| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2024/07279/И |
| Дугаар | 210/МА2025/01261 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01261
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/04330 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Хариуцагч нь ажилд авсан өдрөөс эхлэн ажлын байрны дарамт үзүүлсэн. Хүний нөөц олдохгүй байхад хурдан олж ир гэж дарамталдаг, олдохгүй байна гэхээр өөрөө хий гэсэн тул үйлчлэгчийн хийх ажлыг хийж, жорлон хүртэл цэвэрлэж байсан.
2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халахдаа өөрөө өргөдлөө өгсөн гэсэн байгаа боловч би бичгээр өргөдөл өгсөн зүйлгүй. Өмнө дарамтлаад байхаар нь ажлаас гарна гэж өргөдөл өгөөд хуульчаас зөвлөгөө аваад буцаагаад авч байсан.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******г 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар хүний нөөцийн менежерээр ажиллуулахаар болсон.
Туршилтын хугацаагаар ажиллах ажилтны хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болох байсан. Гэвч ****** нь нэг сар хагасын хугацаанд ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас гарахаар болсон тул ажлаас чөлөөлсөн.
Гэтэл өөрийн хүсэлтээр ажлаас гарсан атлаа ажлын байрны дарамт үзүүлсэн, тиймээс ажлаас гарах өргөдлөө өгөөд буцаан авсан гэж ор үндэслэлгүйгээр ажил олгогчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв нэхэмжлэгч нь ажил олгогчийг ажлын байрны дарамт үзүүлсэн гэж үзэж байсан бол нотлох ёстой.
Нэхэмжлэгч нь ажлаас гарахдаа хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан давуу байдлаа ашиглаж ажилтны хувийн хэрэгт байх ёстой хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө авч явсан.
Иймд ******г өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар ******г *******-ийн Үйл ажиллагааны албаны Хүний нөөцийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч *******-иас 17,500,000 төгрөгийг гаргуулж ******д олгож, ******* эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг *******-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар *******-иас 315,650 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ****** нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр ажил олгогчид гаргаж байсан гэдгээ шүүх хурал дээр өөрөө тайлбарлаж, нэхэмжлэлдээ бичсэн байхад шүүх ****** нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл, хүсэлтээ огт өгч байгаагүй мэтээр эсрэг дүгнэж шийдвэрлэсэн. Гагцхүү нэхэмжлэгч нь энэхүү хүсэлтээсээ татгалзаж, ажлаас гарахаа больсон гэх асуудал дээр буюу ажлаас гарахаа больсон байхад ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа гол маргааны нөхцөл байдлыг тодруулж, үнэн зөвөөр үнэлж дүгнэж шийдвэрлээгүй.
Хөдөлмөрийн дотоод журмын 3.24-т заасны дагуу ****** нь ажлаас өөрийн хүсэлтээр гарахаа больсон тухайгаа эмнэлэг хариуцсан менежерт албан ёсоор мэдэгдэх ёстой.
4.2. Нэхэмжлэгч ******* ажилд орох хүсэлтийг үндэслэж 3 сарын туршилтын хугацаагаар хүний нөөцийн менежерээр ажиллуулсан.
Ажил олгогчийн зүгээс ******* ажлын туршлагыг үндэслэж, санал тавьж ажилд аваагүй, нэхэмжлэгч үүнийг нотолдоггүй. Туршилтаар ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжих болохоос шүүхийнх биш юм.
Гэтэл шүүх хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, ******г хугацаагүйгээр ажилд нь эгүүлэн томилсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан асуудал байхгүй. Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзнэ. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******-д холбогдуулан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гаргасан хүсэлтийн дагуу хуульд нийцүүлэн ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйл баримтыг зөв тогтоосон боловч ажилтны туршилтын хугацаагаар ажиллаж байсны үр дагаврыг үл харгалзаж алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3.1. *******-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар ******г хүний нөөцийн менежерээр 3 сарын туршилтын хугацаатай томилсон байна.
Хэдийгээр ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтныг туршилтаар ажиллуулж байсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй.
Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн түүнийг туршилтаар ажилд аваагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй.
3.2. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/095 дугаар тушаалаар хүний нөөцийн менежер ******г өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг хүсэлтийнх нь дагуу ажлаас чөлөөлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. дэх хэсэгт зааснаар хүсэлтийг нь үндэслэж ажлаас чөлөөлөөгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Гэхдээ туршилтын хугацаа дуусгавар болсны дараа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээ тул нэхэмжлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах байсан гэж дүгнэх боломжгүй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн хэдий ч туршилтын хугацаа дуусгавар болсон нөхцөлд ажилтанг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцнэ.
3.3. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар туршилтын хугацаа дуусах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тооцоход нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд авах байсан олговор 3,928,551 төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилтад мөн өөрчлөлт орно.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/04330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 3,928,551 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж,
нэхэмжлэлээс үлдэх *******-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 315,650 гэснийг 77,807 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ