Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 124/2019/0020/З |
Дугаар | 221/МА2020/0138 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2020/0138
|
|
|
С.П-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.О, гуравдагч этгээд Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу С.П-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлстэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн Улаангом бусын 3 дугаар баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрших 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.О давж заалдах гомдолдоо: “Ү-15200004722 улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт 6 төрлийн бүртгэлийг хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагад тухайн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гэж заасан байхад тус шүүх нь аль бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гэж заасан байхад тус шүүх нь аль бүртгэлийг хүчингүй болгоод нэхэмжлэлийн шаардлагаа хангаад шийдвэрлээд байгаа нь тодорхойгүй байна.
3 дугаар баг 22 дугаар байр 02 тоот хаягт байрлалтай байрны бүртгэлийг хийхэд иргэн С.П өөрөө хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, бусад нотлох баримтыг үндэслэн иргэн н.А-д өмчлөх эрхийн гэрчилгээ 3 дугаар баг 22 дугаар байр 02 тоот гэж олгогдсон болно. Энэ одоо иргэн Д.Н-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа. Иргэний хууль, тухайн үед мөрдөгдөж байсан эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар 24 дүгээр зүйл заалтыг баримтлан өмчлөх эрхийг шилжүүлсэн болно.
Иргэн Д.Г, Д нарын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай бүртгэлийг хийхдээ 3 дугаар баг 22 дугаар байр, 05 тоот хаягт байрлалтай байрыг шилжүүлсэн байгаа нэхэмжлэлийн шаардлагад заагдсан 2 тоот байрыг шилжүүлээгүй болно.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.2, Иргэний хуулийн 183.1-д тус тус заасны дагуу уг хөдлөх өд хөрөнгийн эрхийн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэлд буруу ташаа болохыг мэдэж байсан, эсвэл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэлд үнэн зөв гэж тооцно гэж байгаа. Иймээс энэ бүртгэлийг тухайн үед үнэн зөвд тооцож бүртгэсэн юм.
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тухайн үед бүртгүүлж байхдаа бодит байгаа үл хөдлөх хөрөнгийг үзэж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр нотариатаар гэрчлүүлсэн гэрээнд гарын үсэг зурж, урьдын өмчлөх эрхийг дуусгавар болгож, шинээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байдаг” гэв.
Гуравдагч этгээд Д.Г давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрны 5 тоот 45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн анхын бүртгэлийн гэрчилгээ 2015 оны 09 дүгээр сард Х.Н-д олгогдсон.
Т.Д, Д.Г бид Х.Н-аас өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн үндсэн дээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрын 5 тоот 45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бол захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.
Нэхэмжлэгч С.П нь анх эд хөрөнгийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2015 оны эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрүүлсэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй, уг үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй.
Нэхэмжлэгч С.П, иргэн С.М нарын Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрны барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, орон сууцны өмчлөлийн талаарх маргааныг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Орон сууцны өмчлөл, хөрөнгө оруулалттай холбогдох иргэний хэргийн шийдвэрлэлт нь энэхүү захиргааны хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхөөр байхад нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч С.П-ын Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрны 5 тоот 45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн улмаас уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн өмчлөгч Т.Дамдинсүрэн, Д.Г бид нараас гадна өмнөх өмчлөгч Х.Н, С.М нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад гуравдагч этгээдээр татах оролцуулаагүй. Иймд уг захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.П Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд давхардуулан Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэжээ.
Анх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа орон сууцыг Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтэс иргэн С.М-ын хүсэлт болон холбогдох бусад баримтын дагуу түүний нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэж улсын бүртгэлийн Ү-1520003912 дугаартай гэрчилгээ[1] олгосон байна.
Үүний дараа “Хамтран ажиллах болон хамтран өмчлөх гэрээ”[2], хүсэлт, холбогдох баримтын дагуу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С.П-ыг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэсэн[3] байх боловч өмчлөлөө салгуулж, орон сууцнаас С.М-ын нэр дээр улсын бүртгэлийн Ү-15200039612[4] дугаартай 531 м.кв, С.П-ын нэр дээр улсын бүртгэлийн Ү-1520003940[5] дугаартай 333 м.кв талбайг тус тус салган бүртгэжээ.
С.М нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр[6] өөрийн өмчлөлийн 45 м.кв, 49 м.кв орон сууцнуудыг Х.Н-д өгсөн байх бөгөөд холбогдох баримтыг үндэслэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Ү-1520004722 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна[7]. Үүний дараа Х.Н нь 49 м.кв орон сууцыг иргэн Н.О-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж үлдсэн 45 м.кв талбайн бүхий орон сууцыг Ү-1520004722 дугаартайгаар[8] улсын бүртгэлд “Увс аймгийн Улаангом сум 3 дугаар баг Бадрахын 22 байр 05 тоот” хаягаар бүртгүүлжээ.
Улмаар Х.Н нь уг 45 м.кв орон сууцыг худалдах худалдан авах гэрээний[9] дагуу Д.Г, Т.Д нарт худалдаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн газраас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ү-1520004722 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг шинэ өмчлөгч нарт олгосон байна.
Харин 333 м.кв орон сууцыг өмчилж авсан С.П нь өөрийн өмчлөлийн 45 м.кв бүхий байраа 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлд салган бүртгүүлсэн байх бөгөөд Ү-1520004449 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа 90 хувийн гүйцэтгэлтэй, “3 дугаар баг 8-1 тоотод байрлах 2 тоот” гэх хаягаар бүртгүүлсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 “Бүртгэл үнэн зөв байх”, 12 дугаар зүйлийн 12.5.1 “Эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх нь улсын бүртгэгчийн үүрэг”, 14 дүгээр зүйлийн 14.1.9 “Мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол бүртгэхээс татгалзана”, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2003 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8 “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэж тус тус заасан.
Мөн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрах хорооллын 22 дугаар байр нь 1 давхартаа 6 байртай[10] байх бөгөөд Х.Н[11] болон улсын бүртгэгч Г.О[12] нарын гэрчийн мэдүүлэгт[13], Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл[14] зэрэгт дурдснаас үзвэл улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бүртгүүлсэн байр 1 болох нь харагдаж байна.
Эндээс үзвэл нэхэмжлэгч С.П-ын өмчлөх эрх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн, харин Х.Н нь уг 45 м.кв байрыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан, түүнээс худалдан авсан гуравдагч этгээд Д.Г-ийн өмчлөх эрх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх тул 2 болон 5 дугаар байр нь нэг байр болохыг улсын бүртгэгч шалган тогтоогоогүй, өмнө өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болоогүй байхад дараагийн иргэний өмчлөлийг бүртгэсэн буруутай үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.
Нөгөө талаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болоогүй байхад дараагийн иргэний хүсэлтийг хүлээн авч байрыг бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 8.1-д заасны дагуу гаргасан улсын бүртгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.
Нэхэмжлэгч С.П нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8/5548 дугаар албан бичгээр[15] хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн тул Увс аймгийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Эндээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн дээд шатны албан тушаалтан болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаад хариу авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Мөн гуравдагч этгээдээс Х.Н болон С.М нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэж маргаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаас үзвэл эдгээр хүмүүс нь Д.Г болон Т.Д нарт байрыг шилжүүлснээр өмчлөх эрх нь дуусгавар болсон тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөхөөргүй байна.
Үүнээс гадна С.П-ын нэхэмжлэлтэй, С.М-д холбогдох иргэний хэрэгт “Хамтран барьсан барилгад гэрээний дагуу байр эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25.600.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр хэрэг үүсгэжээ.
Өөрөөр хэлбэл уг иргэний хэргийн шийдвэр нь захиргааны хэргийн маргаанд нөлөөлөхөөр байна гэсэн гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.О, гуравдагч этгээд Д.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.О, гуравдагч этгээд Д.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар гуравдагч этгээд Д.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 104 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 105 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 109 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 117 хуудас
[5] 2 дугаар хавтаст хэргийн 44 хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 141 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 247 хуудас
[8] 2 дугаар хавтаст хэргийн 10 хуудас
[9] 2 дугаар хавтаст хэргийн 14 хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 23 хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 59 хуудас
[12] 2 дугаар хавтаст хэргийн 159 хуудас
[13] 2 дугаар хавтаст хэргийн 159 хуудас
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 74-78 хуудас
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 18 хуудас