| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/07640/И |
| Дугаар | 210/МА2025/01293 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01293
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/07353 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******* холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэрээ хүчинтэй үйлчилж байгаа, хүлээн авсан мөнгөн хөрөнгийн хэмжээний ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Зохигч нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, гэрээнд заасан 5,000,000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/01452 дугаар шийдвэр гарснаас хойш хариуцагч нь гэрээний дагуу ямар нэгэн ажил, үйлчилгээ гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт нийцжээ.
Хэдийгээр иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан байгаа боловч шийдвэр гарснаас нэхэмжлэгч шүүхэд хандах хүртэлх 1 жилийн хугацаанд эрх бүхий этгээдэд хандаж ямар арга хэмжээ авсан, энэ талаар ажиллуулагчид тайлагнаж байсан баримтгүй.
Нэхэмжлэгчээс итгэмжлэл авч байсан үйлдэл нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд тооцогдохгүй болно.
3.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Ингэхдээ хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг суутган тооцно.
Анхан шатны шүүхээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг хэмжээг тооцохдоо алдаатай дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3.3. Талуудын байгуулсан гэрээний 2.1-т зааснаар хариуцагч нь эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн дүгнэлт гаргаж, эрсдэлийг тооцож, үр дагаврыг тайлбарлах, хууль зүйн дүгнэлтийг үндэслэж сонголт гаргаж өгөх, үйлчлүүлэгчийг төлөөлж хэргийн оролцогчтой уулзалт хийх, талуудыг эвлэрлийн журмыг сонгоход туслах, эвлэрэлд хүрч чадаагүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд хориг арга хэмжээ авхуулах, шүүгчээс татгалзах хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэр гаргуулах, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргуулах зэрэг ажил, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээжээ.
Энэ хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээгээр хариуцагчийн авах хөлсийг тодорхойлох бөгөөд ажлын хөлсийг гэрээ хэрэгжиж байсан хугацаанд хамаарах хоног, цагаар тооцохгүй.
3.4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******т гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ хариуцагч нь *******-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/28579 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.
Энэхүү нэхэмжлэл гаргасан, захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс тэмдэгтийн хураамж буцаан авах хүсэлт гаргасныг гэрээнд заасан ажил, үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж тооцохгүй. Учир нь хариуцагч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн этгээдийн хувьд шүүхэд анх хандахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангах ёстой байсан.
3.5. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид заасан зөрчлийг арилгаж дахин нэхэмжлэл гаргасан ч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/05036 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Улмаар хариуцагч нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******, эцсийн өмчлөгч ****** нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/01452 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчийг гэрээний хүрээнд дээрх ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн гэж тооцно. Үүнийг гэрээний 2.1-т заасан гүйцэтгэвэл зохих ажлын хэмжээтэй харьцуулахад анхан шатны шүүхийн тооцоолсон 500,004 төгрөг болж байна.
3.6. Хариуцагч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлийн мэргэжлийн этгээд тул гэрээний хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хөлсний тооцооллыг гаргаж өгөх ёстой боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг үүргээ биелүүлээгүй.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчаас 4,499,956 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/07353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ