| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/00931/И |
| Дугаар | 210/МА2025/01291 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01291
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04298 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, прокурор ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Эцэг ******* нь 1939 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Ховд аймгийн шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор 8 жил хорих ялаар шийтгүүлсэн. Улмаар БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор өршөөгдөж суллагдсан.
Мөн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор миний эцгийг хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан болно.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасны дагуу төрсөн охин *******, хүү ******* бидэнд 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү.
2. Гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хууль батлагдаад хэрэгжиж байх хугацаанд манайд ирж зөвлөгөө мэдээлэл авсан нь манайд бүртгэгдсэн байдаг.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хугацаа хэтрүүлсэн байгаа хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс үндэслэл бүхий тайлбар хэлж байгаа учир харгалзаж үзэх нь зүйтэй.
3. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын тайлбарын агуулга:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн 40,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрыг авах бүх иргэд шууд шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр эхлээд *******т баримт бичгээ бүрдүүлэн өгч шалгуулж, улмаар тус комиссоос нөхөх олговор авах иргэдийн нэрсийг нийтэд зарласнаас хойш 30 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргадгийг анхаарч үзээгүй.
Гэтэл тус комиссоос нэхэмжлэгч нарыг нөхөх олговрыг авах нэхэмжлэлийн баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байхыг шаардаж, ийнхүү бүрэн бүрдүүлж, нийтэд мэдээлсний дараа шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлнэ гэсний улмаас нэхэмжлэгч нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
******* нь нэхэмжлэгч нарт зөвлөж, туслахын оронд олох боломжгүй баримт болох таслан шийтгэсэн тогтоолыг авч ирэхийг шаардсаны улмаас нэхэмжлэгч нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгааг шүүх анхаарч үзсэнгүй.
Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь тэдний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, таслан шийтгэсэн тогтоол олдоогүй нь тэдний буруу биш, харин нэг талаас архивд байхгүй, нөгөө талаас *******ын буруутай үйлдлийн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэгч нарт зохих олговрыг олгох боломжтой
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
6. Гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохоо нэхэмжлэгч тал зөвшөөрдөг. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь баримтаар тогтоогдоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь эцэг ******* улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан үндэслэлээр 40,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх *******ийг хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа түүний гаргасан нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгөөгүйг ийнхүү залруулав.
2.1. Гуравдагч этгээд *******ын зүгээс нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байгааг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх хэрэгтэй гэж,
төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус тус тайлбар гаргасан.
3. Анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхийн санаачилгаар бүрдүүлэх ажиллагааг хийхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх ноцтой зөрчилд хамаарч байна.
3.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан.
Энэ хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах үүднээс *******т хандсантай холбоотой гэж тайлбарласныг гуравдагч этгээдийн зүгээс эсэргүүцээгүй.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг шүүх өөрийн санаачилгаар бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
Гэвч анхан шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах зорилгоор *******т хэзээ, ямар хэлбэрээр хандаж, ямар хариу авч байсан болохыг шалгаж тогтоогоогүй.
Ийнхүү нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь уг ажиллагааг гүйцэтгэсний дараа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх ёстой.
3.3. Түүнчлэн хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан баримт авагдаагүй байхад Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр 1,000,000 төгрөгийн нөхөх олговрыг ******* олгож шийдвэрлэсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг одоо нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ