| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/07104/И |
| Дугаар | 210/МА2025/01289 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01289
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04145 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
74,726,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар зээлүүлсэн.
*******гаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй, элдэв шалтаг тоочиж, өнөөг хүрсэн. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасан.
Хариуцагч үндсэн зээл 80,000,000 төгрөг, 4 сарын хүү 16,000,000 төгрөг, нийт 96,000,000 төгрөг төлөхөөс 52,500,000 төгрөг төлсөн.
Иймд үндсэн төлбөр 43,500,000 төгрөг, алданги 29,426,000 төгрөг, хүү 1,800,000 төгрөг, нийт 74,726,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Зээлийн гэрээний дагуу 52,000,000 төгрөг төлж, 28,000,000 төгрөг үлдсэн. Гэрээ байгуулахдаа сарын 5 хувийн хүү тооцохоор тохирсон ба нэг сарын 4,000,000 төгрөг, 4 сарын хүү 16,000,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 58,000,000 төгрөг төлөхөөр үлдсэн. Үүнээс 40,000,000 төгрөгийг бэлэн төлсөн, үүнийг гэрч ****** гэрчлэх бөгөөд үлдэгдэл 18,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 65,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,476,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,647 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 484,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гэрчийн мэдүүлэг болох бодит баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Миний бие эхнэр ******гаас бэлнээр 40,000,000 төгрөг авч гарангуутаа ******* бэлнээр өгсөн.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, дээрх 40,000,000 төгрөгийг хасч өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Гэрч худал мэдүүлэг өгсөн, энэ талаар шүүх зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74,726,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь зохих төлөлт хийгдсэн тул нэхэмжлэлээс 18,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж тайлбар гаргасан.
3. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний дагуу ******* нь 80,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох нөхцөлөөр ******* олгожээ.
3.1. Хариуцагч нь үндсэн зээл 80,000,000 төгрөг, 4 сарын хүү 16,000,000 төгрөг, нийт 96,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн боловч 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 52,500,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн.
Үүн дээр нэмж 40,000,000 төгрөг төлсөн гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.
Гэрч ****** нь түүний нөхөр ******* 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д бэлнээр тоолж өгч байхыг нүдээр хараагүй, мөнгө өгөхөд дэргэд нь байгаагүй, машинд сууж байсан, нөхрийгөө мөнгө өгчихлөө гэж хэлсэн үгэнд итгэсэн гэж мэдүүлэг өгсөн тул түүний мэдүүлгийг үнэлэхгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.
Учир нь гэрч ******гийн мэдүүлэг үнэн зөв, эргэлзээгүй болох нь баримтаар тогтоогдоогүй. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
Мөн хүү, алданги тооцох нөхцөлийг бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.
3.3. Иймд анхан шатны шүүх үндсэн зээл, хүүгээс төлсөн төлөлтийг хасч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцоолж үндсэн зээл 43,500,000 төгрөг, алданги 21,750,000 төгрөг, нийт 65,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.
Мөн гэрээний хугацаа сунгагдаагүй тул нэмэлт хүү 1,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг нотлох баримт үнэлэх журамд нийцүүлэн дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ