| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0622/Э |
| Дугаар | 646 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 646
2019 8 20 2019/ШЦТ/646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/,
шүүгдэгч Т.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наяман овгийн Төлөвхааны Еркинбекэд холбогдох эрүүгийн 1811026990769 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх 11а гудамж 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн Туул ривер апартмент 5 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Наяман овогт Т. Е., /РД: .........
Шүүгдэгч Т.Е нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Е 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Плас" бааранд хохирогч Б.Амарбаясгалантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь "үүдэн нэг шүдний сулрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Т.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед би жилд нэг удаа болдог фестивальд оролцож байсан. Манай найз тухайн үед согтуу байсан. Намайг цаанаас ирэхэд Б.Амарбаясгалан манай найзыг угзраад татаад байсан. Тэгээд намайг боль гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь би Б.Амарбаясгаланг татаад нэг мөргөсөн. Газар унасны дараа цохих гэхэд хүмүүс намайг татаад дахиж цохиогүй гэв.
Шүүгдэгч Т.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Плас” бааранд амьд хөгжмийн тоглолт болсон бөгөөд тухайн тоглолтонд манай найз Жавхлан тэнд байсан танихгүй залуутай муудалцаад байхаар нь дундуур нь ороод болиулсан чинь хохирогч Амарбаясгалан нь намайг хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд байхаар нь тэрнийг татаж авчраад шүд рүү нь мөргөж түүний биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн болно...” гэх /хх-ийн 41-43х/,
Хохирогч Б.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : “...2018 оны 09 дүгээр сарын 22-ны 17 цагаас тэнгис кинотеатрын баруун талд “Плас” бааранд “Nois metal festival” тоглолт болсон. Тоглолтыг найз Номинтулгат, Хулан нартай үзсэн. “00” цаг өнгөрч байхад намайг тоглолт үзээд тайзны голд зогсож байхад зүс таних Жака гэгч ирээд миний таягийг зургаа авахуулчихаад өгье гэж хэлээд авч яваад хугалчихсан. Тэгэхээр нь би араас нь очоод миний таягийг гуйж авчихаад хугалчихаж байгаа юм бэ гэхэд Жака тоохгүй хэрүүл хийгээд байж байтал цаанаас нь Жакагийн найз нь гарч ирээд намайг заамдаж аваад мөргөсөн. Тэгээд намайг хавирч газарт унагаагаад Жакатай нийлж нүүр рүү нэг удаа өшиглөж, гараараа хэд хэдэн удаа цохиж байхад тэнд байсан хүмүүс салгасан. Намайг нэг нь гадагшаа авч гараад тайвшруулсан. Би гадаа байж байгаад эргээд орох гэтэл үүдэнд нь зогсож байсан хүмүүс үхмээргүй байвал яв гээд оруулахгүй байхаар нь би тэр хүмүүстэй маргалдаад байж байхад хамгаалагч нар нь гарч ирээд Хулан бид хоёрыг хэл амаар доромжлоод оруулаагүй. Тэгээд бид нар гэр рүүгээ явсан...” гэх /хх-н 19-20х/,
Гэрч Л.Жавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шоунд Батмөнх, Энх-Эрдэнэ нарын хамт очсон. “01” цагийн үед зүс таних танил Амараагийн таягийг өгч байгаач гэж хэлээд авсан. Таягийг бариад зогсож, хүмүүс бүжиглэж хоорондоо түлхэлцэх үед таяг нь бариул хэсгээрээ хугараад унасан. Тэгсэн чинь Амараа хүрч ирээд яаж байгаа юм бэ гэхээр нь би уучлаарай санаандгүй хугалчихлаа гэсэн чинь хүмүүс бужигналдахаар нь тайзны хэсгээс гараад өрөө рүү орчихоод гарсан чинь гадаа Амараа уруулнаас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгээд Амараа миний уруул руу цохисон байна. Хэн цохьсоныг нь мэдэхгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би бас хэн цохисныг нь хараагүй би цохиогүй болохоор надтай хамаагүй гэж хэлээд явсан...” гэх /хх-ийн 25х/,
Гэрч Н.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед “Плас” бааранд тоглолт үзэхээр ирсэн. Намайг ирэхэд Амарбаясгалан, Номинтулгат хоёр ирсэн байсан. Бид 3 тоглолт үзэх явцдаа гадаа хэд хэдэн удаа гарч суусан. 23 цагийн үед дотогшоо тоглолт үзэхээр ороод би найзуудтайгаа таараад Номинтулгат, Амарбаясгалан нараас түр хугацаанд холдсон. 3 дууны дараа би хойшоо хартал Амарбаясгалан, Номинтулгат хоёр харагдаагүй болохоор нь тэр хоёрыг хайгаад гадагшаа гарах гээд явж байтал өөдөөс Номинтулгат ирээд “Амараа тэнд хүмүүст зодуулчихлаа та хаана байсан юм бэ,” гэсэн. Амараа хаана байгаа юм гээд Номинтулгаттай хамт гадаа гарахад Амараа байхгүй хэдэн залуучууд зодооны тухай ярьж байхаар нь очоод “та нар яагаад манай дүүг зодож байгаа юм бэ,” Амараа хаана байна гэж уурлаж хашгирсан. Хажууд нь зогсож байсан нэг охин “эгчээ яг үнэнийг хэлье гээд” надад юу болсныг тайлбарласан. Манай найз танай дүүгийн таягийг аваад хүмүүстэй мөргөлдөж бүжиглэж байгаад хугалчихсан юм. Тэгсэн чинь танай дүү уурлаж ирээд манай найз руу уурлаад манай найзын толгой руу хугарсан таягаараа цохьсон. Тэгсэн манай найзын толгой нь хагараад тэр хавиар нил цус гарсан. Итгэхгүй бол та 00 өрөөнд ороод хараарай гэсэн. Тэгтэл тэр толгой нь хагарсан найзыгаа энд аваад ир гэсэн чинь тэр найз маань эмнэлэг явсан гэж хэлсэн. Амараа цаана нэг хүнтэй юм яриад зогсож байхаар нь би Амараагийн хажууд очоод юу болсон талаар асуухад эд нар намайг нийлж байгаад зодчихлоо гээд амнаас нь цус гарсан байдалтай, шүд өвдөж байна, таяг, нүдний шил байхгүй зогсож байсан. Амарааг дагуулж Жака нарын хэдэн хүмүүс дээр очиход Жака гэгч нь таягийг чинь хугалсанд уучлаарай би чамаас уучлал гуйчихъя, одоо ингээд эвлэрье гэж хэлсэн. Амараа таяг хугарсан нь хамаагүй, миний шүд аймар өвдөж байна, та нар миний шүдийг хугалчихлаа гэхэд Жака нь иймэрхүү юм болж л байдаг шдээ шүдээ хугалах асуудал биш шүү дээ одоо зүгээр эвлэрье гэсэн. Би хажуунаас нь уурлаад та нар нийлж хүн зодчихоод ингэж болохгүй, толгой хагарсан найз нь хаана байна гээд Амараагаас чи найзынх нь толгойг хагалсан юм уу чи цохьсоноо санахгүй байгаа юм бишүү гэхэд цаанаас баарны хамгаалагч гарч ирэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн. Хамгаалагч нь өөдөөс уурлаад хэл амаар доромжилсон. Тэгээд Номинтулгат бид 3 гэр рүүгээ явсан...” гэх /хх-ийн 26-27х/
2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №11609 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45х/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 47х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Еийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Амарбаясгалан 2.500.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад Имплантын зардал 2.300.000-2.500.000 төгрөг болно, үнэ хэлбэлзэлтэй гэсэн нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул хохирогч Б.Амарбаясгаланг шүүгдэгч Т.Еээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Т.Еээс хохирогч Б.Амарбаясгаланд хавтаст хэрэгт авагдсан үрэвсэл намдааж, түр бүрээс хийлгэсэн эмчилгээний зардал 165.000 төгрөгийг гаргуулж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Наяман овгийн Төлөвхааны Еркинбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Еийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Еээс нийт 165.000 /нэг зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 12-214 тоотод оршин суух, Боржигон овгийн Бат-Амгалангийн Амарбаясгалан /УИ96070210/-д олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД