| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/10025/И |
| Дугаар | 210/МА2025/01290 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01290
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07583 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч сэтгэл санаанд учирсан хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4-т зааснаар бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх болохыг заасан байхад анхан шатны шүүх тус шүүхийн харьяалалд хамаарахгүй сэтгэл санаанд учирсан хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн алдаа гаргажээ.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоно. Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.
3. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон байна.
Үүнийг анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээний харилцаанд хамааруулсан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.
3.1. Хэдийгээр талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй байгаа боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 4,000,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч нь шилжүүлж өгсөн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг буцааж төлөх үүрэггүй, хүлээн авсан мөнгийг төлж барагдуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага гаргах хугацаа арван жил тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн алдаатай эрх зүйн дүгнэлтийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******эс 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос 46,950 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ