Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1391

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

   2019        09         06                                   2019/ШЦТ/1391    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Э.Б,

Шүүгдэгч Г.М,

Шүүгдэгч Н.Н, тэдний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Г.М, Н.Н нарт холбогдох эрүүгийн 1904 00069 0054 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.М,

Э.Б,

Н.Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар 2019 оны 04 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын засмал замын цаана байрлуулан тавьсан байсан хохирогч Х.Гансүхийн өмчлөлийн 07-40 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота-Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн дотор талд нь байсан хөгжимний дэлгэц, "Lacoste" брэндийн 175 мл савлагаа бүхий эрэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэг, кодоор буддаг зураг, авто машины обудгүй 195/65/15 хэмжээс бүхий 4 улирлын дугуй 1 ширхэг, "Power ВСАА" гэсэн бичиглэл бүхий хар өнгийн хуванцар савтай бялдаржуулах амин дэм 1 ширхэг, шар эрээн өнгийн даавуутай 1 хүний хөвөнтэй хөнжил зэргийг авч 579.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 73 дугаар байрны гадна байрлуулан тавьсан иргэн Б.Батбаярын эзэмшлийн 58-03 УНЦ улсын дугаартай "Тоёото приус-20" маркийн тээврийн хэрэгслээс 500.000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий яндан мэдрэгч 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий хуванцар калпак 1 ширхэг зэргийг авч нийт 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эм Си Эс" ХХК-ийн хашааны зогсоол дээр байсан иргэн О.Шинэбаярын эзэмшлийн 59-12 УБЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины гурвалжин шилийг хагалж, дунд талын хянах дэлгэцийг хулгайлан авч 527.600 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Харуул Алтай" хотхоны 102, 104 дүгээр байрны замын урд талын зогсоол дээр зогсож байсан В.Батгэрэлийн эзэмшлийн 97-76 УБУ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины урд дэлгэц, панел сеткийг хулгайлан авч бусдад 345.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 81 дүгээр байрны гадна байсан иргэн Ч.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 69-04 ӨВР улсын дугаартай Тоёота приус загварын автомашины дэлгэц, паарны сетка зэргийг хулгайлан авч 345.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. шүүгдэгч Н.Н, Э.Г.М нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эм Си Эс" ХХК-ийн хашааны зогсоол дээр байсан иргэн З.Нямдаваагийн эзэмшлийн 40-85 УБП улсын дугаартай "Приус -20" маркийн автомашины гурвалжин шилийг хагалж дунд талын хянах дэлгэцийг нууцаар, хууль бусаар хулгайлж 345.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Баганат Өргөө" хотхоны урд талын автомашины ил зогсоол дээр зогсож байсан иргэн Д.Соёлмаагийн эзэмшлийн 01-53 УНО улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины урд талын хяналтын самбарын дэлгэц, урд буферын сетка, манангийн гэрэл зэрэг эд зүйлийг хулгайлан авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

8. Шүүгдэгч Э.Б нь ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эм Си Эс" ХХК-ийн хашааны зогсоол дээр байсан иргэн Б.Цогтгэрэлийн эзэмшлийн 74-55 УБЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины янданг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                         /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Э.Б, Г.М, Н.Н нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1. Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 02-ны шөнийн 22 цаг 20 минутанд өөрийн ажилладаг хэсгийн дарга, ахмад Л.Ганпүрэвт өөрийн эзэмшлийн 58-03 УНЦ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах цагдан хорих байрны гаднаас өгөөд явуулсан... 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минутын үед дарга Л.Ганпүрэв цагдан хорих байрны жижүүрийн 89086352 дугаарын утас руу залгаж надтай яриад машин чинь сонин дуугараад байна аа гэхээр нь би хаана байгааг нь асуухад 73 дугаар байрны гадна байна гэж хариулахаар нь би наана чинь яваад очъё гээд уг газарт явж очиход миний машин асаалттай байсан. Дуу нь хүнгэнэж дуугараад байсан. Тэгэхээр нь машинаа унтраалгаад яндан орчим нь гэмтэл гарсан байх гэж бодоод машин доогуур нь шагайж хартал миний машины яндангийн мэдрэгч, нүүрсэн /зөөлөн/ яндан, баруун урд талын дугуйны калпак 1 ширхэг тус тус алдагдсан байсан ба машинаа уг газраас хөдөлгөөд цагдан хорих байрны гадна аваачиж орхисон... над руу 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр залгаад машины эд зүйлсийг чинь олсон гэж хэлсэн. Тэгээд удалгүй миний машинаас алдагдсан эд зүйлсийг надад хүлээлгэн өгч угсарч өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10, 11 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /1-р хх-ийн 2-8 тал/,

-эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 36-38 тал/

 

“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаартай:

Т.приүс-20 маркийн автомашины зөөлөн яндан 500.000 төгрөг, яндан мэдрэгч 50.000 төгрөг, 1 ширхэг калпак 15.000 төгрөгний үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 29 тал/,

 

2. Хохирогч Д.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 07-40 УНН улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо 3 дугаар байрны урд талд байрлах блокон хашааны хажууд хойноос урагш чиглэлтэй байрлуулан тавиад өдөр 12 цаг 30 минутын үед гэрээсээ гарч ирээд машинаа хартал миний машины баруун буюу жолооч талын хэсгийн жижиг гурвалжин цонхыг хагалсан байдалтай байсан... эд зүйлсээ бүртгэж үзтэл хөгжим салоны дэлгэц, урд талын хэсгийн хоёр суудлын голд байрлах хайрцаг дотор байсан үнэртэй ус, бялдаржуулахын амин дэм, арын хэсэгт байсан ууттай хөнжил зэрэг эд зүйлс тус тус алдагдсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113 тал/,

Дээрх алдагдсан зүйлийг цагдаагийн байгууллагаас биет байдлаар нөхөн төлсөн тул гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-13 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 89-96 тал/,

-эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 106-109 тал/,

 

“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаартай:

Т.приүс-20 маркийн автомашины хөгжимтэй салоны дэлгэц 200.000 төгрөг, дугуй 30.000 төгрөг, баруун урд гурвалжин шил 60.000 төгрөг, 175 мл үнэртэй ус 161.000 төгрөг, кодоор буддаг зураг  30.000 төгрөг, бялдаржуулах амин дэм 68.000 төгрөг, хөнжил 30.000 төгрөгний үнэлгээтэй гэх тайлан /1-р хх-ийн 123 тал/,

 

3. Хохирогч З.Нямдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 сарын 10-ны өдөр өглөө 07 цаг 30 минутанд ажил дээрээ өөрийн эзэмшлийн 40-85 УБП улсын дугаартай Приус-20 авто машинтайгаа ирээд байгууллагынхаа гадна зогсоол дээр машинаа байрлуулж тавиад ажилдаа яваад 15 цаг 40 минутын үед буцаад машин дээрээ ирээд суусан чинь машины дэлгэц байхгүй, зүүн талын урд гурвалжин цонх нь хагарсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-183 тал/,

 

-зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 175-177 тал/,

-эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 178-180 тал/,

 

“Хас үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний компанийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай:

Т.приүс-20 маркийн автомашины дэлгэц 280.000 төгрөг, зүүн урд гурвалжин шил 35.000 төгрөг, засвар 30.000 төгрөгний үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 197 тал/,

 

4. Хохирогч Д.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 04 сарын 10-ны орой 09.20 орчим өөрийн 0153 УНО дугаартай Приус-20 машинаа Баганат Өргөө хотхоны урд шороон зогсоол дээр байрлуулаад өнөөдөр өглөө 09.00 цагийн орчим гарч ирээд хартал жолоочийн талын гурвалжин шилийг хагалаад компьютер дэлгэцийг нь, урд манангийн гэрэл, сээтэг зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1, 2 тал/,

Би өөрт учирсан хохирол болох 320.000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 15 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 239-243/,

-эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 246-249 тал/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн БЗЗ-19-058 дугаартай:

Т.приүс-20 маркийн автомашины салоны дэлгэц 150.000 төгрөг, манангийн гэрэл 60.000 төгрөг, гуперны сээтэг 45.000 төгрөг, гурвалжин шил 60.000 төгрөгний үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 30 тал/,

 

5. Хохирогч В.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой 102, 104 дүгээр байны ойр хавьд автомашины зогсоол байхгүй байхаар нь замын урд талд нь буюу замын яг хажуу талд нь өөрийн эзэмшлийн буюу 97-76 УБУ улсын дугаартай автомашиныг 20 цаг 40 минутын үед тавиад гэртээ орж амраад 2019 оны 04 сарын 11-ний өглөө 07 цаг 40 минутын үед гарч ирсэн чинь автомашины цонх хагалаад дотор талаас нь урд талын дэлгэц хулгайлсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62 тал/,

Өөрийн нэхэмжилсэн 430.000 төгрөгийг Багануур дүүргийн цагдаагийн мөрдөгчөөс авлаа. Гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 16-18 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 56-59 тал/,

 

“Хас үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай:

Т.приүс-20 автомашины зүүн урд хаалганы гурвалжин шил 35.000 төгрөг, салоны дэлгэц 280.000 төгрөг, паарны сээтэг 30.000 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 71 тал/,

 

6. Хохирогч Ч.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед би Баянзүрх дүүрэг 8-р хороо 81-р байрны гадна талд өөрийн Приус-20 маркийн 69-04 ӨВР улсын дугаар бүхий машиныг зогсоол дээр тавьж орхиод хоноод 11-ний өдрийн өглөө 07 цагийн үед машинаа авах гэтэл зүүн урд талын жижиг цонхыг хагалаад дотор дэлгэцийг салгаад аваад явчихсан байсан учир Цагдаагийн байгууллагад хандах болсон гэх /2-р хх-ийн 110-111 тал/,

Алдсан дэлгэцээ 2019 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэсээс хүлээн авсан. Мөн хохиролын мөнгө болох 120.000 төгрөгийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэсээс авлаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, тайлбар /3-р хх-ийн 19-21 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 104-108 тал/,

-эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 136-138 тал/,

 

“Хас үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай:

Т.приүс-20 автомашины зүүн урд хаалганы гурвалжин шил 35.000 төгрөг, салоны дэлгэц 280.000 төгрөг, паарны сээтэг 30.000 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 122 тал/,

 

7. Хохирогч О.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Би "Эм Си Эс Кока кола" ХХК-д ажилладаг. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20:40 цагийн орчим өөрийн ажил дээрээ ирээд өөрийн эзэмшлийнхээ 59-12 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг ажлынхаа зогсоол дээр тавиад ажилдаа орсон... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажлаасаа буугаад машин дээрээ иртэл миний автомашины урд талын салон нь тэр чигтээ байхгүй болчихсон байсан... Автомашины урд хайрцаг дотор байсан автомашины гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолооны үнэмлэх, даатгал, мөн автомашины арын багажанд байсан 40.000 төгрөгийн үнэтэй бащ багаж, дугуйн дорцов багажнууд зэрэг зүйлсийг алдсан байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 185 тал/,

Надад цагдаагаас голын хянах дэлгэц өгөх гэсэн боловч би аваагүй юм. Учир нь МСS-ийн хамгаалалтын алба хариуцлага алдсан гээд миний хохиролыг бүрэн төлж өгсөн. Тийм болохоор би дахин дэлгэц авах шаардлагагүй байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 22-23 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 168-173 тал/,

-эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2-р хх-ийн 180-183 тал/,

 

“Ухаа шүрт консолтинг” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №19/06 дугаартай:

Т.приүс-20 маркийн автомашины урд салон руль дээд 20.000 төгрөг, урд салон руль доод 20.000 төгрөг, урд хайрцаг дээд 20.000 төгрөг, салоны дэлгэц 250.000 төгрөг, хаалганы гурвалжин шил 40.000 төгрөг, хуванцар 20.000 төгрөг, хайрцаг 20.000 төгрөг, машины дугуй хийлэгчтэй ком 40.000 төгрөг, МР-3 тоглуулагч 20.000 төгрөг, багаж түлхүүрүүд 40.000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 25.100 төгрөг, жолооны үнэмлэх 12.500 төгрөгний үнэлгээтэй гэх хохиролын үнэлгээний тайлан /2-р хх-ийн 207 тал/,

 

8. Хохирогч Б.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

74-55 УБП улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг боловч миний гэр бүлийн хүн Сайнчимэг унадаг. Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл алга. Асуудлын талаар Сайнчимэгээс сонссон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 187 тал/,

МСS ХХК-ийн хамгаалалтын алба хариуцлага алдсан гээд миний машинд учирсан хохиролыг нөхөн төлж өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24 тал/,

 

Гэрч Т.Сайнчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 03-ы өдөр би ажил дээрээ хонож ажиллаад 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11:00 цагийн орчим ажлаа тарах гээд гараад байгууллагын автозогсоол дээр байрлуулан тавьсан байсан гэр бүлийн хүн Цогтгэрэлийн 74-55 УБП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машиныг асаатал их дуу чимээ гарсан. Тэгээд хартал миний автомашины доод талын яндаг хулгайлан аваад явчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Алдсан яндан маань 350.000 төгрөгийн үнэтэй байдаг гэж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 188 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай байгууллагын харуул хамгаалалтыг нь хариуцдаг Эм Си Эс кока кола ХХК-ийн автомашины зогсоол дээрээс 2 ширхэг Приус 20 маркийн автомашины нэгнийх нь урд талын гурвалжин шилийг хагалж хянах дэлгэцийг хулгайлсан, нөгөө машиных нь яндаг нь хулгайлсан гэх хэрэг гарсан бөгөөд түүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөн нэг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж голын хянах дэлгэцийг авсан гэх хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас уг этгээдүүдийг олж тогтоосон байсан. Тус хэрэгт хохирогч нар манай байгууллагаас нийт 1.100.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 340.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн алдагдсан гэх хянах дэлгэц биет байдлаар төлөгдсөн тул үлдсэн 780.000 төгрөгийг манай байгууллагаас хохирогч нарт нөхөн төлсөн. Манай байгууллага хэрэг үйлдсэн хүмүүсээс 780.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас үүний дагуу манай байгууллагад дээрх 780.000 төгрөгийг өгч хохирол нөхөн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26-27 тал/,

 

“Ухаа шүрт консолтинг” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №19/07 дугаартай:

Т.приүс-20 маркийн автомашины яндан 320.000 төгрөг, яндангийн жийрэг 10.000 төгрөг, ажлын хөлс 30.000 төгрөгний үнэлгээтэй гэх хохиролын үнэлгээний тайлан /2-р хх-ийн 202-204 тал/,

 

Шүүгдэгч Г.Мгийн шүүх хуралдаанд өгсөн:

Эхлээд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд очиж Э.Бын машиныг засчихаад замын унаанд сууж яваад Багануурт ирсэн. Тэгээд бие засах гээд явж байгаад саарал приүсээс гурвалжин шилийг хагалаад дэлгэц, дугуй гээд зүйлийг нь авсан. Цаашаа яваад улаан машинаас янданг нь авсан. Дараа нь Харуул-Алтай хотхоны урд байсан машинаас дэлгэц, хойшоо өгсөөд гүний худгийн тэндээс бас дэлгэц, Баганат-Өргөө хороолол дотроос бас нэг дэлгэц, МСS-ийн хашаанд байсан машинуудаас дэлгэц авсан. Хулгайн хэрэг үйлдэснээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Бын шүүх хуралдаанд өгсөн:

Цэнхэрмандалд явж байхад миний машин эвдэрээд би Г.М ахыг дуудсан. Г.М, Н.Н хоёр ирээд машинаа янзалчихаад Улаанбаатар хотруу явсан. Машинд дамжиж суугаад явах байсан болохоор эхний машинд сууж Багануурт ирсэн. Тэгээд хойд байрны урд байсан машины дэлгэц, цааш яваад улаан машины янданг авсан. Маргааш нь МСS-ийн хашаанд байсан машинуудаас дэлгэц авсан. Дараа нь Харуул-Алтай, Баганат-Өргөө гээд хотхоны гаднаас тус бүр 1 гээд хулгай хийсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Нын шүүх хуралдаанд өгсөн:

Г.М бид 2 хамт явж Э.Бын машиныг Цэнхэрмандалд очиж янзалаад буцаад бид 3 хот руу явж байгаад Багануурт ирээд бие засах гэж явж байгаад эхлээд саарал машины жижиг цонхыг Г.М чулуугаар хаглаад дотороос нь дэлгэц, дугуй, хөнжил, уураг, үнэртэй ус авсан. Цааш явж байгаад нэг машины янданг авсан. Наашаа хотод ирээд МСS-ийн хашаанд орж дэлгэц авсан. Дараа нь Харуул-Алтай хотхон, Баганат-Өргөө, хажуугийн 81-р байрны гаднаас дэлгэц авсан. Хийсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоолууд, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай /шүүгдэгч тус бүрээс 490.000 төгрөг хүлээн авсан/ тэмдэглэл /3-р хх-ийн 9-11 тал/,

Г.М, Э.Б, Н.Н нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /1-р хх-ийн 40-45, 153-161, 211-219 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Багануур болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн автомашины эд ангийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохиролоо төлсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн приүс-20 маркийн автомашины хянах дэлгэцийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулхаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг зургаан зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Э.Б, Н.Н нарыг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн приүс-20 маркийн автомашины хянах дэлгэц 1 ширхэгийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М, Э.Б, Н.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ