Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 672

 

   2019       09          02                                   2019/ШЦТ/672

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс,

  хохирогч “Их төгөл” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Нд холбогдох эрүүгийн 1811007040794 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.Н, 1977 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны өрхийн эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-139 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар СБ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Н нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Төгөл” ХХК-нд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд эмч, төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 1.606.761 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Хохирогч “Их төгөл” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нийт 1.606.761 төгрөг нэхэмжилснээс 1.000.000 төгрөгийг компанийн дансанд хийсэн одоо 606.761 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүгдэгч Д.Н нь хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн болохоор ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Ж.Гэрэлсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Их Төгөл ХХК нь эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би 2016 оноос хойш уг компанид эрх зүйн чиглэлээр ажиллаж байна. Манай байгууллага “зар мэдээ” сонин дээр эмч, төлөөлөгчөөр ажилд авна гэсэн зарын дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагад эмч мэргэжилтэй Д.Н гэх хүн эмч, төлөөлөгчийн ажилтнаар ажилд орсон. Уг хүн ажилд орсноос хойш 2 сарын хугацаанд эхний cap гap дээр 545.290 төгрөг, 2 дахь cap 750.000 төгрөгийн цалин авсан ингэж ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөхгүй тооцоогоо дуусгалгүй ажлаа хаяад явсан. Түүний араас хүрч ирж тооцоогоо дуусга гэхээр очиж чадахгүй гэх мэт зүйлийг одоо яриад байдаг юм. 2 сарын хугацаанд цалингаа бүтнээр нь авсан байж ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй, ажлын тайлан, орлогын мэдээгээ өгөөгүй. Д.Н нь ажлын хувьд төлөөлөгч учир эм, эмийн мэдээгээ өгөөгүй. Д.Н нь ажлын хувьд төлөөлөгч учир эм эмийн бүтээгдэхүүнийг авч явж гадуур эмийн caн болон эм зардаг газруудад өөрсдийн худалдан борлуулдаг эмийг сурталчилж компаниас тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг уг газар аваачиж гэрээ хийх ажил хийдэг байсан. Ингээд 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа гарсны дараа тооцоог нь нягталж үзэхэд: 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ТДК эмийн санд эм борлуулаад 220.500 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтай гуулин эмийн санд эм борлуулаад 10.800 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Шинэ Од эмийн санд эм борлуулаад 380.295 төгрөгийг компанид тушаагаагүй өөрөө хувьдаа завшсан, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зайг эмийн санд эм борлуулаад 511.875 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтай гуулин эмийн санд эм борлуулаад 197.325 төгрөгийг компанид тушаагаагүй өөрөө хувьдаа завшсан, Байршил тогтоогдоогүй: Тогтоон эмийн санд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10.620 төгрөгийн эм эмийн бүтээгдэхүүн, тогтоон эмийн санд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 21.240 төгрөгийн эм эмийн бүтээгдэхүүн, Хишигт эмийн санд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 31.860 төгрөгийн эм эмийн бүтээгдэхүүн, “Их төгөл” ЭХНТ- “Их төгөл” ХХК гэсэн утгатай: 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 118.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 118.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 127.900 төгрөг, 2017 оны 12 дугаар capын 05-ны өдөр 84.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 66.600 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 59.000 төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг хэнд ямар байгууллагад өгсөн болох нь тодорхойгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх 26/, “...Мөнгө завшсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөрөө тооцоо нийлээд төлөх 1.606.761 төгрөгийг төлнө гэж бичиг хийж өгсөн боловч мөнгө төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх 30/,

Гэрч М.Мөнхзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 10 сард анх ажилд орсон ба тухайн үед хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж байсан бөгөөд хуулийн зөвлөх Ж.Гэрэлсүх Монголд байхгүй байсан учраас Д.Нтай хөдөлмөрийн, гэрээ байгуулж чадаагүй. Ажлын чиг үүргийг өөрт нь тайлбарлаад эхний 7 хоног хамт явж ажилласан. Эмч төлөөлөгчөөр ажиллахад сарын 750.000 төгрөгөөр цалинг тооцсон. Хөдөлмөрийн гэрээний хувьд давхар ажил хийх нь хориотой боловч гэрээ байгуулаагүй болохоор тэр талаар хориглож чадаагүй. Нансалмаагийн хувьд урьд өмнө нь их эмчээр ажиллаж байсан учраас ажлын туршлагатай гэж бодож ажилд авсан. Тэрнээс хойш огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй 2 cap орчим хугацаанд ажилласан байдаг. Эмч төлөөлөгчөөр ажиллахдаа бараагаа өөрсдөө авч яваад эмийн сангуудад борлуулалт хийж болдог юм. Тэгтэл манай байгууллагатай харилцаж байсан эмийн сангууд дахиад эм авмаар байна гэхээр нь төлбөр тооцоогоо асуухад эмч төлөөлөгчид буюу Д.Нд өгчихсөн гэж хэлсэн болохоор шалгаж эхэлсэн. Нийтдээ 15 газраас 1.987.931 төгрөгийн дутагдал гарсан байдаг. Сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдсанаас хойш 4 сард Д.Нтай тооцоо нийлэхэд 1.606.761 төгрөг гарсан байгаа. Тухайн үед Нансалмаатай падаан дээр тулгуурлаж тооцоогоо гаргана гээд гаргасан юм. Одоо уг мөнгөө төлж барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 34/,

Гэрч Д.Пүрэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...намайг ажилд орсноос хойш "Их төгөл” ХХК-аас эм авдаг байсан. Д.Н гэж хүн “Их Төгөл” ХХК-ний эмч төлөөлөгчөөр ажилладаг гэж 2017 оны сүүлээр ирж байсан. Манай эмийн сан дээр эмээ заруулахаар өгдөг. Тэр үедээ зарлагын баримт үйлдэж үлдээгээд дараа нь ирэхдээ зарагдсан эм байвал тэрнийхээ мөнгийг авдаг. Бэлэн болон бэлэн бусаар өгдөг байсан. Гэхдээ одоо бол Нансалмаатай ямар нэг тооцоо байхгүй. Гэтэл "Их Төгөл” ХХК-аас манай эмийн сан дээр авлагатай гээд тооцоо нийлэхээр ирсэн. Д.Н бараг 1 cap л ажилласан байх. Өмнө нь ажиллаж байсан эмч төлөөлөгчтэй ийм асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 36/, 

Шүүгдэгч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сард Их төгөл ХХК-д эмч, төлөөлөгчийн ажилд орсон. ...Дүү Бүжин маань цусны хорт хавдартай гэж оншлогдоод эмчилгээнийд ороход нь мөнгө хэрэг болоод 12 сарын 25-ны өдөр тооцоо хийгдэхлээр мөнгийг нь буцаагаад өгнө гэж бодоод 1.200.000 орчим төгрөгийг аж ахуй нэгжүүдээс авч хэрэглэсэн байсан юм. ...Миний хувьд 1.606.761 төгрөгийн зөрүү гарсан мөнгөн дүнг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 48-49/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 132/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 130/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 149/, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх 50-54/, Д.Нгийн 2017 оны 10, 11 дүгээр сард “Их Төгөл” ХХК-аас цалин авч байсныг харуулсан цалин олгох хүснэгт /хх 74/, ажлаас чөлөөлөх тухай “Их Төгөл” ХХК-ний захирлын тушаал /хх 123/, Ажлын байрны тодорхойлолт /хх 125/, Д.Нгийн депозит дансны харилцагчийн хуулга /хх 140/, Их төгөл ХХК-ны барааны зарлагын баримтууд /хх 76-98/, Д.Н, менежер Мөнхзаяа нарын паданд тулгалт хийсэн баримт /хх 114-115, 124/, хохирол төлбөрт 1.000.000 төлсөн тухай баримт /хх 172/, “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/23 тоот тушаал зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Төгөл” ХХК-нд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд эмч, төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 1.606.761 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Гэрэлсүхийн “...Мөнгө завшсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөрөө тооцоо нийлээд төлөх 1.606.761 төгрөгийг төлнө гэж бичиг хийж өгсөн боловч мөнгө төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч М.Мөнхзаяагийн “...манай байгууллагатай харилцаж байсан эмийн сангууд дахиад эм авмаар байна гэхээр нь төлбөр тооцоогоо асуухад эмч төлөөлөгчид буюу Д.Нд өгчихсөн гэж хэлсэн болохоор шалгаж эхэлсэн. Нийтдээ 15 газраас 1.987.931 төгрөгийн дутагдал гарсан байдаг. Сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдсанаас хойш 4 сард Д.Нтай тооцоо нийлэхэд 1.606.761 төгрөг гарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх 34/, гэрч Д.Пүрэвсүрэнгийн  “...зарлагын баримт үйлдэж үлдээгээд дараа нь ирэхдээ зарагдсан эм байвал тэрнийхээ мөнгийг авдаг. Бэлэн болон бэлэн бусаар өгдөг байсан. Гэхдээ одоо бол Нансалмаатай ямар нэг тооцоо байхгүй. Гэтэл "Их Төгөл” ХХК-аас манай эмийн сан дээр авлагатай гээд тооцоо нийлэхээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх 36/, шүүгдэгч Д.Нгийн “...буцаагаад өгнө гэж бодоод 1.200.000 орчим төгрөгийг аж ахуй нэгжүүдээс авч хэрэглэсэн байсан юм. ...Миний хувьд 1.606.761 төгрөгийн зөрүү гарсан мөнгөн дүнг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 48-49/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Д.Н нь хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдсэн 606.761 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан “Их төгөл” ХХК-д олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нгаас 606.761 төгрөгийг гаргуулж хохирогч “Их төгөл” ХХК-д /регистрийн дугаар 2591979/ олгосугай.

5. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН