| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/02282/И |
| Дугаар | 210/МА2025/01267 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01267
******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04028 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* болон *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/109 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* *******, ******* нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж, ******* тоот хаягт байрлах 374 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 1,986,107,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй компани, 280 гаруй мэргэшсэн үнэлгээчдээс хэрхэн шинжээчийг сонгон шалгаруулсан нь тодорхойгүй ба шинжээчийг томилсон тогтоолыг манайд танилцуулаагүй.
Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/109 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр талуудад мэдэгдсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Гуравдагч этгээд ****** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцсон.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нарын *******т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж ****** тоотод байрлах, 374 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,986,107,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2024.04.01-ний өдрийн 4/109 тоот Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Миний бие шүүхэд хүсэлт гарган эмнэлгийн магадлагааг хавсарган өгч хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо цахимаар илгээсэн бөгөөд шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг намайг эзгүйд, өвчтэй байдлыг үл харгалзан шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасныг зөрчсөн.
5.2. Мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол үүссэнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан.
Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагчид гардуулаад шууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартай танилцах, хүсэлт гаргах боломж олгоогүй.
Тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10048 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.
******-ийн үнэлгээ нь "Хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал"-ын 4.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т заасныг зөрчсөн үнэлгээ тул хүчингүй болгох ёстой.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
6. Нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол үүссэнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй.
Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагчид гардуулаад хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартай танилцах, хүсэлт гаргах боломж олгоогүй.
Мөн нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжийн биелэлтийг хангаагүй.
6.2. Ц Алтантулга, ******* нарын хөрөнгийг үнэлсэн ******-ийн үнэлгээ нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн өсөж нэмэгдэж буй зах зээлийн хандлагад нийцүүлж үнэлээгүй, харьцуулан судалсан хөрөнгүүд болон харьцуулсан зах зээлийн үнэлгээ эргэлзээтэй, бодит үнэ цэнийг дарж хохиролтойгоор үнэлсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* болон *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/109 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1722 дугаар магадлалаар *******-иас 862,912,993 төгрөг гаргуулж ******-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж, ****** тоотод байрлах 374 м.кв талбай бүхий хувийн сууцыг дуудлага худалдаагаар худалдах доод үнийг талууд харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/109 дугаар тогтоолоор ******-ийг шинжээчээр томилсон байна.
Улмаар шинжээч ****** нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 1,986,107,000 төгрөг болохыг тогтоосон.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг болон нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан захирамжийн биелэлтийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх ноцтой зөрчилд хамаарч байна.
3.1. 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өвчний улмаас оролцох боломжгүй байсан болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон байна.
Уг эмнэлгийн магадлагааг эргэлзээтэй, зохих шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангалгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцээгүй.
Иймд энэ талаарх гомдлыг хангана.
3.2. Мөн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/10048 дугаар захирамжаар 2024 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий шинжээч нарыг сонгон шалгаруулсан болон шинжээчээр ******-ийг яагаад томилсон талаарх баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4-234/8024 тоот албан бичгээр зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгийн үнэлгээ хийх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг ирүүлсэн.
Энэ тохиолдолд шүүх нэгэнт гарсан захирамжийн биелэлтийг зохих байгууллагаас баримт гаргуулах замаар хангах, эсхүл тухайн баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн тохиолдолд нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан захирамжийг хүчингүй болгох ёстой.
Гэвч эдгээр ажиллагааг хийгээгүй атлаа шүүх хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нарын гаргасан холбогдох гомдлыг хангах үндэслэлтэй.
3.3. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан гэх гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Мөн нэхэмжлэлийн хувийг гардан аваад хариу тайлбар гаргах нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаардаг тул нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн гэх гомдлыг хангахгүй.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир материаллаг эрх зүйн талаар гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.2, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ