Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2025/0073

 

“К” ХХК-ийн гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн

хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Танхимын тэрүүн Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                       М.Батсуурь

                                              Х.Батсүрэн

                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0014 дүгээр магадлалтай хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээд З.Б  нарыг оролцуулан гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “К” ХХК-аас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан. 

2.Хэргийн нөхцөл байдал: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/42 дугаар тогтоолоор: Өмгөөлөгч З.Б  нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.11, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж дүгнэн “К” ХХК-ийн гомдолтой, өмгөөлөгч З.Б д холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгожээ.

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0014 дүгээр магадлалаар: Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.11-д заасныг баримтлан “К” ХХК-ийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Гомдол гаргагч “К” ХХК-ийн төлөөлөгч Э.Ш-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь 15 багц хэсгээс бүрдэх бөгөөд үйл баримтын хувьд нотлох баримтыг буруу ойлгож үнэлсэн, гомдол, нэхэмжлэлд үндэслэсэн хуулийн болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн зохицуулалтуудыг бүрэн дүгнэлгүй орхигдуулж зөвхөн Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэл болсон зохицуулалтуудыг дурдсан, гомдлын агуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамааруулах байдлаар тойруулж, хэт явцууруулан маргааны гол нөхцөлд дүгнэлт хийгээгүй байна.

4.2.Бид өмгөөлөгч эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл хийхдээ шүүх болон хэргийн бусад оролцогчдыг буруутгасан, нэр хоч өгч, доромжилсон байдлаар ярилцлага өгсөн үйл явдал нь ёс зүйн зөрчил гэж үзэж харьяаллын дагуу Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргаж, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан болно.

4.3.Гомдлын хууль зүйн үндэслэлд бүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй талаар: Шүүх шийдвэртээ Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.11, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөвхөн дурдах байдлаар үндэслэл болгосон нь Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд нэг талын дүгнэлт хийж, хамгаалсан хэрэг гэж үзэж байна.

4.4.Өмгөөлөгч нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл өгөхдөө шүүхийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан “хонгилын шүүх энд ажиллаж байна уу даа гэж би хувьдаа бол харж байгаа” гэж олон нийтэд буруутган мэдээлснийг шүүхээс дүгнэхдээ “хуулиар хориглоогүй арга хэрэгслээр үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдлыг мэдээлсэн” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэгдэх ёстой хэм хэмжээнд огт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

4.5.Учир нь өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах” үүрэгтэй боловч хуулиар буюу Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно” гэж заасан хориглолтыг зөрчиж, шүүхэд нэр хоч өгч, шүүгчийн албан тушаал, нэрийг заан буруутгасан болно.

4.6.Үүнийг зөвтгөхдөө “... өмгөөлөгч З.Б  нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хонгилын шүүх” гэж хэлсэн боловч тухайн хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан болох нь тогтоогдоогүй” гэж хэт нэг талын тайлбар хийж буйд гомдолтой. Энэхүү шүүхийн дүгнэлт нь эрүүгийн хэрэгт оролцож буй хуульч, өмгөөлөгч бүр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусахаас өмнө шүүхийг “хонгилын шүүх” гэж нэр хоч өгч, гаргасан шийдвэртэй нь холбогдуулж буруутган олон нийтэд мэдээлэх нь ёс зүйн зөрчил болохгүй байх шинэ жишгийг бий болгож байна.

4.7.Өмгөөлөгч нь мэргэжлийн субъект тул шүүх эрх мэдэл, хуулийн засаглал, түүнд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах учиртай.

4.8.Түүнчлэн өмгөөлөгч нь тус ярилцлага мэдээлэлдээ “хатгасан, хамжсан, дэмжсэн энэ хүмүүс нь бол холбогдох ялаа аваад явах ёстой” гэж хэргийн бусад оролцогчдыг гэм буруутай мэтээр гэм бурууг урьдчилан тогтоож, олон нийтэд мэдээлсэн боловч энэхүү мэдээлэлтэй холбоотой хэсэгт шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.  

4.9.Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд “Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох”, 2 дахь хэсэгт заасан ... өмгөөлөгч ...  хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэсэн хориглосон зохицуулалт үйлчлэх боловч хэргийн бусад оролцогчдыг гэм буруутай мэтээр мэдээлснийг үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдлыг мэдээлсэн гэж үзэх боломжгүй. Учир нь эрүүгийн хэрэгт гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулдаг тул өмгөөлөгч шүүхэд шилжээгүй байгаа хэргийн оролцогчдыг “ялаа аваад явах ёстой” гэж мэдээлж, олон нийтэд гэм бурууг урьдчилан тогтоосон нь өмгөөлөгчид хуулиар оноосон үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн хэрэг болно.

4.10.Шүүх нотлох баримтыг зөв дүгнээгүй талаар: Манай компани нь өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд холбогдуулж гомдол гаргахдаа дуусаагүй байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ гэж, шүүхээс нийтэд мэдээлсэн зүйлийг мэдээлсэн байна гэж гомдол гаргаагүй. Олон нийтэд мэдээлсэн ярилцлага мэдээлэлдээ шүүх болон хэргийн бусад оролцогчдыг буруутган мэдээлж байгаа нь хуулиар хориглосон хориглолтоос хэтэрсэн ёс зүйн зөрчил гэж үзэж гомдол гаргасан болно. Энэхүү мэдээллийн үр дагавар шууд илрэхгүй байж болох ч мэргэжлийн субъект болох өмгөөлөгчийн зүй бус мэдээллийн шууд бус үр дагаварт хэргийн явц, шүүх болон олон нийтийн хандлагад нөлөөлөх сөрөг нөлөөлөл бий болох, хэргийн бусад оролцогчдын болон олон нийтийн шүүхэд итгэх итгэлд нөлөөлөх хүчин зүйл болох юм.

4.11.Гэтэл шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамжийг үйл баримтын хувьд нотлох баримтаар үнэлж шийдвэртээ дурдахдаа 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийн “оролцогч бус” этгээдийн нэрийг оролцогч болгож зохиомол байдлаар “Үндэслэх нь” хэсгийн 5, 10-т тус тус бичин нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэрт үндэслэл болгож байгаа нь маргааныг бүрэн судалж ойлгосон эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгаа.

4.12.Мөн Шүүхийн мэдээ цахим хуудсаар шүүх гаргасан шийдвэрээ мэдээлсэн асуудалтай огт маргаагүй. Тийнхүү мэдээлсэн нь өмгөөлөгчийн шүүх болон бусад оролцогчийг буруутгасан ярилцлага мэдээллийг зөвтгөх үндэслэл болохгүй байхад үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдлын талаар ярьсан байна гэж хэт явцуу, ойлгомжгүй, нэг талын дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

4.13.Харьяаллын тухайд: Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй бөгөөд Өмгөөллийн тухай хуулиар Мэргэжлийн хариуцлагын хороо болон Захиргааны хэргийн шүүхэд маргааныг харьяалуулсан.

4.14.Гомдол гаргагчаас Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргахаас өмнө 01/24 дугаартай албан бичгээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх гомдлыг хуралдаанаараа хэлэлцээд өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой гэж үзээд Мэргэжлийн хариуцлагын хорооны даргад гомдлыг шилжүүлснээр Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдлуудыг нэгтгэн шалгасан үйл баримт байгааг анхаарч үзээгүй байна.

4.15.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0014 дүгээр шийдвэр /магадлал/-ийг хүчингүй болгож, анхан шатны журмаар гаргасан Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/42 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

6.“К” ХХК-аас “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ... 1) гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй хэргийн бусад оролцогчдыг гэм буруутай нь тогтоогдсон, шүүх ял оногдуулах ёстой байсан мэтээр олон нийтэд дутуу, буруу, мэдээлэл хүргэсэн, 2) шүүхийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж буруутгасан” гэсэн агуулгаар өмгөөлөгч З.Б-ийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргажээ.

7.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчаас өмгөөлөгч З.Б  нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, 14.1.5, 14.1.7, 15 дугаар зүйлийн 15.1.7, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн эсэх талаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар маргаан үүсгэж, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.11, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж зөрчлийн дүгнэлт үйлдсэн байна.

8.Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, ... чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал нь зөрчил мөн эсэх”, 87.1.2.-т “тухайн зөрчилд хариуцагч буруутай эсэх”, 87.1.3-т “тухайн зөрчил нь хууль, Ёс зүйн дүрмийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах”, 87.1.4-т “хариуцагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэх” гэж зааснаар гомдолд дурдсан асуудал нь зөрчил мөн эсэх, тухайн зөрчилд хариуцагч буруутай эсэхэд дүгнэлт өгч, журмын 88 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргах учиртай.  

9.Гомдол гаргагчаас дээр дурдсанчлан Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 болон 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хориглолтыг өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа зөрчсөн гэсэн үндсэн хоёр агуулгаар гомдлоо гаргасан байхад хянан шалгагчаас гомдлын үндэслэлд заагаагүй, хамааралгүй зүйл, заалтуудад холбогдуулан маргаан үүсгэж, гомдолд дурдсан асуудалд дүгнэлт хийгээгүй нь Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 87 дугаар зүйлд заасан зөрчлийг шалгаж, тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

10.Тодруулбал, хороо нь Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан арга хэмжээг бүрэн авч, өмгөөлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 болон 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хориглолтыг зөрчсөн эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.

11.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... компанийн нэр хүндэд халдаж, нэр төрийг гутаасан гэх үндэслэлийг Захиргааны хэргийн шүүх хянан шалгаж, тогтоох үндэслэлгүй. ... “К” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзвэл зөрчигдсөн эрхийг сэргээх эсэх маргааныг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэх зэргээр маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

12.Учир нь Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг … хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар өмгөөлөгчийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг зөвхөн үйлчлүүлэгчийн гомдлоор хянан шалгахаар хязгаарлаагүй бөгөөд хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллээр хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

13.Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаандаа ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдол гаргасан, иргэн, хуулийн этгээдийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол заавал хөндөгдсөн байхыг шаардахгүй бөгөөд өмгөөлөгч хууль, дүрэмд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэхийг тухайн гомдол, мэдээлэлд заасан хүрээнд шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

Дээрх үндэслэлээр Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/42 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0014 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                        М.БАТСУУРЬ

    Х.БАТСҮРЭН

    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

    Ц.ЦОГТ