Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01288

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03482 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******, ******-д тус тус холбогдох,

******-иас 25,833,995 төгрөг, ******-иас 21,791,745 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагч ******-ийн төлөөлөгч ******, хариуцагч ******-ийн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2021 оны 01 дүгээр сарын 01, 12-ны өдрүүдэд ****** болон тус компанийн хамаарал бүхий хуулийн этгээд болох ******-тай гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн зээлээр худалдсан.

Гэрээний дагуу нийт 50,000,000 төгрөгийн бараа зээлээр нийлүүлсэн ба үүнээс 8,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөж, 7,700,000 төгрөгийн бартерын бараа бүтээгдэхүүн хүлээн авсан. Одоо 34,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй.

Иймд гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу ******-иас үндсэн төлбөрт 18,889,330 төгрөг, алданги 6,944,665 төгрөг, нийт 25,833,995 төгрөг, ******-иас үндсэн төлбөрт 14,527,410 төгрөг, алданги 7,264,335 төгрөг, нийт 21,791,745 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Талууд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Захирал ****** миний бие 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сар хүртэл Монгол улсад байгаагүй.

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******-иас бараа татан авч эхлэхдээ 13,141,380 төгрөг шилжүүлсэн. Энэ дүнг дараа дараагийн тооцооноос суутгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Тус компанийн хувьд 14,410,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч компанид өгсөн бартерын барааг тооцож үзвэл бид авлагатай байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ******-иас 18,889,330 төгрөг, ******-иас 14,527,410 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь ******-д холбогдох 2,500,000 төгрөг, ******-д холбогдох 1,324,890 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 106 дугаар зүйлийн 106.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******-иас 252,397 төгрөг, хариуцагч Гоо марал од ХХК-иас 230,587 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ******-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Рестораныг ажиллуулж байсан өмнөх байгууллага нь бараа материал хүлээн авахдаа төлбөр тооцооны асуудалтай байсан учраас итгэлцлийн журмаар цаашдаа бараа материалаа тасралтгүй авахын тулд 13,141,380 төгрөгийг тухайн үед шилжүүлж байсан.

******* нь 2017-2018 оны өмнөх ******* рестораны бараа материал авч байсан дүнг оруулан тооцсон байгаа нь үндэслэлгүй. Мөн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******** нэхэмжлэгчтэй тооцоо нийлээгүй.

Учир нь н.Намнандорж миний бие 2018 оны 06 дугаар сараас эхлэн 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Монгол Улсад байгаагүй.

Түүнчлэн, 2019 оны 04 дүгээр сард шилжүүлсэн 13,000,000 төгрөгийн бараа материалыг *******-аас аваагүй учир нэхэмжилж байгаа дүнгээс 13,141,380 төгрөгийг хасч, үлдэх 5,747,950 төгрөгийг төлнө.

 

6. Хариуцагч ******-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх ******-аас өгсөн бартерын бараа, материалын тооцоог бүрэн харгалзан үзээгүй.

Нэхэмжлэлийн 10,027,410 төгрөгөөс давсан үнийн дүн нь маргаантай, баримтаар нотлогдоогүй. ******* нь 16 орчим сая төгрөгт дүйцэх бараа материалыг *******-д өгсөн.

Мөн 4,500,000 төгрөгийн үнэ бүхий шилэн тавиур болон кофены машиныг өгсөн бөгөөд тус бартерыг тооцоололдоо оруулаагүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч ****** тооцоо нийлсэн актад төлбөрийн хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан. Хариуцагч ****** нь төлбөртөө бараа бүтээгдэхүүн өгснийг талууд 7,700,000 төгрөгт тооцохоор харилцан тохиролцсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт ******-иас 18,889,330 төгрөг, алданги 6,944,665 төгрөг, нийт 25,833,995 төгрөг, ******-иас 14,527,410 төгрөг, алданги 7,264,335 төгрөг, нийт 21,791,745 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ****** бодитоор тооцоо нийлээгүй гэж, ****** төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр төлж барагдуулсан гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарах алдааг гаргажээ.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ******-иас 7,700,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн төлбөрт авснаа нэхэмжлэл гаргахдаа суутгаж тооцсон гэж тайлбар гаргасан. Харин ****** нь нэхэмжлэгчид 16,500,500 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гэж маргасан.

Хэрэв талууд мөнгөн хөрөнгийн төлбөрт бараа бүтээгдэхүүн тооцож хүлээлцэж байгаа бол үнийг харилцан хэлэлцэж тогтоодог ба хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Үүнээс шалтгаалж талуудын маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагч ******-тай төлбөр тооцооны талаар харилцаж байсан фэйсбүүк чатны зурваст үзлэг хийхээр шийдвэрлэсэн боловч захирамж биелэгдээгүй. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч уг хүсэлтээсээ татгалзаж хэргийг шийдвэрлүүлсэн.

Гэхдээ энэ нь талуудын хооронд үүссэн маргаантай үйл баримтыг тогтооход саад болохүй юм.

Өөрөөр хэлбэл, зохигчийн маргаж буй үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэх учиртай.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир хариуцагч ******-ийн гаргасан материаллаг эрх зүйн гомдолд дүгнэлт өгөхгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,389 төгрөг, ******-ийн төлсөн 223,657 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ