Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1398

 

 

 

 

 

 

 

 

  2019        09         09                                   2019/ШЦТ/1398

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Э.Намуун, 

Хохирогч, шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

Хохирогч, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ц.Нямцоож нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.З, С.С нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07267 2026 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх нийгтийн багш мэргэжилтэй, Өнө мөнхийн түшиг ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Ньютавн хотхоны 43а-810 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, СШ92050903 регистрийн дугаартай, Боржигон овогт С.С,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 2 дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайт 32-331 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, УИ96103001 регистрийн дугаартай, Батуул овогт Э.З,

 

Үйлдсэн хэргийн талаар:

2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын ойролцоо Э.З, С.С нар нь согтуугаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Э.З, С.С нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч, шүүгдэгч С.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... Сувд-Эрдэнэ, Э.З бид 3 үлдсэн. Э.З, Сувд-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдсан. Сувд-Эрдэнэ бие засна гээд явсан. Тэгэхээр нь Э.Зг тайвшруулах гээд түлхэж суулгахыг оролдсон. Тэр үед Э.З нь миний баруун гарын эрхий хурууг хазсан. Би тавиулах санаатай түлэхээд тавихгүй болохоор нь эрхий хуруутайгаа татаад уруулнаас нь хазаад гарыг тавиулсан. Тэгсэн чинь миний зүүн гарын бугуй хэсгээс татаад хазсан. Тэгээд байж байхад тэнд байсан хэдэн банди нар ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед миний хазсан уруулаас цус гарсан. Тэрийг Э.З нь харчихаад миний салтаа хэсэг рүү 2 удаа хүчтэй өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 

Хохирогч, шүүгдэгч Э.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... манай ангийн эгч Сувд-Эрдэнийн төрсөн дүүгийнх нь эхнэр С.С гэх эмэгтэй ирсэн. Тэгээд бид хэд хоолонд орьё гээд Цэ паб руу орсон. Тэндээ 0.75 литрийн архийг 7 хүн хувааж уусан. Бас 3 литрийн пиво хувааж уусан. Тэгээд тэндээсээ 19 цагийн үед гараад 100 айлын зүүн талын гүүрний доор байрлах Сэлбэ голын саадан дээр 20 цагийн үед очсон. Тэнд очихдоо 2.5 литрийн 2 ширхэг пиво авч очсон. Тухайн үед тэнд Халиун, Сувд-Эрдэнэ, С.С, Гэрлээ, Мөнхдөлгөөн нар байсан. Авсан зүйлээ хувааж ууж байгаад 21 цагийн үед зарим хүмүүс нь явж эхэлсэн. Хэрэг болох үед Сувд-Эрдэнэ, С.С бид 3 байсан. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд би Гэрлээг таксинд суулгаж өгсөн. Эргээд очиход Сувд-Эрдэнэ бие засчихаад ирье гэж хэлээд явсан. Тэгэхээр нь Сувд-Эрдэнэ эгчийг Сувдаа эгчээ гээд дуудсан чинь С.С намайг чи миний эгчийг юу гээд байгаа юм бэ гээд шууд миний үснээс зулгаагаад уруулаас хазсан. Тэгээд би салах гээд түлхсэн чинь салахгүй байсан. Хажуу сааданд байсан 2 залуу ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

 

Гэрч Б.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... зүв зүгээр инээлдээд байж байгаад би 00 орчихоод 3-5 минут болоод ирэхэд баахан хүүхдүүд ирсэн С.С Э.З хоёрыг салгачихсан, Э.З  С.С миний уруулыг хазчихлаа гэсэн. С.Сыг чи яаж байгаа юм гэхэд тэр би харимаар байна, миний гэдэс өвдөөд байна гэж хэлсэн. ... тухайн үед С.С надад Э.З намайг ингэчихлээ гэж хэлээгүй, зүгээр харимаар байна гэж байсан. Тухайн үед тас харанхуй болчихсон байсан. Биед нь ямар гэмтэл учирсан харагдахгүй байсан. Маргааш өглөө нь С.С над руу залгаад өмд дээр гарсан гутлын мөрийг надруу явуулсан тэрийг харахад Э.Згийн гутлын мөр байсан. Би яасныг бол сайн мэдэхгүй байна би хараагүй юм чинь. Бүгдээрээ нилээн ууцгаасан байсан. Э.Зг зүв зүгээр байсан гэж болохгүй байна. Бас Золжаргал миний утас алга болчихлоо гэж хэлээд байсан гэтэл Золжаргалтай тухайн үед өөрийнхөө утсаар цагдаа дуудсан юм. Тэгэхээр утас авчихсан гэсэн нь худлаа гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10917 дугаартай:

Амгалан амаржих газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эмэгтэйчүүдийн үзлэгт: Анамнез: 5 хоногийн өмнө 72 цагийн эм уусан. ССТ-08/03. Толинд умайн хүзүү том сувгаас цус гарна.

С.Сын биед баруун гуя, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.С нь зулбасан байна. Дээрх зулбалт нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10876 дугаартай:

Э.Згийн биед уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын хазагдсан шарх,      зүүн    дээд    зовхи, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.З болон С.С нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4, 14-15/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Э.З, С.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-39/, С.Сийн хувийн байдлын талаарх ажлын тодорхойлолт, суралцаж байсан сургуулийн тодорхойлолт, дипломын хуулбар /хх-ийн 56-60/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.З, С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.З, С.С нар нь 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын  ойролцоо согтуугаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.З, С.С нарыг харилцан хэн хэнийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 09 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч нар нь ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт С.С, Батуул овогт Э.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.С, Э.З нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.С, Э.З нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ