| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2024/08410/И |
| Дугаар | 210/МА2025/01262 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01262
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05202 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******-д холбогдох,
санхүүгийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор, нэмэгдэлд 58,287,909 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ******-ийн санхүүгийн менежерийн албан тушаал, ажлын байранд ажиллаж байсан ба удирдлагын зүгээс гэнэт харилцаа хандлагаа өөрчилж, ажил дээр сүрдүүлж, ажилтнуудад надтай холбогдохгүй байхыг даалгаж, ажлын байрны дарамт, шахалтыг үзүүлсэн.
Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар хүлээж авсан, тус тушаалд хэд хэдэн үндэслэлээр намайг ажлаас халсан болохыг олж мэдсэн. Тушаалд дурдсан асуудлуудаар өмнө нь надтай ярилцаж байгаагүй.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцсан менежер, удирдлага хяналт тавьж баталгаажуулсны дараа гүйцэтгэх захирлын 1-р гарын үсгээр бүх төлбөрүүд баталгаажин шилждэг. Мөн компанийн зүгээс ажилчдын ажилласан цаг, тооцоолол, байгууллагын тайлан мэдээг дор бүр нь байнга асууж, хянаж, баталгаажуулж байсан учраас худал юм.
Ажлаас халсан тушаал, түүнийхээ үндэслэлийг ажилд ороход шаардлагатай мэдээллийг худал мэдүүлсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв ажилд орохдоо шаардлагатай мэдээллийг худал мэдүүлсэн бол тухайн үед ажилд авахгүй байсан.
Иймд санхүүгийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэлд 58,287,909 төгрөг гаргуулж, тухайн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
****** нь хөдөлмөрийн гэрээний 8.5.1-т заасныг зөрчиж ажилд орохдоо шаардлагатай үндсэн мэдээллийг дутуу худал мэдээлсэн, нийгмийн даатгалын лавлагааг олон удаа шаардсан боловч гаргаж өгөөгүй.
Мөн хөдөлмөрийн гэрээний 8.5.3-т заасныг зөрчиж хугацаатай тайлан мэдээг удаа дараа хоцроосон бөгөөд 2024 оны 06 дугаар сард 8 ажилтны цалинг үндэслэлгүйгээр илүү тооцож 3,952,174 төгрөг, 07 дугаар сард 9 ажилтны цалинг илүү тооцож 4,681,062 төгрөг, мөн өөрийнхөө ажилласан цагийг үндэслэлгүйгээр нэмж 2024 оны 06 дугаар сард 655,454 төгрөг, 07 дугаар сард 1,311,425 төгрөг, нийт 1,966,879 төгрөгийн илүү цалинг өөртөө авсан нь тогтоогдсон. Энэ нь мөн аудитын дүгнэлтээр батлагдсан.
Мөн санхүүгийн буруу тооцоо, гүйлгээ хийснээс болж 6,175,349.79 төгрөгийн илүү гүйлгээ, 23,063,806.32 төгрөгийн дутуу нэхэмжлэх илгээж компанид хохирол учруулсан. Түүнчлэн ****** нь хөдөлмөрийн гэрээний 8.5.24-т заасныг зөрчиж, харилцаа хандлагын доголдол гаргаж компанийн болон удирдах ажилтнуудын нэр хүндийг унагаах утга бүхий цахим шууданг удаа дараа явуулсан, мөн олон нийтийн цахим группт пост оруулсан.
Тушаалд дурдсан үндэслэлийг түүнд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бичгээр мэдэгдсэн, бусад үндэслэлийг мэдэгдэж танилцуулахад тэрээр хүлээж авахгүй тэр надад хамаагүй гэж уурлан гарч явсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу ****** нь ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргаагүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******-д холбогдох,
******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалыг хүчингүй болгож, санхүүгийн менежерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 58,287,909 төгрөг гаргуулах, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ****** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ажиллагаанд ажил олгогчийн зүгээс мэдэгдэл, сонсох эрхийг хангаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчсөн байдлыг үл тоомсорлож, буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 8.5.1-т заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр намайг ажлаас халсан боловч ажлаас халсан үндэслэлээ надад танилцуулаагүй.
"Миндүг аудит" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шийдвэр гаргасан боловч уг дүгнэлт нь нэг талын мэдээлэлд тулгуурласан, аудитын мэргэжлийн стандарт болон ёс зүйг зөрчсөн дүгнэлт байсан. Цагийн бүртгэл болон цалингийн тооцооллыг нягтлан бодогч н.Айнур, н.Мөнхдэлгэр нар тооцоолсон байтал намайг тооцоолсон мэт буруутгасан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4 дэх хэсэгт зааснаар аудитор нь санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлан дүгнэлт гаргах үүрэгтэй боловч миний гарын үсэгтэй ямар ч баримтыг үндэслэлгүй олон улсын аудитын стандарт (ISA500-Audit Evidence, ISA230-Audit Documentation), IFAC-ийн Ёс зүйн дүрмийн (IESBA Code of Ethics) шаардлагуудыг зөрчсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг бичгээр өгч, зөрчилд холбогдох тайлбар шаардахад нэхэмжлэгч хүлээж аваагүй. Шинжээч ******* санхүүгийн баримтад тулгуурлан дүгнэлт гаргасныг нэхэмжлэгч эсэргүүцэж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй.
Нэхэмжлэгч нь цалингийн тооцооллыг өөрөө хийж, өөртөө болон бусдад 13 сая төгрөгийн илүү цалин тооцон олгосон нь баримтаар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь өмнөх ажилласан байгууллагуудаа нуусан, анкетыг худал бөглөсөн.
Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ****** нь Хариуцагч: ******-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул санхүүгийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор, нэмэгдэлд 58,287,909 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлд дурдсан ******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага нь нэхэмжлэл гаргах үндэслэлд хамаарч байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Нэхэмжлэгч нь ******-д 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс санхүүгийн менежерээр ажиллаж байсан ба гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 8.5.1, 8.5.3, 8.5.11, 8.5.12, 8.5.19, 8.5.2 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.
3.1. Хариуцагч ******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар байгуулагдсан комисс нь санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн менежер ****** ажил үүргийн биелэлтийг 2024 оны 0208 дугаар сарын хооронд хийсэн гүйлгээний хүрээнд шалгаж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тайлан гаргасан.
Шалгалтаар ****** нь 2024 оны 06-07 дугаар сарын ажилчдын цалинг илүү тооцон олгосон, өөрийн ажилласан цагийг нэмж тооцсон, харилцагчдад илүү болон дутуу дүнгээр нэхэмжлэл илгээсэн, зохисгүй харилцаа үзүүлсэн зэрэг зөрчил гаргасан гэж дүгнэжээ.
3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон ******* 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан дүгнэлтдээ,
****** нь 2024 оны 06-07 дугаар сард ажилчин *******, *******, ******, *******, *******, ******, ******* *******, ******* ********, ********, *******, *******, ******* нарт 7,942,846.86 төгрөгийн илүү цалин бодож олгосон,
мөн өөртөө 2024 оны 06-07 дугаар сард илүү цагийн нэмэгдэл хөлс 2,367,786 төгрөгийг илүү тооцож олгосон,
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банк руу 4,785,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийг 10,960,349.79 төгрөгөөр буюу 6,175,349.79 төгрөг илүү нэхэмжилсэн,
2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол банк руу 748 кг ачааны 116,539,173.12 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх хүргүүлэх байсныг 600 кг ачааны нийт 93,475,366.80 төгрөгийн нэхэмжлэх бичиж 23,068,806.32 төгрөгийн дутуу нэхэмжлэх хүргүүлснийг дараа нь залруулсан ч 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Монгол банк нь 93,475,366.80 төгрөг шилжүүлсэн гэж тус тус дүгнэсэн байна.
3.3. Ажил олгогч нь ажилтныг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллуулаагүй.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
4. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажилд ороход шаардлагатай үндсэн мэдээллийг худал мэдээлсэн, санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил гаргасан, харьцаа хандлагын доголдол гаргасан гэх 3 үндэслэлийг заасан байна. Үүнээс анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн санхүүгийн зөрчил гаргасан үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгсөн.
Иймээс давж заалдах шатны шүүхээс ажилтан ажилд ороход шаардлагатай үндсэн мэдээллийг худал мэдээлсэн, харьцаа хандлагын доголдол гаргасан гэх асуудалд дүгнэлт өгөх нь давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулах тул энэ талаар дүгнэхгүй орхив.
Харин ажил олгогч өмнө дурдсан 3 үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, энэ хүрээнд талууд мэтгэлцсэн байгааг дурдаж байна.
4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллуулаагүй нь түүнийг тухайн өдрөөс эхлэн албан ёсоор ажлаас чөлөөлсөн гэж тооцогдохгүй. Учир нь нэхэмжлэгч нь санхүүгийн менежерийн хувиар анхан шатны баримт бичиг, тооцоотой харьцдаг байсан тул хяналт шалгалт явуулах зорилгоор түр хугацаанд ажиллуулаагүй нь үндэслэлтэй.
4.2. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 8.5.3, 8.5.11, 8.5.12-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг ажил олгогч нь ажил шалгасан комиссын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тайланд үндэслэн зөв тогтоосон байна.
Энэхүү шалгалтын тайланд заасан ажилчдад илүү цалин бодож олгосон, мөн өөртөө илүү цагийн нэмэгдэл хөлсийг илүү тооцож олгосон, харилцагч руу илүү болон дутуу төлбөрийн нэхэмжлэх хүргүүлсэн санхүүгийн үйл ажиллагааны зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болохыг шинжээч ******* дүгнэлтээрээ баталгаажуулсан.
Мөн ажил олгогчийн ажилтны гаргасан сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацаанд илрүүлж, сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авчээ.
4.3. Хэрэгт авагдсан баримтаар шинжээч томилох, шинжээч дүгнэлт гаргах ажиллагааг хууль бус гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, бодит үнэнийг тогтоож чадаагүй гэж маргаж гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Мөн шүүх хуралдаанд шинжээчид тавигдсан асуулт, хариултаар дүгнэлтэд тусгагдсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шинжээч нь дүгнэлт гаргахдаа санхүүгийн анхан шатны шатны баримтыг үндэслэн гаргасан үүнээс аль аль баримтыг шинжээч буруу үнэлсэн үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэх гомдлыг хангахгүй орхив.
4.4. Нэхэмжлэгч нь ажилчдад илүү цалин бодож олгосон, өөртөө илүү цагийн нэмэгдэл хөлсийг илүү тооцож олгосон асуудалтай холбогдуулан, эдгээр үйлдэл нь өөрийн зүгээс хийгээгүй, харин санхүүгийн анхан шатны баримтыг нягтлан бодогчид болох М.Мөнхдэлгэр, А.Айнур нар үйлддэг, мөн цагийн бүртгэл нь программын дагуу автоматаар гарч ирдэг гэж гомдол гаргасан.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь санхүүгийн менежерийн хувьд анхан шатны баримтыг шууд үйлддэггүй байсан боловч эцсийн цалин бодолт, гүйлгээг хянаж, баталгаажуулдаг эрх бүхий албан тушаалтан тул илүү цалин бодож олгосон болон өөртөө илүү хөлс тооцсон үйлдлийн үр дагаварт хариуцлага хүлээх үндэслэлтэй.
4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахын өмнө ажилтанд энэ талаар урьдчилан мэдэгдэж, тайлбар авсан байх үүрэгтэй. Гэвч энэхүү арга хэмжээг ажил олгогч авсан нь баримтаар тогтоогдоогүй.
Гэхдээ нэхэмжлэгч нь санхүүгийн мэргэжилтний хувьд түүний гаргасан зөрчил нь санхүүгийн баримтад тулгуурласан, нотолгоотой байж шийдвэрлэгдэх шинжтэй бөгөөд зөвхөн тайлбараар залруулж болохооргүй учир дээрх ажиллагааг хийгээгүй нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй юм.
4.6. Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтны гаргасан хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон зөрчлийг олж тогтоосны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.
Мөн шүүхээс ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хүлээхгүй талаар зөв дүгнэсэн.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ