| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00475/И |
| Дугаар | 00407 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00407
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1957 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсротой, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а-16-08 тоотод оршин суух, Шарууд овогтХоролын Чулуунбат /РД:ГЮ57092015/-ын нэхэмжлэлтэй,
бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 132/2016/00475/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Чулуунбат, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Чулуунбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Х.Чулуунбат нь 1957 онд Булган аймаг Могод суманд төрсөн, 59 настай. Би Булган аймгийн музейд 1987 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Тухайн үед 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 128446 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг нээхдээ овог нэрийг маань зассан байсныг би мэдэхгүй байж байгаад сая тэтгэвэрт орох болохоор мэдлээ. Иймд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 128446 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Х.Чулуунбат намайг байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Чулуунбат нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хорлоогийн Чулуунбат нэрээр нээсэн "Нийгмийн даатгалын дэвтэр"-ийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Чулуунбат нь 1957 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хоролын гэр бүлд төрж, эх Хоролоор овоглосон байх бөгөөд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр "Нийгмийн даатгалын дэвтэр" олгохдоо, Х.Чулуунбатын овгийг Хоролоо гэж зөрүүтэй бичсэнээс түүний иргэний үнэмлэх дээр бичигдсэн овог, нэртэй тохирохгүй байгаа нь иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, болон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №202/001625 тоот лавлагаа,нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч З.Болд, Б.Даваа-Очир нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хоролын Чулуунбатыг дээрхи бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хоролоогийн Чулуунбатын нэр дээр олгосон №128446 тоот "Нийгмийн даатгалын дэвтэр"-ийн жинхэнэ эзэмшигч нь Хоролын Чулуунбат болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ