| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0665/Э |
| Дугаар | 675 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 675
2019 09 05 2019/ШЦТ/675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 1903007320334 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Б.Б , 1977 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж “Баян соёмбо” хотхон 65б-36 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХИ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний 09 цаг 05 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудлын замд “Toyota Haice” маркийн 29-66 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас автобусны буудлын явган зорчигчийн зогсоолын талбай дээр зогсож байсан Ц.Уранчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед миний бие гэнэт муудаад тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авах гэж байгаад зогсоож чадаагүйгээс замын хашлага даван хохирогч Ц.Уранчимэгийг мөргөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна цаашид ийм алдаа гаргахгүй. Миний хувийн байдлыг харгалзаж, хөнгөн ял шийтгэж өгнө үү ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-10/,
Хохирогч Ц.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал гэнэт л хажуугаас нэг машин орж ирээд намайг мөргөж унагаасан, тэгээд л би газар унаад хэвтэж байтал нэг цагаан өнгийн машин намайг мөргөсөн бололтой, мөн түц мөргөсөн байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Иргэний хариуцагч Н.Сэр-Од нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Осол хэргийн улмаас манай машинд хохирол учраагүй. Эвдэрсэн зүйл байхгүй. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 7768 дугаар дүгнэлтэнд: “...Ц.Уранчимэгийн биед зүүн шилбэний доод 1/3 хэсгийн ташуу хугарал, зүүн шилбэний шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, баруун тохойнд зулгаралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 27/,
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...автомашиныг жолоодож явах үед гэнэт дотор муухай орилоод ханиалгаад, нүд харанхуйлаад бие эвгүйцээд зам чөлөөлөх гэж байтал түр зуур ухаан алдсан байсан. Тэгээд сэрээд хартал би машинаараа түц мөргөөд зогссон байдалтай байсан. Тэгээд юу болов гээд машинаасаа буугаад иртэл нэг эмэгтэй хүн газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх 46/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 56/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 54/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 55/, авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49790 дугаар дүгнэлт /хх 31/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 47/, ажлын газрын тодорхойлолт /хх 50/, Тээврийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 67 дугаар тогтоол /хх 40/, шүүгдэгч Б.Бын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 39/, хохирогч Ц.Уранчимэгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 69/, хохирогч Ц.Уранчимэгийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт, хохирол төлбөр барагдуулсан баримт /хх 62-65/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний 09 цаг 05 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудлын замд “Toyota Haice” маркийн 29-66 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас автобусны буудлын явган зорчигчийн зогсоолын талбай дээр зогсож байсан Ц.Уранчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-10/, хохирогч Ц.Уранчимэгийн “...хажуугаас нэг машин орж ирээд намайг мөргөж унагаасан, тэгээд л би газар унаад хэвтэж байтал нэг цагаан өнгийн машин намайг мөргөсөн бололтой, мөн түц мөргөсөн байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/, иргэний хариуцагч Н.Сэр-Одын “...Осол хэргийн улмаас манай машинд хохирол учраагүй. Эвдэрсэн зүйл байхгүй. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 22-23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 7768 дугаар дүгнэлт /хх 27/, шүүгдэгч Б.Бын “...юу болов гээд машинаасаа буугаад иртэл нэг эмэгтэй хүн газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх 46/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ц.Уранчимэг нь “...Миний нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлсөн. Гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН