Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2017/01471/И |
Дугаар | 001/ХТ2017/01604 |
Огноо | 2017-12-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2017/01604
К.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01552 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1785 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч К.Б-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Н-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч К.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Б-, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2014 оны 03 дугаар сард 3 хороолол, Бичил хороолол 33 дугаар байранд Мөнхжил гэх нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэж ажиллуулж байсан. Би 2015 оны 03 дугаар сард дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг Д.Н-д хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн өдрөө 400 000 төгрөг авсан. Маргааш нь ирэхэд Д.Н- “эгчээ би мөнгөгүй болчихлоо, 1 сарын дараа мөнгийг өгье” гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Мөнхжил дэлгүүрийн хажууд байдаг эмийн санд сууж байсан охин надруу залгаад “таны барааг хүн ачуулаад яваад” байна гэхээр нь очиход Д.Н- миний барааг ачаад явчихсан байсан. Үүний дараа би утсаар залгаж холбогдоход би таныг юу гэж хуурах вэ гэсэн утга агуулгатай зүйл хэлсэн. Гэтэл утсаа салгаад алга болсон. Регистрийн дугаар нь надад байсан учир би хаягийг нь тодруулж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад оршин суудаггүй гэсэн тул хаягийг тодруулахаар эрэн сурвалжлуулсан. Иймээс бараа бүтээгдэхүүний төлбөр 624 000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, тооцоо нийлсэн акт баримт юу ч үйлдээгүй. Хүнсний дэлгүүрт гэрээ байгуулсан хүн л энэ асуудлыг хариуцах байх. Надад эхэлж хэлэхгүй шууд цагдаагийн байгууллагаар намайг эрэн сурвалжлуулсан байсан гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01552 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-гээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1785 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Хоёр удаагийн шүүх энэ этгээдийн талд шийдсэнд гомдолтой байна. Д.Н- гэгч эмэгтэй шүүх хурал дээр өөрийг маань гүтгэж, энэ хүнийг танихгүй ямарч бараа хүлээж аваагүй, ямарч мөнгө өгөөгүй гэх зэргээр байж болошгүй авир гаргаж, улмаар би огт танихгүй гудамжинд явж байсан энэ хүнийг гүтгэж, эрэн сурвалжлуулж нэр төрд нь халдсан мэтээр шүүгчид ойлгуулж байгаад би харамсаж байна.
Иймд нэр төрөө сэргээлгэн, энэ эмэгтэйгээс авбал зохих барааны үлдэгдэл төлбөр 624 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч К.Б- нь хариуцагч Д.Н-гээс барааны үнэ 624 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Д.Н- нь шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзсан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч К.Б- нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж хувийн тэмдэглэлийн дэвтрийн 10 хуудас хуулбар баримтыг шүүхэд гаргасан байна. Эдгээр баримт нь нотариатаар гэрчлэгдээгүй хуулбар байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна. Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заажээ.
Нэхэмжлэгч хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь буруу боловч шүүх эдгээр баримтыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа болно. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т заасан зарчмын агуулгаар шүүхэд шийдвэрийн үндэслэл болохгүй баримт урьдаас тогтоогдсон байх учиргүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангуулах арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аваагүй байна.
Нөгөө талаар, анхан шатны шүүх дээрх баримтыг “хэзээ, хаана үйлдсэн болох нь тодорхойгүй” гэж үнэлсэн атлаа “нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй” гэж шийдвэрт заасан нь алдаатай болжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх дээрх баримтыг үнэлсэн атлаа үнэлээгүй гэж дүгнэснээс гадна эхийг нь шаардаж аваагүй гэж шийдвэртээ заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан “хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэх журам нь энэ зүйлийн эхний өгүүлбэрт туссан зохицуулалттай шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтын эх хувийг, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг авах ёстой болно. Бичмэл нотлох баримтын хуулбар нь нотариатаар гэрчлүүлсэн байсан ч шүүх шаардлагатай гэж үзвэл эхийг нь шаардан авах эрхтэй байдаг байна.
Нотариатаар гэрчлүүлээгүй буюу хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй баримтыг хэргийн оролцогч шүүхэд гаргаж өгөх, шүүх түүнийг хүлээн авах ёсгүй тул ийм хуулбарыг эхтэй нь тулгах, эсхүл эхийг нь шаардан авах эрх, үүрэг шүүхэд үүсэхгүй юм.
Хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарласан тухай шүүхийн баримтад нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг танилцуулсан талаар заасан байна. Энэ жагсаалтад хуулийн 44 дүгээр зүйлийн хэсэг, заалтыг танилцуулан тайлбарласан гэх байдал тусгагдаагүй тул хэрэгт хэлбэрийн шаардлага хангаагүй баримт орсон явдалд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах, улмаар түүний мэтгэлцэх эрхийг хязгаарлах үндэслэлгүй болно.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан алдаа, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт, хэргийн оролцогчийн зөрчигдсөн эрхийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж шийдвэртээ заасныг буруутгах боломжгүй боловч шүүх хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлах үүргээ хуулийн зүйл, заалт танилцуулснаар хязгаарласан бол эрх зүйн маргааны талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй юм. Маргааны үйл баримт нотлогдсон, хэргийн нөхцөл байдал тодорхой тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01552 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1785 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 19 370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН