Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4835

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХГ82051304 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 21 гудамж 364 тоотод оршин суух Боржигон овогт Даваадоржийн Энхбаттөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн НА83012073 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 9-12 тоотод оршин суух Боржигон овогт Ганболдын Буянтөгсөд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн овог солиулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Энхбаттөгс, хариуцагч Г.Буянтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхбаттөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 онд нөхөр Н.Буянтөгстэй танилцаж, улмаар 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт 376 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Тэмүүлэн төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас болж хамтран амьдрах боломжгүй болсон тул 2005 оноос салж охин Б.Тэмүүлэн миний асрамжид өсөж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн миний бие 2008 оноос хойш 8 жил Б.Ганболдтой хамтран амьдарч байгаа бөгөөд 2009 онд хүү Г.Сүхбат төрснөөр одоо ам бүл 4-үүлээ амьдарч байна. Иймд охин Б.Тэмүүлэнг одоо ханилж байгаа нөхөр болох Б.Ганболдоор овоглох хүсэлтэй байгаа тул  овогийг сольж өгнө үү, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болно гэв.

 

Хариуцагч Г.Буянтөгс шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Энхбаттөгсийн нэхэмжлэлтэй танилцаж хариу тайлбар гаргаж байна. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн асрамжид татгалзах зүйлгүй, охин Тэмүүлэнгийн овгийг солиход татгалзах зүйлгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхбаттөгс нь хариуцагч Г.Буянтөгсөд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн овог солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Энхбаттөгс хариуцагч Г.Буянтөгс нар нь 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 376 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2003 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Тэмүүлэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Б.Тэмүүлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

     Гэрлэгсэд 2005 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар охин Б.Тэмүүлэнгийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх Д.Энхбаттөгсийн асрамжид, үлдээхийг харилцан хүлээн зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан зохицуулалттай нийцэж байх тул 2003 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Тэмүүлэнг эх Д.Энхбаттөгсийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу охин Б.Тэмүүлэнг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Г.Буянтөгсийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Д.Энхбаттөгс саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг өргөдөл гаргагчийн оршин суугаа, эсхүл оршин байгаа болон төрснийг бүртгэсэн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан Засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэнэ” гэж, мөн зүйлийн 18.9-д “Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 18.4-т заасан баримт бичгийг хүлээн авч иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг 30 хоногийн дотор бүртгэн, иргэний баримт бичгийг шинэчилж, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээг олгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн овог солиулах нэхэмжлэлээ харьяалах улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн охин Б.Тэмүүлэнгийн  овгийг солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэсэллтэй.

Зохигч эд хөрөнгийн маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                    ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Даваадоржийн Энхбаттөгс, Боржигон овогт Ганболдын Буянтөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Тэмүүлэнг эх Д.Энхбаттөгсийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн охин Б.Тэмүүлэнгийн овог солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхбаттөгсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Буянтөгсөөс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Энхбаттөгсөд олгосугай.

5. Зохигч эд хөрөнгийн маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ