Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 663

 

 

                                                           

 

 

 

 

 

 

   

      2019        8          27                                2019/ШЦТ/663

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баярмаа, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Т.Ө,

хохирогч Г.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогтой Туулын Өнөболдод холбогдох эрүүгийн 1911018650810 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ын бизнесийн сургуулийн оюутан, ам бүл 2 эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ривер гарден 508 дугаар байрны 702 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хэрээд овогтой Т.Ө, /РД: ...........

Шүүгдэгч Т.Ө нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Урт цагааны” байранд хохирогч Г.Энхжинтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...7 дугаар сарын 04-нд би дэлгүүрт юм авах гээд ороход хохирогч маань худалдагч хийж байсан. Надад тамхи зарахгүй гэхэд нь би мөргөөд өшиглөсөн зүйл байхгүй. Ширхэгийн тамхи байна уу гэж асуухад, маш муухайгаар хариулсан. Тэгээд би хохирогчид хүнтэй аятайхан харьцчихаач гэж хэлэхэд хоорондоо барьцалдаж авсан. Энэ ах толгой руу маш олон удаа цохьсон. Би хуулийн зөвлөгөө өгдөг хүмүүсээс асуусан. Би энэ хэргээ хурдан шийдүүлмээр байна яах уу гэхэд чи гэм буруугаа хүлээгээд, хохирол төлбөрийг төлөөд хохирогчоос хохирол, гомдолгүй гэх хүсэлт авчих юм бол хэргийг  хялбаршуулснаар шийдвэрлэж болно гэхээр нь би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. За за гэм буруугаа хүлээгээд 7 хоногийн дотор шийдвэрлэчихье гэж хэлсэн. Би энэ ахыг Монголын хамгийн сайн эмч ахдаа хэлээд хамарны хагалгаанд оруулаад өгнө. Мөн би 1.000.000 төгрөг өгье гэхэд 3.000.000 төгрөг өг гэсэн. Сая төгрөг өгөөд Монголын хамгийн сайн гавъяат эмчийн хагалгаанд оруулъя гэж хэлсэн гэв.  

Шүүгдэгч Т.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би 2019 оны 07 сарын 04-ний шөнө 23.00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Урт цагаанд” байрлах дэлгүүрт орж тухайн дэлгүүрийн худалдагч хийж байсан Г.Энхжин гэгчтэй маргаан хийж түүний нүүрлүү толгойгоороо нэг удаа мөргөж түүний биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүээн зөвшөөрч байна...” “...Би түүний хохирлыг барагдуулъя 1.000.000 /нэг сая/ төгрөг өгье гэхэд бага байна гээд аваагүй. Тэр хүн өөрөө хэрэгт нэг зуу гаран мянган төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байна. Мөн би гэрт нь нэг зуу гаран мянган төгрөгөөр юм авч очиж уучлал гуйсан. Мөн дагуулж яваад “Синдрелла” гэх гоо сайхны эмнэлэгт уруулыг нь үзүүлсэн. тэгэхэд эмч нь уруул чинь зүгээр байна гэж хэлсэн. Тэгсэн тэгвэл хамараа янзлуулъя гэхээр нь би тэгвэл хамрыг чинь Монголын хамгийн сайн эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн. Ингээд сэтгэл гаргаад байхад ээж болон аав нь утсаар яриад яалаа гэж ганц сая төгрөг авч байдаг юм бэ гээд дайрч давшлаад байгаа ...” гэх /хх-ийн 29-32х/,

Хохирогч Г.Энхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ .... 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр болсон хэрэг. Би хүнсний дэлгүүрт оройн цагаар цагийн ажил хийдэг байсан. Энэ залуу дэлгүүрт хоёр удаа орж ирсэн. Эхний удаа орж ирээд архи авсан. Дараа нь дахиж орж ирээд ширхэгийн тамхи зарахыг шаардсан. Ширхэгийн тамхи байхгүй гэхэд чи зарах ёстой. Чи надад үйлчлэх ёстой гэдэг байдлаар зандраад байхаар нь чамд үйлчлэхгүй чи өөр дэлгүүрээр үйлчлүүл гэж хэлсэн. Би тухайн үед лангуунаас гараад хөргөгчинд ундаа, ус, пиво, дүүргэж байсан. Тэгээд өмнөөс зандраад байхаар нь барьцалдаад авсан. Би гаргах гээд түлхсэн, түлхсээр байгаад кордор руу гаргах гэтэл гэнэт намайг мөргөөд өвдөглөсөн. Тухайн үед харуул ах Энхтүвшин ирж салгасан. Би буцаж ороод цагдаа дуудсан гэв.

Хохирогч Г.Энхжин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 04-ний орой эгчийнхээ дэлгүүр дээр худалдагч хийгээд сууж байхад 23 цагийн үед байхаа гаднаас 20 орчим насны залуу орж ирж “тамхи ширхэгээр авья гэхэд” нь би хариуд нь ширхэгийн тамхи зардаггүй гэсэн чинь ”Би авмаар байна гэж надаас дахин шаардсан” тэгэхээр би манайх зарахгүй би чамд үйлчлэхгүй гэсэн чинь нөгөө залуу “пиздаа минь чи надад үйлчлэх ёстой” гэхээр нь дахин би чамд үйлчлэхгүй гэж хэлэхэд намайг бариад авсан тэгэхээр нь би дэлгүүрээсээ түлхсээр байгаад нөгөө залууг гаргатал коридорт намайг мөргөж миний биед учирсан гэмтлийг үүсгэсэн...” гэх /хх-н 13-15х/, 

Гэрч Г.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 3 давхараас доошоо цэвэрлэгээ хийгээд бууж байхад Шим дэлгүүрийн кассчин Энхжин гэх залуу нэг танихгүй залуутай ноцолдоод цус нөжөө гоожуулчихсан байж байхаар нь дундуур нь орж салгаад нөгөө залуу цаашаа явсан тэгсэн удалгүй цагдаа нар ирээд Энхжин, нөгөө залуу хоёрыг аваад явсан...”, “...Энхжин эрүүл байсан нөгөө залуу нилээн согтуу байсан...”  гэх /хх-ийн 18-19х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8292 дугаартай дүгнэлт:

Г.Энхжингийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 23х/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/,

Шүүгдэгч Т.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Т.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Өоос хохирогч Г.Энхжинд хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээний зардал 186.600 төгрөгийг гаргуулж,

 хохирогч Г.Энхжин шүүгдэгч Т.Өоос цаашид эмчлүүлэхэд гарах зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ нь:

           1. Хэрээд овогтой Туулын Өнөболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Өыг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Өоос нийт 186.600 /зуун наян зургаан мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 хотхон 9-р байр, 54 тоотод оршин суух, Тугтан овгийн Ганболдын Энхжин /РД: ОЛ94031830/-д олгож, хохирогч Г.Энхжин шүүгдэгч Т.Өоос цаашид эмчлүүлэхэд гарсан зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД