Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01263

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/06196 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч дахин үнэлгээ тогтоох үндэслэл бүрдээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, маргаанд хамраах хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэжээ.

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/2021/03280 дугаар шийдвэрээр *******-иас 31,972,680,401 төгрөг гаргуулж ********-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгө болох *******ийн эзэмшилд бүртгэлтэй Хэнтий аймаг, ******* сум, 7 дугаар баг, ****** байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай нийт 25 эзэмших эрхтэй газрыг шинжээч ******* 4,598,290,320 төгрөгөөр, *******ийн өмчлөлийн агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, 8,092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинжээч * 36,042,305,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

3.2. Эдгээр үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан төлбөр төлөгч *******-ийн нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/XT2024/00276 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзжээ.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд л дахин үнэлгээ тогтоолгох үндэслэл бүрдэнэ.

Гэвч нэхэмжлэгч ******* нь дээрх нөхцөл байдал буюу үл хөдлөх эд хөрөнгөд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэрэгт баримтаар гаргаж өгсөн www.unegui.mn цахим хуудасны зар нь нэхэмжлэгчийн үнэлүүлсэн хөрөнгийн үнийн өөрчлөлтийг нотлохгүй.

 

4.1. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/06196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ