөн хохиролын баримт /2-р хх 83-93/ мөн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Хамрын хийд явах замд 44-87 УНК улсын дугаартай Хьюндай старекс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Б.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.Б   , Ц.Л   нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.О , С.Ш  нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан. Б.Б, З.Төмөр, Д.Юмчинлхам нарын амь насыг хохироосон, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эд хөрөнгөнд 13.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 5-13/, хохирогч С.О гийн “...Би машины урд талын жолоочийн хажуу суудалд сууж явсан. Бусад зорчигч нар арын заалны суудалд сууж явсан. Хамрын хийд рүү эргэх тахир зам дээр явж байгаад машин гуйвах шиг болсон. би жолоочоо дуудаж байснаа санаж байна. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 61-63/, хохирогч Ц.Л  гийн “...Машин явж байгаад 2 тийшээ хазайх шиг болсон. ...Нэг мэдэхэд газар дээш харан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р 66-67/, хохирогч Л.Б   гийн “...би осол болох үед машинд унтаад явж байсан нэг мэдэхэд зам тээврийн осол болсон би газарт унасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 70-71/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4874, №6036, №6034, №6038, №6037, №6039 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх 151, 127, 131, 139, 134, 143/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/029, 02/030, 02/031 дүгээр шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтүүд /1-р хх 121-122, 115-117, 112-113/, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт /1-р хх 159 дүгээр хуудас/, тээврийн цагдаагийн албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн №611 дугаар дүгнэлт /2-р хх 173-174 /, иргэний нэхэмжлэгч С.Б ийн “...манай машиныг Дорноговь аймгийн хамрын хийдийн чиглэлд Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргын жолооч нь унаж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 75-77/, хохирогч С.Ш гийн хууль ёсны төлөөлөгч Ш.А ий “...Манай ээж Монгол ардын намын гишүүн байсан ба намаас ахмадуудаа хамрын хийд авч явна гээд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх 57/, шүүгдэгч О.Тийн “...Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл огт байгаагүй зүгээр байсан. ...би тухайн үед 80 орчим км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 80-81/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Тийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 3 хүний амь насыг хохироосон, бусдын эд хөрөнгөд 13.275.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч О.Түвшинбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв. 

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас тоолж эхлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн О.Тийн №469868 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг дурдав.

            Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч О.Төөс 13.275.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст,

Мөн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон оршуулгын зардалд нэхэмжилсэн нийт 41.260.703 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул иргэний хариуцагч Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулж хохирогч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Е д 18.273.445 төгрөгийг, хохирогч С.Ш гийн хууль ёсны төлөөлөгч Ш.А д 12.637.508 төгрөгийг, хохирогч Д.Юхууль ёсны төлөөлөгч П.Б т 10.349.750 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Ингэхдээ хохирогч Д.Юхууль ёсны төлөөлөгч П.Б ын нэхэмжлэлээс хүү Тэнүүний эрүүл мэндийн шалтгааны улмаас Америкийн нэгдсэн улсаас Монгол улс, Улаанбаатар хотод ирсэн онгоцны билетийн зардал болох 5.394.419 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс хасаж тооцов.

Хохирогч Б.Чулуунцэцэг, Л.Б   , Ц.Л  , С.О  нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Бид өөрсдийн саналаар явсан болохоор хэдий жолоочийн хариуцлага гэж байгаа ч энэ залуу хүүхдийн амьдрал ахуй цаашдын эрүүл мэндийн байдлыг харгалзан ямар ч гомдолгүй гэдгээ илэрхийлж байна...” гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэдийгээр иргэний хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ “...иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн хариуцлагыг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдлагын заавраар уг тээврийн хэрэгслийг тус байгууллагын жолооч ажилтай О.Т тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан тул иргэний хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийг иргэний хариуцагчаар татаж өгнө үү...” гэх боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дүгээр зүйлд “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Т нь Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн байгууллагад ажиллаж байгаагүй боловч тус хэлтсээс тухайн байгууллагын зөвшөөрлөөр 44-87 УНК улсын дугаартай Хьюндай старекс маркийн тээврийн хэрэгслийг авч явсан болох нь холбогдох гэрч нарын мэдүүлэг, О.Тийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь тус байгууллагад учирсан хохирлоо, хохирогч С.Ш гийн хууль ёсны төлөөлөгч Ш.А  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн О.Тийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 3 хүний амь насыг хохироосон, бусдын эд хөрөнгөд 13.275.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар О.Төд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Төд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.             

6. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч О.Тийн №469868 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төөс 13.275.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст,

иргэний хариуцагч Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 41.260.703 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Е д 18.273.445 төгрөгийг, хохирогч С.Ш гийн хууль ёсны төлөөлөгч Ш.А д 12.637.508 төгрөгийг, хохирогч Д.Юхууль ёсны төлөөлөгч П.Б т 10.349.750 төгрөгийг тус тус олгосугай.  

8. Иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь тус байгууллагад учирсан хохирлоо, хохирогч С.Ш гийн хууль ёсны төлөөлөгч Ш.А  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Төөс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нь шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт мөн хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Төд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХАЛИУН