Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01292

 

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04789 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******-д холбогдох,

49,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******-иар ус халаах зориулалт бүхий давхар цамцат галч маркийн 350 квт-н автомат 2 ширхэг зуухыг 49,400,000 төгрөгөөр үйлдвэрлүүлэхээр гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн.

2020 оны 10 дугаар сард хариуцагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөлгүй ажил дууссан гээд хаяад явсан ба 350 квт-ын 2 ширхэг зуух нь гэрээнд заасан үзүүлэлтэд хүрэхгүйн улмаас манай объектыг халааж дийлэхгүй байсан.

Дүгнэлт гаргуулахаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Зуухны туршилт судалгааны төвд хандахад "уг 2 ширхэг зуух нь дулааны нэрлэсэн хүчин чадлаа гаргаж чадахгүй байна" гэж дүгнэсэн байдаг.

Иймд гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар мэдсээр байж нууж хохиролд оруулсан тул гэрээний төлбөрт төлсөн 49,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээний дагуу "Галч маркийн 350 квт-ын 2 ширхэг зуухыг үйлдвэрлэн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн ба зуухны ажиллагааг хоёр талаас шалгаж танилцан гарын үсэг зурсан байдаг.

Гэрчүүдийн мэдүүлгээр хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу зуухыг ашиглахтай холбоотой үйлдлийн улмаас зуух нэрлэсэн үзүүлэлтдээ хүрэхгүй байгаа гэх баримт авагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч *******-иас 49,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 404,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардал 4,000,000 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулан *******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч нэхэмжлэгчийн дуудлагаар засвар үйлчилгээ хийхээр очихдоо өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийсэн. Маргаан бүхий зуух эвдрэл гэмтэл гарсан талаарх шалтгаан нөхцөлийг хариуцагч талын ажилтан нар бүрэн тогтоож, бичлэг хийж засварлаж нэхэмжлэгч талд хүлээлгэн өгдөг.

Биет байдлын доголдолтой зуух өгөөгүй, гэмтэл гарсан шалтгаан нь ашиглалтын горим, хөргөлтийн шингэний чанар байдал, цахилгаан тасрахад нэмэлт цахилгаан үүсгүүр байхгүй байдал зэргээс шалтгаалсан нь гэрчийн мэдүүлэг, чат харилцаа, ******-ийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч зуухыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор биет байдлын доголдол буюу 350 квт хүчин чадал гаргахгүй байгааг хариуцагч талд мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх 1 жилийн хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд ирүүлсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 2 зуух нь биет байдлын доголдолтой, обьектыг зохих ёсоор халааж дийлэхгүй болох нь тогтоогдсон. ****** нь зуухыг нэрлэсэн хүчин чадалдаа хүрсэн гэж дүгнэсэн боловч энэ талаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан хүлээн авсан зуухны биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзаж 49,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь биет байдлын доголдолтой зуух нийлүүлээгүй учир гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

2.1. Анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэгч нийлүүлсэн бүтээгдэхүүний биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзсан эсэхийг анхаараагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь 30 хоногийн дотор "Галч" маркийн 350 киловаттын хүчин чадал бүхий 2 ширхэг зуухыг үйлдвэрлэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 49,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зуухыг гэрээнд заасан хугацаанд хүлээлцсэн баримт үйлдэгдээгүй боловч нэхэмжлэгч нь гэрээний 3.4-т зааснаар зуух хүлээн авснаа зөвшөөрч төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүхэлд нь төлж, улмаар ашигласан тул уг өдрөөр зуух хүлээлцсэн хугацааг тодорхойлно.

 

3.1. Нэхэмжлэгч зуухыг хүлээн авснаас хойш зууханд доголдол гарсан, эвдрэл үүссэн тул хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 19, 22, 02 дугаар сарын 22, 04 дүгээр сарын 12, 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд ишнекийн цоорол, үнс гаргагчид гарсан эвдрэлийг засварлаж, хөргөлт сайжруулах гагнуур хийж, зуухны голыг сольсон байна.

Мөн нэхэмжлэгч нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Зуухны туршилт судалгааны төвд хандахад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр маргааны зүйл болж буй 2 зуух нь нэрлэсэн хүчин чадалдаа хүрэхгүй гэж дүгнэлт өгчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч *******-ийн 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дээрх зуух нь техникийн тодорхойлолтод заасан нэрлэсэн хүчин чадлаа гаргаж байгаа гэх дүгнэлтийг гаргасан.

 

3.2. Шинжээч ******* нь дүгнэлт гаргах зорилгоор 2025 оны 03 дугаар сард 2 зуухыг нэхэмжлэгч талаас хүлээн авч хариуцагч талыг авчирч зохих цэвэрлэгээ, үйлчилгээ хийлгэсний үндсэн дээр туршилт хийсэн болохоо дүгнэлтдээ тодорхой тусгасан. Улмаар туршилтын дараа зуух хариуцагч талд үлджээ.

 

3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, зуухны биет байдлын доголдолтой холбоотой асуудал нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

4.1. Нэхэмжлэгч зуухыг хүлээн авснаас хойш эвдрэл, гэмтэл үүсч биет байдлын доголдол үүссэн үйл баримт тогтоогдсон байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан.

Үүнээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзалгүйгээр ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах шаардлагыг сонгон гаргаж зохих засвар, үйлчилгээг хийлгэжээ.

 

4.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 25-ны зууханд засвар, үйлчилгээ хийж доголдлыг арилгасан.

Харин үүнээс хойш нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сард Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Зуухны туршилт судалгааны төвд хандаж дүгнэлт гаргуулах хүртэлх 1 жил 4 сарын хугацаанд зуухны биет байдлын доголдлыг арилгуулах, доголдол арилгасан зардлыг нөхөн төлүүлэх, доголдолтой холбоотой гэрээнээс татгалзах аливаа шаардлага гаргаагүй.

 

4.3. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах үүрэгтэй.

Харин нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зуухыг засварлуулж доголдлыг арилгуулсан атлаа 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд зуухны доголдлын талаар аливаа шаардлага гаргаагүй нь Иргэний хуулийн дээрх заалтаар тогтоосон гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэнд тооцогдоно.

Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс зуухны биет байдлын доголдлын талаар гомдол гаргаагүй нөхцөлд зуух нь 2022 оны 11 дүгээр сар хүртэл доголдолгүй, хэвийн ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

4.4. Мөн зуух одоогоор хариуцагч талд байгаа боловч хариуцагч нь шинжээч туршилт хийх явцад зуухыг хүлээн авч цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн тул хариуцагчийг нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналын дагуу зуухыг хүлээн авсан гэж дүгнэхгүй юм.

 

4.5. Иймд нэхэмжлэгч нь биет байдлын доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлж гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

Нэгэнт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгосон агуулгаар магадлалыг үйлдэнэ.

 

4.6. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардлыг нэхэмжлэгч хариуцах тул шүүхийн шийдвэрт шүүхийн зардал хуваарилах хэсэгт өөрчлөлт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, шинжээчийн зардлыг хуваарилах хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04789 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******-нд холбогдуулан гаргасан 49,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 404,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 4,000,000 төгрөг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 404,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ