Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01260

 

 

 

 

 

********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/04831 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********т холбогдох,

гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгаж, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******-аас 2,558,323 ам.доллар гаргуулж Капитрон банкинд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нийт 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй байж компанийн гүйцэтгэх удирдлага биш, хувьцаа эзэмшигчийг гадаадад зорчих эрхийг түүнд мэдэгдэлгүйгээр хязгаарласан нь илт хууль бус.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Капитрон банктай, төлбөр төлөгч нар нь харилцан тохиролцоод төлбөрийг 6 сарын хугацаатай эргэн төлөх хуваарь гаргасан тухай албан бичиг байдаг. Үүний дагуу гадаадад зорчих эрхээ сэргээлгэе гэдэг хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргаж байсан.

Иймд нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгаж, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасныг үндэслэн 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэлд байгуулагдсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаад руу зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ********-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Төлбөр төлөгч ******** нь гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх ажиллагааг мэдээгүй, төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй.

********-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч сайн дураар биелүүлээгүй, төлбөр авагч талтай харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах хүсэлт гаргасан боловч төлбөрийг 2025 оны 03 дугаар сараас хойш төлөөгүй, зарлан дуудах мэдэгдлийг гардуулсан боловч дуудсан хугацаанд ирэлгүй шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гадаадад зорчих эрх хязгаарлах талаар нэхэмжлэгчид хариуцагч нь огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч хуулийн этгээд болохоос захирал биш, мөн төлбөр төлөхөөс зайлсхийгээгүй. Шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгө байхад заавал гадаадад зорчих эрхийг хязгаарлах үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04053 дугаар захирамжаар нэхэмжлэгч ******-ийн 8,716,381,866 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ******* болон ******** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

3.1. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас олгогдсоноор 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай, 01 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудсуудтай нэхэмжлэгч танилцаад гарын үсэг зурахаас татгалзсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.

 

3.2. Улмаар Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн саналыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ********-ийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн. Уг тогтоолын огноо 01 дүгээр сарын 22-ны өдөр гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгч нь төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан.

 

4.1. Төлбөр төлөгч ******** нь 8,716,381,866 төгрөгийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй, мөн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсуудыг хүлээн авах, гарын үсэг зурахаас татгалзах зэргээр төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гаргасан байна.

 

4.2. Гадаадад зорчих эрх түдгэлзүүлсний дараа төлбөр авагч болон төлөгч талууд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байх боловч энэ хуваарийн дагуу төлбөр төлөгч нар төлбөр төлсөн үйл баримт тогтоогдоогүй.

 

4.3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гадаад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг авсан, харин гадаад зорчих эрх түдгэлзүүлэх шийдвэр гарсныг 2025 оны 02 дугаар сард мэдэж зохих журмын дагуу гомдлыг гаргасан байна.

Гадаад зорчих эрх түдгэлзүүлэх шийдвэр гарсан даруй төлбөр төлөгчид мэдэгдээгүй нь уг арга хэмжээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

4.4. Иймд хариуцагч нь хуульд заасан үндэслэлийн хүрээнд төлбөр төлөгч ********-ийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх арга хэмжээг авсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх төлбөр төлөгч төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн эсэх талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн учир шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/04831 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгаж, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ